ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНЭЭС ТАТГАЛЗСАНААР Монголын Засгийн газар том алдаа хийв

Н.АЛТАНХУЯАГ:  ЗАСГИЙН ГАЗАР ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕХНОЛОГИЙГ ОГТ СОНИРХОХГҮЙ
Одоогоос хагас жилийн өмнө “Монгол Улс цөмийн эрчим хүчнээс татгалзсанаар дэлхийн хөгжлөөс зуун жилээр ухрав” хэмээх нийтлэл бичиж байсан санагдана. Учир нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяаг “Монголд ямар ч атомын цахилгаан станц байгуулахгүй. 2013-04-30atomЗасгийн газар цөмийн эрчим хүчний технологийг огт сонирхохгүй. Нэгэнт сонирхохгүй юм чинь хөрөнгө оруулалт хийх тухай ярих ч шаардлагагүй.
Нууцаар юу ч хийхгүй.” гэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн болоод тэр. Тэрбээр мөн Шинэчлэлийн Засгийн газрын цөмийн эрчим хүчний бодлогыг тодорхойлж, “Цөмийн хаягдлыг Монголд булшлахгүй, шар нунтгаас цааш нь боловсруулахгүй.” хэмээн сануулж байсан.
Энэхүү мэдэгдэл нь Монголын Улсын төрийн бодлого уу, эсвэл Засгийн газрын мэдэгдэл үү, гэдэгт хүн бүр гайхаж байсан. Харин энэ талаар Монголын Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд юу ч дуугараагүй. Ингэхээр Ерөнхий сайдын мэдэгдлийг дэмжиж байгаа юм байна гэж ойлгосон.
\Гэтэл 2000 оны 11 дүгээр сарын 14-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монголд айлчлах үеэр атомын эрчим хүчийг энхтайваны зорилгоор ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсан билээ.  Энэ хэлэлцээрт тухайлбал, “Монголд атомын цахилгаан станц барих, ашиглах, аюулгүй байдлын шалгуурыг сонгох, атомын цахилгаан станц барих талбайг сонгоход дэмжлэг үзүүлэх, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон материалыг бүрэн нийлүүлэх, атомын эрчим хүчний өндөр мэргэжилтэн бэлтгэхэд тусална” хэмээжээ. Гэвч Ерөнхий сайд мэдэгдэл хийснээс хойш энэ хэлэлцээрийн дагуу хийгдэж байсан ажил үндсэндээ “нуран унав”. Үүнд Шинжлэх ухааны академи, их дээд сургуулийн цөмийн физикийн хүрээлэн, судалгааны төвүүдэд ажиллаж байгаа эрдэмтэн мэргэжилтнүүд тун таагүй хандсаныг хэлэх хэрэгтэй.

ФҮКҮШИМАГИЙН ОСЛООР “ХАДНЫ МАНГАА” ХИЙХ НЬ УТГАГҮЙ
Саяхан МУИС-ын профессор Г.Хүүхэнхүү бичихдээ “Манайд цөмийн эрчим хүчийг ашиглах, цөмийн цахилгаан станцыг ашиглах нь үнэхээр тийм эрсдэл ихтэй, аймшигтай зүйл мөн үү гэдгийг харуулахын тулд янз бүрийн суртал ухуулга, сэтгэлийн хөөрөлд авталгүйгээр бодит баримтыг шинжлэх ухааны үндэстэй авч үзэх хэрэгтэй. 1954 онд анхны цөмийн цахилгаан станц ажиллаж эхэлснээс хойш 60 жилийн хугацаа өнгөрч, одоогийн байдлаар 32 оронд 435 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, дэлхийн нийт эрчим хүчний 14 хувийг үйлдвэрлэж байна. Үүнээс гадна усан хөлөг онгоц болон усан доогуур явдаг том хэмжээний завь зэрэг хөдөлгөөнт байгууламжуудад 180 реактор ажиллаж, тэдгээрийг эрчим хүчээр хангаж байна… Орчин үеийн цөмийн цахилгаан станцад нэг жилд гарах ослын магадлалыг саяны нэг болсон гэж үздэг. Энэ бол мянган станц, мянган жил ажиллахад нэг удаа осол гарч магадгүй гэсэн үг. Японы Фүкүшимагийн атомын цахилгаан станцад осол гарсан гол шалтгаан нь газар хүчтэй хөдлөлтөөс үүдэлтэйгээр далайд маш өндөр цунами үүссэнтэй холбоотой. Газар хөдлөлт тус цөмийн цахилгаан станцыг эвдрэлд хүргээгүй бөгөөд станц өөрөө автоматаар унтрах горимд орсон. Японд байнга газар хөдлөлт болж байдаг учир станцууд нь энэ үзэгдлээс сайтар хамгаалагдсан байдаг. Гагцхүү далайн уснаас хамгаалах далангийн өндөр 10 метрээс хэтрэхгүй байсан учир цунамын 14 метр орчим өндөр давалгаа түүнийг давж, станцын доод давхарт ус орж, цахилгаан хангамжийн системийн ажиллагаанд саатал үүсч, реакторын хөргөлтийн систем болон удирдлагад доголдол гарч осолд хүргэсэн. Орчин үеийн дэвшилтэд технологиор баригдсан станцид тийм үр дагавартай осол гарах үндэсгүйгээс гадна цунами үүсэх далай байхгүй манай орны хувьд Фүкүшимагийн ослоор “хадны мангаа” хийж олон нийтийг айлгах нь утга муутай хэрэг” гэжээ. Түүний хэлснээр цөмийн цахилгаан станцын түлш нэг кг цэвэр уран нь ойролцоогоор нэг сая кг нүүрстэй тэнцэхүйц эрчим хүч гаргадаг байна. Тухайлбал, манай IV дулааны цахилгаан станц жилд дунджаар 3.5 сая тонн нүүрс түлдэг гэвэл өдөрт тус бүр 50 тоннын даацтай 200 вагон нүүрс шаардагдах аж. Гэтэл энэ хэмжээний эрчим хүч үйлдвэрлэхэд жилд 3.5 сая тонн буюу ойролцоогоор ердөө арван кг цэвэр уран зарцуулагдах тооцоо гарчээ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд цөмийн эрчим хүчийг ашиглах гээд тэмүүлдгийн гол шалтгаан нь үүнд л байгаа юм.

ДЭЛХИЙН ДАХИН ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧ РҮҮ ХОШУУРСААР…
Өнөөдөр дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчнээс татгалзах биш харин ч улам өргөнөөр ашиглах чиглэл рүү явж байна. Тухайлбал, АНУ-д цөмийн эрчим хүчний реактор 13-ыг, ОХУ-д 14-ийг, Японд гуравыг, БНСУ-д тавыг барихаар төлөвлөжээ. Хөгжиж буй орнуудаас Вьетнам 2020 онд ашиглалтанд оруулах, тус бүр 2000 Мвт чадалтай хоёр цөмийн цахилгаан станцын нэгийг ОХУ, нөгөөг нь Японы тусламжтайгаар барихаар ажилдаа оржээ. Арабын нэгдсэн эмират улс 1400 Мвт-ын хүчин чадалтай дөрвөн реактор бүхий цөмийн цахилгаан станц барьж, 2020 онд ашиглалтанд оруулах тухай 20.4 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээг БНСУ-тай байгуулжээ. Хэвлэлд дурдсанаар Турк 1200 Мвт чадалтай цөмийн эрчим хүчний реактор барихаар ОХУ-тай гэрээ байгуулаад ажилдаа орсон байна. Касахстан ОХУ-ын тусламжаар, Пакистан БНХАУ-ын тусламжаар тус бүр 300 Мвт-ын буюу дунд чадлын цөмийн эрчим хүчний реактор барих ажилдаа хэдийнээ оржээ. Мөн Индонез, Бангладеш, Египит, Филиппин, Тайланд, Шри-Ланк, Венесуэл зэрэг олон орон цөмийн эрчим хүч ашиглахаар төлөвлөж байна. Гэтэл Монгол Улс цөмийн эрчим хүчийг ашиглах зорилгоосоо ухрав. Үүндээ Монголын төр, засаг дүгнэлт хийж, гаргасан шийдвэр, мэдэгдлээ харах хэрэгтэй. Хэрэв бид атом, цөмийн энергийг ашиглах шинжлэх ухааны ололтоос ухарвал дэлхийн хөгжлөөс хол хоцрох нь гарцаагүй. Юутай ч Монголын Засгийн газар цөмийн эрчим хүчийг ашиглахаас татгалзсанаар улс орны ирээдүйн хөгжлийн өмнө том алдаа хийв. “Монгол Улсад атомын эрчим хүчийг ашиглах үндэслэл” төслийг боловсруулсан эрдэмтдийн тооцоогоор дунд чадлын атомын цахилгаан станцын хүчин чадал нь 1200 Мвт, хөрөнгө оруулалт нь ойролцоогоор 1.8 тэрбум ам.доллар байхаар тооцоолжээ. Хэрэв ийм станц баривал Монгол Улсын төвийн эрчим хүчний систем экологийн хувьд цэвэр, эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбогдож улмаар ОХУ, БНХАУ-д эрчим хүч экспортлох боломж бүрдэх аж. Монгол Улс усны нөөцөөр бага орны тоонд ордог. 2015-2020 онд манай улсын цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахад 1200-1600 Мвт хүчин чадал шаардлагатай. Ийм хүчин чадлыг усан цахилгаан станцаас гарган авна гэвэл төлөвлөж буй Эгийн голын усан цахилгаан станц шиг 6-8 станц барих юм байна. Энд онцлоход, манай орны ураны баталгаат нөөц дэлхийн ураны баталгаат нөөцийн 2.8 хувийг эзэлдэг нь нүүрснийхээс даруй долоо дахин их гэсэн тооцоо гаргажээ.

Ш.Батцогт

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »