Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа #6

Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын Сэлэнгэ амралтын баазын дарга Д.ЭРДЭНЭБАТ

Уулын үйлдвэртэй хувь заяагаа холбоод 12 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд олон зүйл сурч, ажилдаа туршлага хуримтлуулсан. Хамт олонтойгоо үйлдвэрийнхээ ам бүлд ажиллах сайхан байна. Үйлдвэрийнхээ үе үеийн удирдлага, баялаг бүтээгч уурхайчид, Эрдэнэт хотынхоо ард иргэд та бүхэнд баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсье.

Маркетингийн хэлтсийн Олон нийттэй харилцах албаны нэвтрүүлэгч П.ЭНХТУЯА

Миний бие хэвлэл мэдээллийн салбарт 30 дахь жилдээ ажиллаж байна. Он цагийн хуудсыг нэхэн харахад энэ их айлын өндөр босгоор алхаж, Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчдийн амьдрал замнал, ололт амжилттай холбогдсоор 27 жилийг үджээ. Дурсамж дүүрэн, бүтээн байгуулалтын он жилүүдэд уурхайчин хамт олныхоо дунд мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, тэднийхээ ажил үйлсийг баяр бахдалтайгаар олон нийтэд хүргэсээр өнөөдөртэй золгож байна. Телевизийн урлагаар дамжуулан Эрдэнэтийн уурхайчдын хөдөлмөр бүтээлийг орон даяар хүргэхээр хичээн ажилласныг минь үнэлсэн хамт олондоо, баялаг бүтээгчиддээ баярлалаа. Эрдэнэт үйлдвэр миний амьдрал, миний бахархал.

Баяжуулах үйлдвэрийн ӨНХ-ийн ээлжийн мастер Д.ЭНХБОЛД

1981 оны 4 дүгээр сарын 13-нд энэ их айлын босгоор алхаж, Баяжуулах үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн. Тээрмийн машинист, плотатор, тээрмийн бригадын даргаар ажиллаж байгаад 1989 онд Өөрөө нунтаглах хэсэг рүү тээрмийн машинистаар шилжин ажилласнаас хойш ээлжийн мастер, ахлах мастер, хэсгийн даргын ажил үүрэг гүйцэтгэсэн. Энэ хэсэгтээ 30 дахь жилдээ ажиллаж байна. 6000 гаруй ажилтныхаа ар амьдралыг “нуруундаа үүрч”, уул уурхайн компаниудыг тэргүүлсэн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа минь зол завшаан юм. Ажил мэргэжлээрээ бахархсан Баяжуулах үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олондоо эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн Тэсрэх материал зөөх уулын ажилтан Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Би удам дамжсан уурхайчин залуусын нэг. Ургах нартай уралдан босож, улс эх орныхоо төлөө үр бүтээлтэй ажиллаж байгаадаа баяртай байна. Эрдэнэт үйлдвэр миний амьдрал, миний гэр бүл, миний хойч ирээдүйд маш том бүтээн байгуулалтыг бий болгосон. Үе үеийн уурхайчиддаа эрүүл энх, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 41 жилийн төрсөн өдрөө тэмдэглэж байгаа Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа.

И.Чинтогтох

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »