Ц.Даваасүрэн: Оюутолгой Монгол улсаас эрчим хүчээ ав

Оюутолгойн цахилгаан станц барих гэрээг хүчингүй болголоо гэх мэдээлэл сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон Тавантолгой төслийн нэгжийн захирал Д.Батбилэг, Эрчим хүчний яамны бодлогын газрын хэлтсийн дарга Б.Ерэн-Өлзий нар мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн эхэнд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Оюутолгойн  цахилгаан станц барих гэрээг цуцлав гэх худал мэдээлэл сүүлийн үед гарах боллоо. Рио Тинто болон Оюутолгой компанийн зүгээс энэ асуудлаар огт яриа хийгээгүй юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т “Хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор Оюутолгойн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол улсын нутаг дэвсгэр дэхь дор дурдсан буюу түүнээс дээш эх үүсвэрээс сонгон хангана. Нэгдүгээрт, хөрөнгө оруулагчийн барьсан эсвэл санхүүжүүлсэн нүүрсээр ажиллах цахилгаан станц, хоёрдугаарт, гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн эсвэл барьсан цахилгаан станц, гуравдугаарт, Монгол улсын цахилгаан эрчим хүчний сүлжээнээс цахилгааны хэрэгцээгээ хангана” гэж заасан байдаг. Дээрх гэрээний дагуу Оюутолгой компани 2017 оны долдугаар сараас эрчим хүчний хэрэгцээгээ 100 хувь дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах ёстой байсан ч өнөөдөр жилд 140-160 сая ам.доллараар эрчим хүчээ импортолж байна. Өөрөөр хэлбэл Монголоос эрчим хүчний эх үүсвэрээ авах ёстой байсан ч авахгүй байна. “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах” гэрээ гэх хууль зөрчсөн гэрээнээс болж эрчим хүчээ манайхаас аваагүй байна. 2014 онд Засгийн газар Оюутолгой компанийн хооронд “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”  хийгдсэн байна. Уг гэрээгээр хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-д заасан заалтыг түдгэлзүүлснийг сая Засгийн газар хүчингүй болгосон.  Хууль зөрчсөн учраас цуцалсан юм. Бидний цуцалсан гэрээнд хугацаа байхгүй. Хэрвээ цуцлаагүй бол үйл ажиллагаагаа явуулах бүхий л хугацаанд манайхаас эрчим хүч авахааргүй байсан. 2014 оны наймдугаар сарын 14-нд байгуулсан Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээний 1.4.1 “Талууд Тавантолгой төслийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллаж байгаа болон уг төслийн баригдаж дуусах хугацааг харгалзан, хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т заасан Оюутолгой ХХК-ийн үүрэг түдгэлзэх ба үйлдвэрлэлт эхэлсэнээс хойш болон Оюутолгой ХХК уг үүргийг заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг Засгийн газар зөвшөөрч байна гэж заасан. Өөрөөр хэлбэл өмнөх Засгийн газар Оюутолгой ХХК заавал Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэдэг утга бүхий заалт оруулж өгсөн  тул Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг Монгол Улсын Засгийн газар 2018 оны нэгдүгээр сарын 30-нд хүчингүй болгосон. Ингэснээр Оюутолгой компани эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь дотоодын эх үүсвэрээр хангах 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлэх үүрэг хүлээж байгаа. 2018 оны хоёрдугаар сарын 16-нд өмнөх гэрээ цуцлагдсан цагаас хөрөнгө оруулалтын гэрээнд заасан дөрвөн жилийн хугацаанд Оюутолгой эрчим хүчний эх үүсвэрийг дотоодоос хангах ёстой. Түүнээс бус Оюутолгойн цахилгаан станц барих гэрээг цуцлаагүй. Харин ч Оюутолгой өөртөө цахилгаан станц барихыг оролцуулаад эрчим хүчний бүхий л боломжит хувилбаруудыг судалж үзэж байгаа гэж Туркойз Хилл албаны хуудасдаа мэдэгдсэн байна лээ. Өмнийн говийн гэрээ цуцлагдсанаар Монголоос эрчим хүч авах ажил эхэлж байна. Оюутолгой нэг жилд 100 гаруй сая долларын эрчим хүчийг Хятадаас авдаг.Ирэх жилээс гүний уурхай ажиллаад эхэлбэл 200 сая долларын эрчим хүч авдаг болно. Одоо Монголоос авах ёстой. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Эрчим хүч авах ёстой байсан хугацаа нь өнгөрөөд нэг жил болж байна” гэв.

Мөн тэрбээр  “Ч.Сайханбилэг гэдэг хүн Өмнийн говийн гэрээ гэх хууль зөрчсөн гэрээг хууль зөрчиж хийсэн байна. Гурван жилийн дотор 6000 сая доллар манайд орж ирэх байсан. Гэтэл Монголоос эрчим хүч авахгүй ч байж болно гэх заалтыг хууль зөрчиж оруулсан байна. Одоо бол авах ёстой. Манасй Засгийн газрын зүгээс Оюутолгой компанийн цахилгаан станц барих бүхий л зөвшөөрлийг олгосон байгаа. Боломжит хувилбаруудаас сонгоод цахилгаан станцаа барих шаардлагатай” гэлээ.

Харин Тавантолгой цахилгаан станц төслийн захирал Д.Батбилэг 2013 онд Тавантолгой төслийн баг байгуулагдсан. Энэ хугацаанд ТЭЗҮ болон санхүүжилтийн бүх судалгааг хийсэн. Хөрөнгө оруулагч Оюутолгой компаниас батлан даалт өгвөл 2018 оны долдугаар сард төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бүрэн боломжтой. Цахилгаан станц барихад бэлэн болсон. Рио Тинто компаниас батлан даалт өгвөл долдугаар сараас ажлыг эхлүүлэх боломжтой байгаа” гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

– Засгийн газраас уг гэрээг цуцалснаар хүчин төгөлдөр бус болох уу. Оюутолгой компанийн талаас хүлээн зөвшөөрөхгүй гэж заргалдах боломжтой юу? 

–    Боломжгүй. Гэрээнд заасны дагуу манай талаас цуцлах боломжтой.

–    Энэ талаар Засгийн газар хэзээ мэдсэн бэ? 

–   Манай Засгийн газар байгуулагдсаныхаа дараа бүх гэрээтэй танилцсан. Тэгээд Тавантолгойн төслийг хөдөлгөхөөр ажиллаж эхлэхэд энэ гэрээ гарч ирсэн. 

–    Оюутолгойн албан ёсны сайтад “Уурхайн талбайд станц барих хувилбарыг авч үзнэ” гэж бичсэн байна лээ. Тэгэхээр 7.3 дахь заалтыг сонирхохгүй байна гэдгээ илэрхийлсэн гэж ойлгож болох уу? 

–    Гурван хувилбар бий. Өөртөө барих, Тавантолгойн уурхайд барих гэсэн хувилбаруудаас сонгоно гэсэн санааг л илэрхийлсэн байх.Угаас гурван хувилбараас аль нэгийг нь сонгоно гэх үүргийг хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн байгаа. Аль боломжтой хувилбарыг нь сонгоод цахилгаан станцаа барих ёстой.

–    Гурван хувилбарын аль нь манайд ашигтай юм бэ? 

–   Монголоос авч л байвал ялгаагүй. 200 сая доллар гадагш л урсахгүй байвал болно шүү дээ.

–  Тавантолгой цахилгаан станцын ТЭЗҮ боловсруулагдсан гэлээ. Оюутолгойгоос хэдий хэмжээний хөрөнгөд батлан даалт хийх шаардлагатай байгаа юм бэ? 

–  Тавантолгойг түшиглэн 450 мваттын хүчин чадалтай нүүрсний цахилгаан станцыг дөрвөн жилийн дотор барих ёстой. Одоо барьж эхэлбэл 2022 онд дуусна.  Тэрбум долларын өртөгтэй. Хөрөнгийн баталгааг гол худалдан авагч Рио Тинто компани гаргах ёстой. Энэ талаар манай хамтарсан консорциум Рио Тинто компанитай гэрээ хэлцлүүд хийгээд явж байна. 30 жилийн хугацаанд нэг тэрбум долларын батлан даалт гаргана гэсэн боловч хугацаа багасаад 15 жил болгох шаардлагыг . Хэрвээ цахилгаан станц баривал үнийн хувьд Хятадаас авч байгаа цахилгааны үнээс харьцангуй хямд үнээр эрчим хүч авна. Хэрвээ цахилгаан станц баривал ганц Тавантолгой гэлтгүй бүхий л уурхайг эрчим хүчээр хангах бүрэн боломжтой.

–    Хэрвээ Рио Тинто батлан даалт гаргахгүй гэвэл цахилгаан станц барих боломжгүй болох уу? 

– Рио Тинто компани баталгаа гаргахаас татгалзаагүй байгаа. Харин ч оролцоод явж байгаа.

–    Цахилгаан станц барих хүртэл Оюутолгой компани Хятадаас эрчим хүчээ авсан хэвээр л байх юм байна. Тийм үү? 

–    Тийм.

–    Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг хийсэн нь гэмт хэрэг юм биш үү?

–    Нэг талаараа ийм. Оюутолгойн гэрээг УИХ-аар оруулж батлуулсан учраас алвиаа өөрчлөлтийг хийхдээ УИХ-аар оруулах ёстой. Гэтэл тэгээгүй. Засгийн газрын хуралдаанаар оруулж ирээд шийдсэн.Хамгийн гол нь Монгол улсад ашиггүй болгож зарим заалтыг өөрчилсөн. 

–    Уг гэрээг хийсэн хүмүүстэй хариуцлагын асуудлыг ярих уу? 

–    Хариуцлага хүлээлгэх ёстой. Хэрвээ хүлээлгэхгүй бол хэн нэгэн нь энэ гэрээг дуртай үедээ өөрчлөөд л улс орныг хохироодог болно шүү дээ. Ажлаа өгөөд явчихаар л хариуцлагаас мултарчихдаг юм байна. Тухайлбал, Дубайн гэрээгээр 5.4 тэрбум долларын татвараас Оюутолгой компанийг чөлөөлчихсөн шүү дээ. Энэ бол асар их мөнгө. Бид ОУВС-аас 5 тэрбум доллар авах гэж хүчээ шавхаж байна шүү дээ.

Т.Хулан

Check Also

Xanadu Mines cashed up and working to unlock the value at Kharmagtai Share

Xanadu Mines Ltd’s (ASX:XAM) accelerated exploration has extended the footprint of the Kharmagtai Copper-Gold Project …

Leave a Reply

Your email address will not be published.

Translate »