“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Ган бөмбөлгийн үйлдвэрийн нээлт боллоо

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК нь евро стандартад нийцсэн Ган бөмбөлгийн үйлдвэрийг 2017 оны 01 сарын 28-нд ашиглалтанд орууллаа.

Тус үйлдвэрийн нээлтийн арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Баатарсүх тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг төлөөлж Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Баатарсүх үг хэлж, УУХҮ-ийн сайд Ц.Дашдоржийн талархалыг дамжуулж, дурсгалын зүйл гардууллаа.

Энэхүү үйлдвэр нь Монгол Улсад анхны давтах аргын технологитой, орчин үеийн тэргүүлэх технологид суурилсан бүрэн автомат удирдлага, хяналтын системтэй үйлдвэр юм.

Үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжийг Герман улсын “Shuler” компани, бусад дагалдах төхөөрөмжийг Итали улсад үйлдвэрлэж нийлүүлсэн байна.

Энэ үйлдвэр байгуулагдсанаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрөл олширч, нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь онцлог юм.

Мөн энэ ондоо багтааж цувимал аргын ган бөмбөлгийн үйлдвэр ашиглалтад оруулах ба ингэснээр давтах болон цувих аргын  хоёр үйлдвэрийн жилийн нийт хүчин чадал 55-60 мянган тонн болж, дотоодын хэрэгцээний 80 гаруй хувийг ханган, ойролцоогоор 60 гаруй сая ам.долларын гадагш урсах валютыг Монголдоо үлдээх боломжтой болох юм.

Тус үйлдвэрийнхэн хоёр үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор 100 гаруй ажлын байр шинээр бий болж, ган бөмбөлөг хэрэглэгчдийнхээ өртөг зардлыг 15-30 хувиар бууруулна гэсэн тооцоололтой байна.

Энэхүү үйлдвэр нь Монгол Улсын Засгийн газрийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Дархан-Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолбор байгуулах төсөл”-ийн хүрээнд байгуулагдаж байгаа ба цаашид Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК нь хүдэр боловсруулж, жилд 500 мянган тонн болж ангижруулсан төмөр, 350 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын ган бүтээгдэхүүний хэрэгцээг хангах төслийг хэрэгжүүлэх юм.

Check Also

Southern Copper to splash $2.5 billion on Peru project

Southern Copper Corp was declared the winner on Tuesday of the Peruvian government’s first auction of …

Leave a Reply

Your email address will not be published.

Translate »