ЭКГ экскаватор угсрах онцгой даалгаварт 100 сая төгрөгийн урамшуулал өгнө

 Энэ өдрийн сурвалжлагаа Ил уурхайн засварын хэсгээс хүргэж байна. Энд ЭКГ-12К экскаваторыг угсрах ажил ид өрнөж, энэ сарын 23-ны өдөр эхэлсэн ч төлөвлөгөөний бүтээмж 2 өдрөөр түрүүлж байгааг угсралтынхан хэллээ. Эрч хүчтэй, туршлагатай мэргэжлийн баг энэ оны хоёрдахь том аварга хүлгээ хүлээн авах ажилд хэдийнэ “ханцуй шамлан” орсныг ажлын халуун цэгээс харахад л шууд мэдрэгдсэн. Тэнгэрт шүргэм сүр бараатай, уурхайн мөргөцөгт хүдэр шанагадах нь цаанаа л бахархмаар “сайхан амьтан” гэж шинэхэн экскаваторынхаа гол ханыг угсарчихаад хошигнож зогсоо угсралтынхан урам зориг дүүрэн байна. Өдөр бүр 12 цагаар амралтгүй ажиллаж, цаг агаарын ямар ч нөхцөлд төлөвлөгөөт ажлаа удаашруулахгүй гүйцэтгэхээр шамдаж байгаа тэд “Онцгой даалгаварынхан”.    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас энэ оныг “Хөрөнгө оруулалт”-ын жил болгон зарлаж, техник технологийн шинэчлэлийг үйлдвэрлэлд үе шаттай, эрчимтэй нэвтрүүлж буй. Энэ бодлогын хүрээнд Ил уурхайн хүчит техникийн эгнээнд хүч нэмж, хоёр дахь экскаваторыг нийлүүлсэн нь энэ. Ажлын ачаалал, өндөржүүлсэн зохион байгуулалт, ур чадвар гээд ажилчдынхаа сэтгэл зүтгэлийг бодитоор үнэлж, урамшуулах тогтолцоонд ч үйлдвэрийн удирдлагууд “эргэлт” хийж байна. ЭКГ-12К экскаваторыг угсрах ажлыг “Онцгой даалгавар”-т тооцон, энэ ажилд хүчин зүтгэсэн ажилтнуудын нэмэгдэл хөлсийг 100 сая төгрөгөөр, батлагдсан хуваариас өмнө угсралтын ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд хоног тутамд 3 сая төгрөгийн нэмэлт урамшуулал олгох тухай үйлдвэрийн Ерөнхий захирлын шийдвэр үүнийг гэрчилнэ. Урьд өмнө байгаагүй ийм хэмжээний нэмэлт урамшуулал ажилчдад урам, дэм  өгч байгаа гэдгийг Ил уурхайн Ерөнхий инженер хэлснийг онцлох нь зүйтэй.   Хойд хөршийн уулын техник тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн нэгэн нэрийн хуудас болж буй 12.5 метр кубын шанаганы багтаамж бүхий ЭКГ-К12 экскаваторыг угсрах ажлыг гардан удирдаж буй  Ил уурхайн уулын тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсгийн дарга С.Даваа-Очир уурхайд 20 гаруй жил ажилласан, нягт нямбай чадвартай инженерүүдийн нэг. Түүнийг өнгөрсөн хавар ашиглалтад өгсөн ЭКГ-К12 экскаватор угсрах ажлыг мөн л ахалж, арвин туршлага хуримтлуулж, ажилдаа эзэн болсон ажилтан гэж Ерөнхий инженер С.Уламмандах өгүүлнэ лээ. Харин тэр өөрөө эгэл даруухнаар ажлын талаар “Бидний одоо шинээр угсарч буй ЭКГ-К12 экскаватор манай Ил уурхайн 26 дахь экскаватор. Энэ оны хувьд бол хоёр дахь экскаваторын угсралтын ажил л даа. Манай Засварын хэсгийнхэн хоёр бригад болж, хагас бүтэн сайны амралтгүйгээр өдөр бүр 12 цагаар ажиллаж байгаа. Нэг бригад 5 хүний бүрэлдэхүүнтэй, ажлын шаардлагаас шалтгаалаад өргөн тээвэрлэх, зөөвөрлөх техникүүдийг улираах буюу нэмэлт цагаар ажиллуулж байна. Экскаваторын машинист, туслахуудын хамт хоёр бригадад хуваагдан оролцож байна. Мөн цахилгааны бригад 4-5 хүний бүрэлдэхүүнтэй цахилгааны нарийн угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Ингээд нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ЭКГ-К12 экскаваторыг угсарч, бэлэн болгоно. Угсралтын өдөр тутмын ажлыг манай уурхайн экскаватор хариуцсан механик, Орос мэргэжилтэн С.М.Янковский удирдаж байгаа. Миний хувьд ажлын чиг үүрэг өгч, анхаарал хяналт тавьж байна” гэж танилцуулав. Шанаганы хүчин чадлаараа өмнөх экскаваторуудаас илүү багтаамжтай, цахилгаан эрчим хүчний өндөр хэмнэлт, технологийн боловсронгуй үзүүлэлт бүхий ЭКГ-К12 экскаватор нь 6000 вольтын цахилгаанаар ажилладаг. Уг экскаваторыг угсралтын багийнхан 35 хоногийн хугацаанд угсарч, бэлэн болгох төлөвлөгөөтэй. Экскаваторын үндсэн эд анги буюу том хэсгүүд нь угсрахад энгийн ажиллагаатай тул цаг хугацааны хувьд хүндрэлгүй, харин цахилгаан болон хийн систем, тосолгооны линкольн системийн угсралт тохиргоонууд илүү нарийн чимхлүүр ажиллагаа, цаг шаарддаг. Мөн цаг агаарын таатай нөхцөл байдал ажлын гүйцэтгэлд шууд нөлөөлдөг. Тиймээс хүйтрэхээс өмнө шуурхайлж, төлөвлөсөн цаг хугацаанд амжуулж дуусгах нь бидний нэн түрүүний зорилт. Нөгөө талаас чанарын үзүүлэлтэд онцгой анхаарч ажиллах ёстой гэдгийг Засварын хэсгийн дарга С.Даваа-Очир нэмж онцолсон.   Өнөөдрийн байдлаар Ил уурхайн хэмжээнд 9 экскаватор хүдэр олборлолтын ажилд гарч байна. Шинэ экскаватор 10 дахь нь болон нэмэгдэх ч цаашид дахин экскаваторын хэрэгцээ шаардлага байгааг Ил уурхайнхан ярьж байна. Ашиглалтын хугацаа нь дууссан ч өөрсдөө засаж, тордон ажилд гаргаж буй экскаваторуудыг ойрын таван жилд шат дараалан шинэчлэх бодлого технологийн шинэчлэлийн хүрээнд хэрэгжих ажээ.

Check Also

Молибдены баяжмалын шугамын хүчин чадлыг нэмэгдүүлнэ

 “Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт 2019 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон ажлууд хийгдсээр …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »