Ц.Даваасүрэн: Оюу толгой Монголоос эрчим хүч авах үүргээ биелүүлээгүй учраас гэрээг хүчингүй болгосон

Монгол Улсын Засгийн газар Оюу Толгой компанитай байгуулсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-гээ цуцлах саналаа Оюу Толгой компанид хүргүүлсэн талаар мэдээлэл өчигдөр гарсан. Үүнтэй холбогдуулан Оюутолгой уурхайн үйлдвэрлэлийг дотоодын эрчим хүчээр хангах Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн яг одоо хэвлэлийн бага хурал хийж байна.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ “Оюутолгой жилд 130-140 сая долларын эрчим хүчийг Хятадаас авдаг. Ирэх жил гүний уурхай нь ашиглалтад орвол 200 сая доллар төлнө. Ерөнхий сайд Оюутолгойд Монгол Улсаас эрчим хүчээ ав, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүл гэсэн шаардлага тавьж байгаа. Оюутолгой хууль бус гэрээ хийж, Монголоос эрчим хүч авах үүргээ биелүүлээгүй учраас хууль зөрчсөн  гэрээг хүчингүй болгосон. Энэ хууль зөрчсөн асуудлыг өнгөрсөн аравдугаар сард манай Засгийн газар мэдсэн. Монгол Улсаас эрчим хүчээ авах ёстой. 2017 оны наймдугаар сараас эхлээд Монголоос эрчим хүчээ авах ёстой байсан. Энэ хугацаа нь өнгөрсөн. Манай Засгийн Газар Оюу толгойг Монгол Улсаас эрчим хүчээ ав гэдэг байр суурьтай байгаа.Дөрвөн жилийн дотор хаанаас эрчим хүчээ авах нь Оюу толгойн өөрсдийн асуудал. Гурван эх үүсвэрээс аль нэгийг нь сонгох ёстой. Манайхаас л авч байвал хувийн болон хувьсгалын аль нь ч хамаагүй.

“Оюу толгой” ХХК уурхайн эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах гэрээний үүргээ мөрдөн ажиллахаа энэ сарын 16-нд цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Тус компанийн мэдэгдэлд “Эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах урт хугацааны шийдлийг хэрэгжүүлэхийн тулд “Оюу толгой” ХХК Засгийн газартай 2014 оноос хойш хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Таван толгойн цахилгаан станцын төсөл хэрэгжих боломжийг судалж, цахилгаан станцаас уурхайн цогцолбор хүртэлх 220 кВт-ын цахилгаан дамжуулах шугамын судалгааг хийлээ. Харин Засгийн газраас Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ (ӨБЭХСХАГ)-г цуцалсан нь дээрх төслийг Засгийн газар боломжит хувилбар хэмээн үзэхгүй байгаа гэж ойлгогдож байна.

ӨБЭХСХАГ цуцалснаар “Оюу толгой” ХХК дөрвөн жилийн дотор эрчим хүчний өөр хувилбар сонгох ажил эхэлж буй бөгөөд энэ хүрээнд уурхайн талбайд цахилгаан станц барих хувилбарыг авч үзэх боломжтой. “Оюу толгой” ХХК эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн бүх үүргээ тууштай биелүүлнэ.

“Оюу толгойн урт хугацааны хэрэгцээг хангах шийдлийг олж, Монгол дахь дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээ хангах гэрээний үүргээ биелүүлэх нь бидний хувьд нэн чухал. Бид эрчим хүчний хамгийн сайн хувилбарыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар болон бүх оролцогч талуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ” хэмээн мэдэгдсэн гэв.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »