​“URANIUM INDUSTRY” ГУРВАНСАЙХАН УРАНЫ ОРДЫН 85 ХУВИЙГ “DENISON MINES”-ААС 20 САЯ АМ.ДОЛЛАРААР АВНА

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Denison Mines” корпораци (DML:CN) Дундговь аймгийн Гурвансайхан ураны орд дахь эзэмшлийн хувиа Чехийн “Uranium Industry” компанид 20 сая ам.доллараар худалдахаар болсонбайна.

Гэрээг 9-р сард эцэслэн байгуулснаар 250 мянган ам.долларыг урьдчилгаа хэлбэрээр авах бол үлдсэн төлбөрийг 11-р сарын 30-нд авахаар тохиролцжээ.

“Denison Mines” компани “Мон-Атом” болон Оросын “Геологоразведка” компанитай 1993 онд хувь нийлүүлсэн “Гурвансайхан” компанийг байгуулсан. Улмаар хайгуул хийж 7.6 мянган тонн ураны батлагдсан, 2.2 мянган тонн ураны нэмэлт таамаг нөөцтэй болохыг тогтоосон байна.

Хувь нийлүүлсэн компанийн 70 хувийг “Denison Mines”, үлдсэн хувь эзэмшигчид тус бүр 15 хувийг эзэмшиж байсан ч, “Denison Mines” Оросын талын хувийг 2011 онд худалдан авсан байдаг. Харин “Uranium Industry” компани ийнхүү “Гурвансайхан” компанийн 85 хувийг эзэмшиж магадгүй байна.

Уран боловсруулалтаар арвин туршлагатай Чех улсын “Uranium Industry” компани энэ салбарт 75 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тус компани 2012 оноос Монгол улсад “Mongolian Uranium Mining” нэртэй компани байгуулан, үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Ингэхдээ “Мон-Атом” компанитай ураны эрлийн чиглэлээр хамтран ажиллах санаж бичиг байгуулж, 25 мянган квадрат метр талбайд хайгуул хийхээр болсон байдаг. Мөн тэр жилдээ Цөмийн энергийн газар Чехийн Аж үйлдвэр, худалдааны яамтай санаж бичигт гарын үсэг зурж байсан бол, өнгөрсөн сард “Мон-Атом” компани болон “Uranium Industry” компани хамтран “Мон-Чех Ураниум” компанийг байгуулсан байна.

“Uranium Industry” компанийн хувьд хайгуулын үр дүнгээс хамаарч Монгол улсаас бүтээгдэхүүн экспортлох болон боловсруулалт хийх талаар шийднэ гэж мэдээлсэн юм.

Чех улс 1945 оноос хойш ураны чиглэлд идэвхтэй эрэл хайгуул явуулж, нийт 60 гаруй ордоо ашигласан байна. Харин сүүлийн жилүүдэд тус компани Чех улсад байгалийн нөхөн сэргээлтэд түлхүү анхаарч ажиллаж байгаа бол Монгол, Вьетнам зэрэг оронд эрэл, хайгуул эрхэлж байгаа юм байна.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »