Уул уурхайн, хүнд үйлдвэрийн салбарынхан үйл ажиллагаагаа сурталчиллаа

Монгол Улсын Засгийн газраас цуврал “Нээлттэй өдөрлөг”-ийг энэ сарын 16-ны өдөр нийслэл хотод эхлүүлж, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдээ иргэдэд  танилцуулж байгаа билээ. Засгийн газрын харьяаны тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд, төрийн захиргааны бүх байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг” энэ сарын 27-ныг дуустал үргэлжилнэ.    “Нээлтэй өдөрлөг”-ийг зохион байгуулах хуваарийн дагуу өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны өдөрлөг нийслэлийн төв талбайд болж, геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын чиглэлээр мэдээлэл түгээн иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, хариулт өгч байна. Тус өдөрлөгт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюу толгой” ХХК, “Монголросцветмет” ТӨҮГ, “Эрдэнэс таван толгой” зэрэг Монгол Улсын уул уурхайн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулан, эдийн засгийн голлох үүргийг гүйцэтгэж буй 40 гаруй компанийн төлөөллүүд геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбар гэсэн 4 хэсэгт хуваагдан үйл ажиллагаагаа танилцууллаа.    Энэхүү өдөрлөгт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчин хамт олон оролцож, “НЭЭЛТТЭЙ ЭРДЭНЭТ” сэдвийн хүрээнд үйлдвэрлэлийн ололт амжилт, эдийн засгийн үзүүлэлтүүдээ олон нийтэд мэдээлэн, сурталчилж байна. Энэ үеэр тус үйлдвэрийн 23 хувийн агуулгатай зэсийн баяжмал, 48 хувийн молибдены баяжмал, Засвар механикийн заводад үйлдвэрлэж буй зэсэн бүтээгдэхүүний дээжээс иргэдэд танилцуулав. Өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Маркетингийн хэлтсийн дарга Б.Бямбадагва үйлдвэрийн үйлдвэрлэл, эдийн засгийн талаар цогц мэдээлэл хийж, тус үйлдвэрийн дэргэдэх Соёл урлагийн цогцолборын Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын хөөмийч МУСТА М.Саруултөгс, уртын дуучин МУСТА Д.Дагиймаа нар хурсан олонд ая дуугаа өргөн мэндчилэв.
   Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олон 2019 оны эхний 8 сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар биелүүлж, улс орон нутгийн төсөвт 688 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтын хүрээнд 2019 оныг “Хөрөнгө оруулалт”-ын жил болгон зарлаж, бүтээн байгуулалтын том төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэн ажиллаж байгаа юм.  Э.Мөнх-Уянга

Check Also

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ 2022 ОНЫ 7-Р САРД АШИГЛАЛТАД ОРНО

УИХ-ын дарга Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлын явцтай танилцлаа.Энэ чиглэлийн …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »