“Оюу толгой” компани “Хос Аз”-тай 2.7 тэрбум төгрөг бүхий ханган нийлүүлэлтийн гэрээ байгууллаа

“Оюу толгой” компани “Монголд үйлдвэрлэв” худалдан авалтын стратегийнхаа хүрээнд Монгол Улсын анхны хувийн гутлын үйлдвэр болох “Хос-Аз” ХХК-тай хөдөлмөр хамгааллын гутал ханган нийлүүлэх гэрээ байгууллаа.

Гурван жилийн хугацаатай, 2.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий уг гэрээний хүрээнд жилдээ 5,000 хос, “S3” олон улсын стандартын хөдөлмөр хамгааллын гутлыг “Оюу толгой”-н уурхайд нийлүүлэх юм. “Хос-Аз” ХХК-тай байгуулж буй энэхүү гэрээнд гарын үсэг зурахад “Рио Тинто” группийн “Зэс, очир эрдэнийн групп”-ийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат оролцсон юм.

Жилдээ ажлын 100 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай, 80 гаруй ажилчинтай тус компанитай гэрээ байгуулснаар Монголд үйлдэрлэсэн, олон улсын стандарт хангасан анхны шинэ бүтээгдэхүүн бий болж, ханган нийлүүлэх хугацаа богиносож, нэмүү өртөг өсөн нэмэгдэж байна. Бүтээгдэхүүний чанар стандартыг олон улсын итгэмжлэгдсэн лабораторид шалгуулж, холбогдох туршилт, сайжруулалтыг хийлгүүлэн олон улсын чанар стандартад нийцэж буй эсэхийг дахин нягталж шалгасны үр дүнд ийнхүү “Оюу толгой”-н
уурхайчид Монголд үйлдвэрлэсэн хөдөлмөр хамгааллын гутал хэрэглэх боломжтой болж байна.

Өмнө нь уурхайн талбарт хэрэглэдэг байсан хөдөлмөр хамгааллын гутал нь төмөр хоншоортой байснаас удаан өмсөн ажиллахад хүндрэл учрах, онгоцны буудлын аюулгүй байдлын хяналтын цэгээр нэвтрэх үед заавал гутлаа тайлах зэрэг бэрхшээлтэй учирдаг байсан. Харин “Хос-Аз” ХХК-ийн монгол ажилчид төмөр хоншоорыг өндөр чанар бүхий хуванцраар орлуулснаар уурхайчдын тав тух, аюулгүй байдлыг зэрэг шийдэж чадсан юм.

“Хос Аз” компанийн захирал Н.Зоригт  хэлэхдээ “Оюу толгой” компанийн хэрэгжүүлж буй “Монголд үйлдвэрлэв” стратегийн хүрээнд зарлагдсан нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож, олон нөхцөл, шалгуурыг давсны үндсэн дээр монгол үхрийн арьсыг ашиглаж, монгол инженерийн ур ухаан шингэсэн хөдөлмөр хамгааллын гутал нийлүүлэх болсондоо баяртай байна. Энэ стратегийн хүрээнд олон бүтээгдэхүүн эх оронд минь үйлдвэрлэгдэж, цаашлаад олон улсад ч бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж нээгдэх байх гэж найдаж байна” гэлээ.

Тус компани нь 2005 онд байгуулагдсан. Монгол Улсад гутлын үйлдвэр хувьчлагдсанаас хойших анхны хувийн үйлдвэр юм. Тус компани жилд 100 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай, 80 гаруй ажилчинтай. “Хос Аз” ХХК-ийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний 80 хувийг хөдөлмөр хамгааллын тусгай зориулалтын гутал эзэлдэг байна. 2015 онд өөрийн хөрөнгө оруулалтаар Итали, Тайванийн компьютер удирдлагатай, тоног төхөөрөмжтэй хоёр дахь үйлдвэрээ нээсэн. Ингэснээр хүчин чадал 2 дахин нэмэгджээ. 

“Оюу толгой” компанийн хувьд 2019 оны эхний хоёр улиралд 689 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд тэдний 484 нь үндэсний компани юм. Үйл ажиллагааны худалдан авалтын зардлын 76 хувийг эдгээр компанид зарцуулсан байна. 2010-2019 оны эхний хоёр улирлын байдлаар үндэсний худалдан авалтад нийт 2.9 тэрбум
ам.доллар зарцуулжээ.

Check Also

Молибдены баяжмалын шугамын хүчин чадлыг нэмэгдүүлнэ

 “Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт 2019 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон ажлууд хийгдсээр …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »