Дотоодын цемент үйлдвэрлэл 4.5 саяд хүрнэ

Монгол Улс цементийнхээ 90 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг билээ. Тэгвэл жил ирэх тусам өсч буй цемент үйлдвэрлэлийн хэмжээ ойрын хугацаанд 4.5 сая тоннд хүрнэ хэмээн албаныхан мэдээллээ. Учир нь энэ ондоо багтаж цемент үйлдвэрлэх хоёр ч үйлдвэр ашиглалтад орох аж. Ингэснээр монголчууд цементийнхээ хэрэгцээг 100 хувь хангаад зогсохгүй экспортонд гаргах боломж бүрдэх юм байна. Эхний байдлаар ОХУ-ын зах зээлд цемент экспортлох шинэ боломж гарч ирж байгаа аж. Мөн хойд хөршийн зах зээлд цемент, цементэн бүтээгдэхүүн нийлүүлэх талаар үндэсний үйлдвэрлэгчид идэвхтэй судалж эхэлжээ.

Өмнө нь импортын цемент дотоодын хэрэгцээний дийлэнх хувийг хангадаг байсан бол урьдын нөхцөл өнөөдөр өөрчлөгдсөн хэмээн салбарынхан онцоллоо. Цемент үйлдвэрлэхдээ олон улсын стандарт хангасан хуурай аргын технологийг хэрэглэдэг аж. Нэгэнт олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас экспортын зах зээлийг зорин ажиллаж байгаа хэмээн Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү онцолсон байна.

Мөн Барилга, хот байгуулалтын яамны Барилга, нийтийн аж ахуйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн А.Энхтуяа “Импортын цемент хүнд үйлдвэрлэл түлхүү хөгжсөн орноос ирж байгаа учраас нэмэлт химийн бүтээгдэхүүн ихтэй байх магадлал өндөр. Харин манай дотоодод байгаа үйлдвэрүүд бол байнга үндэсний хяналтын доор, байгалийн түүхий эдээр өөрсдөө хийж байгаа учраас илүү баталгаатай гэсэн үг” гэлээ.

Нэгэнт дотоодын зах зээлээ бүрэн хангаж, экспортлох асуудал яригдаж буй энэ үед төрөөс дотоодын цемент үйлдвэрлэгчдээ ч бодлоготойгоор дэмжих хэрэгтэйг салбарынхан онцолжээ.

Б.ЗАЯА

Check Also

“ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ээлжит “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлыг зохион …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »