Б.Бямбасайхан: Сэргээгдэх эрчим хүчээрээ Азид тэргүүлэх боломжтой

Ньюком группын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан.
-Монгол улс салхины эрчим хүчээ экспортлох боломжтой гэж олонтоо хэлсэн нь бий. Удахгүй танай салхин цахилгаан станц ашиглалтад орно. Та бүхний мөрөөдөл биелэх нь ээ?
-Дэлхийн газрын зургаас харахаар Японтой хамгийн ойр сэргээгдэх эрчим хүчтэй газар нь 2013-05-27newcomМонгол болж таарч байгаа юм. Монголоос эрчим хүч авах талаар судалья, Азийн цахилгаан дамжуулах сүлжээ барья гэж ярьсан.

-Дамжуулах сүлжээ гэдгээ тодруулж тайлбарлаач?
-Өндөр хүчдэлийн том том шугамууд барина гэсэн үг. Экспортлоход илүү өндөр хүчин чадлын сүлжээ хэрэг болно.

-Япон манайхаас хол, далайгаар тусгаарлагдсан улс. Эрчим хүчээ яаж дамжуулна гэсэн үг вэ?
-Далай доогуур өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулдаг технологи бий. Арлын орнууд бусад аралдаа далай доогуур өндөр хүчдэлийн шугам барьж эрчим хүч түгээдэг. Өнөөдөр интернетийн сүлжээгээр Америктай шууд холбож болж байгаа. Гол дамжуулагч нь шилэн кабель. Үүнтэй яг адилхан цахилгаан кабель татаж болж байна. Технологи нь бэлэн учраас хэрэглэхэд ямар нэг асуудалгүй.

-Япон руу салхиа зарах талаар албан ёсны гэрээ хийгдсэн үү?
-“Ньюком” компани Японы Софтбанк гэдэг компанитай хамтарсан компани байгуулсан. Энэ компаний нэр нь “Clean energy Asia”. Эхлээд салхины нөөцийн нарийн судалгаануудыг хамтарч хийнэ. Дараа нь цахилгаан станцуудынхаа ажлыг эхлүүлье гэсэн зорилготой ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, тэр том зах зээлд бүтээгдэхүүнээ зарах бэлтгэл ажлаа хийж байна гэж ойлгож болно.

-Салхин станц олноор барина, тэгээд гадагшаа экспортолно гэхээр хүмүүсийн санаанд нэг л бууж өгөхгүй байх шиг. Бид бүс нутгаа сэргээгдэх эрчим хүчээрээ тэргүүлэгч байх үнэхээр боломжтой юу?
-Монгол хүн өнөөдөр яагаад мөрөөдөлтэй байж болохгүй гэж. Хүн мөрөөдөж байж л том юманд хүрдэг. Бид сэргээгдэх эрчим хүчээрээ Азийн зах зээл дээр тэргүүлэгч байх боломжтой. Учир нь Монголд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц бий.

-Салхиа экспортолдог  ямар улсууд байна?
-Европт сэргээгдэх эрчим хүчний зах зээл хөгжиж байна. Эрчим хүчний дамжуулах сүлжээ нь баригдчихсан. Дани, Норвеги, Испанид үйлдвэрлэсэн цахилгааныг Германд хэрэглэх боломжтой. Бараагаа үйлдвэрлээд зах дээр очиж зарж байгаатай адилхан л зүйл.

-Та сая салхины нөөцөө нарийвчилж тогтооно гэж ярилаа. Тойм нөөц нь гарсан гэсэн үг үү?
-Америкийн Үндэсний сэргээгдэх эрчим хүчний лабораторитай хамтарч салхины судалгаа хийсэн. Ерөнхий дүр зургийг нь гаргачихсан. Цаашдаа нарийвчилж судална. Ер нь салхин цахилгаан станцыг гурван жил нарийвчилсан судалгаа хийж байж барьдаг.
Дунджаар 50, 80 метрийн өндөрт хэмждэг станцууд тавиад хэмжилтээ хийж, салхины урсгалын дундаж хурдыг олно.
Хэмжилт хийсний дараа тусгай программ оруулж боловсруулалт хийгээд, эцэст нь хаана турбин тавибал ашигтай ажиллахыг тогтоох юм. Ингэж нарийн судалж байж хөрөнгө оруулах ажлаа эхэлдэг. Түүнээс сайн тооцоолохгүй буруу газар тавьчихвал хэцүү шүү дээ.

-Нөөцийн нарийвчилсан судалгаа хийсний дараа л тодорхой ажлууд хийгдэх нь ээ?
-Тэгнэ. Хаана, хэчнээн МВт-ын цахилгаан станц барьж болох талаар нөөц тодорхой болсны дараа ярина.

-Өмнө нь хэд хэдэн салхин цахилгаан станц бариад үр дүнтэй болоогүй. Танай компани Төв аймгийн Сэргэлэн суманд салхин цахилгаан станц барьж байгаа юм байна?
-Монголын салхины нөөцийн тойм судалгаа хийгдсэн гэж сая ярьсан даа. Судалгаа хийсэн хүмүүс Монголын салхины газрын зургийг гаргасан.
Энэ судалгаан дээр үндэслэж Төв аймагт эхнийхээ цахилгаан станцыг бариад дуусах гэж байна. Олон жил хэмжилт хийсэн. Техникийн хувьд боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн л дээ. Өмнө нь байгаагүй их том станц босно. Далавчных нь урт 40, багана нь 80 метр, цахилгаан хөдөлгүүрийн нь жин 70 тонн, суурийг нь цутгахад 900 тонн цемент орсон. Таны саяын ярьсан цахилгаан станцууд бол үүний хажууд маш жижигхэн. Өндөр нь гэхэд арав дахин бага. Ийм цахилгаан станцуудыг зарим суманд байрлуулсан. Хэмжилтээ зөв хийгээгүйгээс болж сайн ажиллаагүй байх.

-Сая гадны хоёр ч банктай санхүүжилтын гэрээ хийсэн. Станц барих мөнгөнийхөө хэчнээн хувийг зээлж байгаа вэ?
-Европын сэргээн босголт хөгжлийн банк, Голландын Засгийн газрын хувийн хэвшлийг дэмждэг банкаас станц барих мөнгөнийхөө 70 хувийг эзэлж буй. Олон улсад тийм жишиг байдаг. Санхүүжилтийн асуудал бүрэн шийдэгдчихлээ.

-Төв аймгийн Сэргэлэн сумыг төвийн бүс гэдэг утгаар нь сонгосон уу?
-Эхний шалтгаан нь тийм. Бас нэг сонин зүйл бий. Станц байгуулах тэр уулыг нутгийн ард түмэн Салхит гэж зүгээр ч нэг нэрлээгүй нь судлаачдын судалгаанаас харагдсан. Салхины газрын зураг дээр байгаа нөөц сайтай газруудын нэг.  Салхит бол төвийн эрчим хүчний сүлжээнд баригдаж байгаа анхны хувийн хөрөнгө оруулалттай станц. IY цахилгаан станц наяад онд баригдсан. Түүнээс хойш баригдаж байгаа анхны том цахилгаан станц гэж ойлгож болно.

-Хэр зардал гарахаар байна?
-Өнөөдөр бидэнд нэг бэрхшээл бий. Хятад  юм уу Америкт 50 МВт-ын яг ийм цахилгаан станц барих зардал нь 30-40 хувь бага гарна. Учир нь тэнд төмөр замтай.
Гэтэл өнөөдөр манайд салхин станц барих газар руу төмөр зам тавигдаагүй. Замын-Үүдээс тэр урт далавчийг машинаар тээвэрлэхээс өөр аргагүй. Дээр нь шороон замаар тээвэрлэнэ. Хугацаа, хөрөнгө их шаардаж таарна. Монголд салхин цахилгаан станц байгуулахад зардал их гарч байна. Гэхдээ салхины нөөц их учраас хөрөнгө оруулсан.

-АНУ, Хятадад баригдсан салхины паркуудаас ялгарах зүйл бий юу?
-Яг тэнд ажиллаж байгаа салхин паркууд шиг олон улсын жишгээр барьж байна.

-Ямар компанийн технологиор барьж байгаа вэ?
-Америкийн “Женерал электрик”-ийн технологиор барьж байна. Салхин сэнсний хамгийн чанартай турбиныг үйлдвэрлэдэг компани.

-Ер нь салхиа зарах хэр ашигтай бизнес вэ. Ашгаа хэдэн жилийн дараа өгөх бол?
-Ямар тарифаар цахилгаанаа борлуулах вэ гэдэгтэй шууд холбоотой. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд үнийн тодорхой зохицуулалтыг хийж өгсөн. Тэр хүрээнд дотоодын зах зээл дээрээ борлуулалтаа хийнэ. Ашиггүй байсан бол бизнесийн байгууллага энэ ажил руу орохгүй. Салхитын хувьд арван нэгэн жилийн дараа ашгаа өгч эхэлнэ. Анхны хөрөнгө оруулалт нь өндөр ч хүн, байгальд ээлтэй, алсдаа ашигтай бизнес.

-Нарны нөөцийг судалж үзсэн үү?
-Манай улсын хувьд олон жил судалсан. Бидний хувьд гэж яривал нарны нарийн судалгааг хийж эхлээгүй байна. Ерөнхий судалгааг харахаар бусад газартай харьцуулахад илүү илчлэгтэй. Цаашдаа судална гэсэн бодолтой байна. Энэ ажлыг нэг хүн, нэг компани биш монголчууд бүгдээрээ ойлгоод хийдэг болчихвол сэргээгдэх эрчим хүчээрээ бусад нутагт тэргүүлэгч болох тийм ч холын мөрөөдөл биш.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »