Норвегийн нэрт эдийн засагч Монгол улсын хөгжихгүй байгаа шалтгааныг ийнхүү тайлбарлажээ

Норвегийн нэрт эдийн засагч Эрик С.Райнерт улс орнууд ямар арга замаар хөгждөгийг эдийн засгийн түүхийн 500 гаруй жилийн туршлагад үндэслэн нотолжээ. Тэрээр “Баян орон хэрхэн баялаг бүтээсэн бэ? Буурай орнууд яагаад ядуу хэвээрээ үлддэг вэ?” номдоо буурай орнуудын жишээн дээр манай улсыг авч, тайлбарласан байна.

Түүний үзсэнээр аливаа улс орон зөвхөн байгалийн баялагаа зараад хөгжих боломжгүй. Харин боловсруулах аж үйлдвэр байгаа тохиолдолд л хөгждөг гэжээ. Тухайлбал, баян орнууд төрийн оролцоо, татвар, татаасын бодлогоор боловсруулах үйлдвэрээ дэмжин тэтгэж хамгаалах замаар баяжсан болохыг олон улс орны түүхээс олж харсан байна. Харин тэдгээр хөгжсөн баян улсууд өөрийн колони улсуудаа үйлдвэрлэгч биш, зөвхөн түүхий эд нийлүүлэгч байлгах замаар хөгжлөөс холдуулан, колоничилдог гэж бичжээ.

Манай улсын хувьд газар доор нь дүүрэн алт, эрдэнэс, зэс, нүүрс, гааз, нефьт,  дээр нь 60 сая мал, IQ-гаараа дэлхийд тавд. “Хөгжихөд яг юу саад болж байна” хэмээн гайхширдаг. Тэгвэл энэ асуултад тэрээр хангалттай хариулт өгчээ. Газар доорх баялагаа боловсруулан, хэрэглэж чадахгүй, түүхий чигээр нь бусад улс оронд нийлүүлж байгаа тул хичнээн их алт, нүүрс, нефьт байгаад ч манай улс хөгжихгүй байгаа аж. Дэлхийн хоёрдугаар дайны дараа колонийн систем нэг мөр задран унасан ч, тэр үеийн колоничлолын аргыг(дээр дурьдсан) одоо ч манайх шиг буурай улс, орнуудад ашигласаар байна.

Эрик С.Райнерт манай улсыг социалист нийгмийн үед томоохон үйлдвэрүүдтэй болж, аж үйлдвэржилт ихээхэн хөгжиж байсан ч, 1990 онд ардчилал ялснаар аж үйлдвэрийн нийгмээс бэлчээрийн мал аж ахуйн эринд буцсан хэмээн бичжээ. Түүний үзсэнээр энэ нь манай улсын хувьд хөгжлийн замаас буцсан, ухралт байжээ.

Тиймээс манайх шиг ядуу, буурай орны хувьд улс орноо түүхий эдэд шүтэн хөгжүүлэх бус, харин боловсруулах үйлдвэр, хот сууринаа өргөжүүлэн, технологийн дэвшил, хүний хүчин зүйлд түшиглэн хөгжүүлэх ёстойг чухалчилсан байна.

Тиймдээ ч ямар ч байгалийн баялаггүй, түүхий эд байхгүй, тэр ч байтугай цэвэр усны нөөцгүй улс хүртэл манайхаас илүү өндөр хөгжилтэй байгаа нь үйлдвэрлэлтэй холбоотой аж. Үүний сонгодог жишээ бол Сингапур улс юм.

Сингапурын улсын аж үйлдвэржилт нь цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлт, нефтийн гаралтай химийн бодис үйлдвэрлэлт, аялал жуулчлал, санхүүгийн үйлчилгээ, мөн уламжлалт худалдааны баазууд дээр тулгуурлан хөгжсөн байдаг. Тиймээс цэвэр усны нөөцгүй улс хүртэл, аж үйлдвэржилтийн ачаар Азийн бар улс болтлоо хөгжиж чаджээ.

Аж үйлдвэрийн хувьсгал дэлхийн түүхэнд

Дэлхийн түүхэнд аж үйлдвэржилтийн хувьсгалыг анх бий болгосноороо Их Британи улс тухайн үеийн хамгийн хүчирхэг гүрэн болж чадсан. Удалгүй Бельги, Франц, Америкчууд аж үйлдвэржиж эхэлснээр мөн хүчирхэг болж чаджээ. Чухам аж үйлдвэржилтийн энэ үед л улс орнуудын эдийн засаг, ард иргэдийн амьдрал дээшилж, хамгийн ядуу хүмүүс нь л гэхэд 2,3 ээлжийн солих хувцастай байжээ.

Мөн өдгөө дэлхийн аз жаргалын индексийн судалгаагаар хамгийн аз жаргалтай улсуудын эхний тавд тогтмол жагсдаг Нидерланд улсыг ердөө VOC гэх ганцхан том үйлдвэрлэгч компани өнөөгийн хөгжил дэвшилд хөтөлжээ. Тиймээс үйлдвэрлэлийг хөгжүүлснээр байгалийн баялагаас үл хамааран улс орон хөгжин дэвших боломжтой байдаг ажээ.

Харин манай улсын хөгжихгүй байгаа нь удирдагч, ард түмэн аль аль талдаа үүнийг ойлгон ухамсарлаагүйгээс, залхуу, бэлэнчлэх сэтгэлэгээнээс болжээ. Тиймдээ ч бэлэн баялагаа хоосортол нь гадагш гаргаж, хэдэн том уурхайдаа гадныхныг ажиллуулан тэжээхээс цаашгүй байна. Үүгээр зогсохгүй жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чухал сангаас гишүүд, түүний хамаатнууд мөнгө завшиж байхад манай улсын хөгжихгүй байх нь аргагүй биз.

Гэтэл 1992 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Л.Түдэв гуай мөрийн хөтөлбөрөө “Өрх бүр үйлдвэр, хүн бүр үйлдвэрлэгчид” гэсэн уриан дор явуулж байсан нь тухайн цаг үеэсээ түрүүлсэн мэдлэг, бодлоготой хүн байсныг харуулж байна. Магадгүй тэр үед Л.Түдэв гуай сонгогдож, улс орон даяар үйлдвэрлэлээ хөгжүүлсэн бол өнөөдөр манай улс ямар түвшинд байхыг таах аргагүй юм.

Гэвч одоо ч оройтоогүй бөгөөд Монгол улсаа хөгжүүлэхийн тулд хүн бүр хөдөлмөрлөж, байгаа баялагаа боловсруулан ашиглах аваас хөгжилд хүрэх зам ойрхон байна.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »