САУСГОБИ СЭНДС мэдэгдэл хийлээ.

Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар Саусгоби сэндс ХХК болон тус компанийн ажилтан асан 3 иргэнд холбогдох хэргийн талаар буруу ташаа мэдээлэл гарч байгаатай холбоотойгоор Саусгоби сэндс ХХК олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэж, буруу ташаа мэдээллийг залруулахыг хүсч байна. Мөн “гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно” гэсэн хуулийн зарчим, заалтыг зөрчин компанийн ажилтан асан 3 иргэн болон Саусгоби сэндс ХХК-ийг татвараас зайлсхийсэн нь тогтоогдсон мэтээр бичиж байгааг эсэргүүцэж байна.

Өмнө нь мэдэгдэж байсанчлан Саусгоби сэндс ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Торонто болон Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Саусгоби Ресурс компанийн 100 хувийн охин компани юм. Саусгоби Ресурс компани нь олон нийтэд нээлттэй компани бөгөөд Саусгоби Ресурс компани, түүний охин компаниудын санхүүгийн тайланд дэлхийн хамгийн том, нэр хүндтэй аудитын компаниуд жил бүр аудит хийсээр ирсэн. Саусгоби сэндс ХХК нь 2007-2013 оны хооронд Монгол Улсын топ аж ахуйн нэгжээр шалгарч, татвар, нийгмийн даатгал НАЙДВАРТАЙ төлөгч, Монгол Улсын “Тэргүүний 100 татвар төлөгч байгууллага”-аар олон удаа шалгарч байсан. 2014 оны байдлаар манай компани Монгол Улсын төсөвт татвар, төлбөр хураамж хэлбэрээр 190.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа бөгөөд бүс нутгийн дэд бүтцийг сайжруулах, дээд болон сургуулийн өмнөх боловсролыг дэмжих, сумдын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, төрийн үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй болгох зэрэг төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд нийт 8.1 тэрбум төгрөгийг улсын болон бүс нутгийн хөгжил цэцэглэлтэд зориулаад байна.

2012 оноос хойш 3 жилийн хугацаанд Саусгоби сэндс ХХК-ийн ажилтан асан 3 иргэнийг мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн гэх хэргүүдэд холбогдуулан хилээр гарах хориг тавин, ажил олгогчийн хувьд Саусгоби сэндс ХХК-ийг иргэний хариуцагчаар татан шалгаж байна. Дээрх 3 иргэнийг Монгол Улсын бүтэн жилийн төсөвтэй тэнцэх шахуу буюу 6.1 их наяд төгрөгтэй тэнцэх мөнгийг угаасан гэх хэрэг нь тогтоогдоогүй тул мөрдөн байцаагчаас мөнгө угаасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгох саналаа 2013 оны 6 сарын 30-нд гаргаж Нийслэлийн прокурорын газарт хүргүүлснээс 18 сарын дараа буюу 2014 оны 12 сарын 30-ний өдөр хэрэгсэхгүй болгосон юм.

Татвараас зайлсхийсэн гэх хэрэгтэй холбогдуулан томилогдсон бие даасан бус, ашиг сонирхлын зөрчилтэй шинжээчид нь нийт 4 удаа дүгнэлт гаргасан ба эдгээр дүгнэлтүүд өөр хоорондоо агуулгын хувьд зөрчилтэй, эрс зөрүү дүнтэй, харилцан нэгийгээ үгүйсгэсэн, баримт нотолгоогүй дүгнэлтүүд болох нь хэвлэл мэдээллийн байгууллагаар дурьдагдаад буй татвараас зайлсхийсэн гэх 35 тэрбум төгрөг нь 2012 оны 12 сарын дүгнэлтээс 85 хувиар, 2014 оны 1 сарын дүгнэлтээс 59 хувиар тус тус эрс буурч байгаагаар нотлогдож байна. Шинжээчдийн гэх дээрх дүгнэлтүүдээр сүүлийн жилүүдэд унасан төгрөгийн ханшнаас үүдсэн бодит бус ханшийн алдагдал, орон нутгийн байгууллагуудад хүсэлтийнх нь дагуу үзүүлсэн дэмжлэг туслалцаа, галын улмаас устсан зарим техник төхөөрөмж зэрэгт татвар ногдуулах ёстой зэргээр илт хууль бусаар буруутгах оролдлогыг хийж байна. Гэтэл хэрэгт хамаарч буй 2007-2011 онуудад Саусгоби сэндс ХХК нийт 456.8 тэрбум төгрөгийн орлого олж, 103.1 тэрбум төгрөгийн татвар, төлбөр хураамж төлсөн. Нийт олсон орлогынхоо (ашгийнхаа биш) 22 хувийг татварт төлөөд байхад дахин нэмж онц их хэмжээний нөхөн татвар ногдуулж байгаа нь ямар ч үндэслэлгүй юм.

Түүнчлэн 3 жилийн турш үргэлжилж буй мөрдөн шалгах энэ үйл ажиллагааны туршид Саусгоби сэндс ХХК энэ хэрэгт дурдагдсан зөрчлүүдийг хянаж шалгах зорилгоор дэлхийд нэр хүндтэй аудитын компанийг хөндлөнгийн зөвлөхөөр урьж ажиллуулсан. Тус аудитын компани бүх асуудлыг шинжлэн ажилласны үр дүнд шинжээчдийн илрүүлсэн гэх “зөрчил”-үүд нь үндэслэлгүй болохыг баталсан байдаг ба энэхүү буруу дүгнэлтүүд нь (1) уул уурхайн компанийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн бодлогыг буруу тайлбарласан, уул уурхай, олборлолтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх туршлагагүйгээс; (2) компаниас өгсөн мэдээ, тайланг буруу тайлбарлаж, мэдээллийг бүрэн гүйцэд шалгаагүй; (3) нэмэлт баримт нотолгоо, асуудлыг бүх талаас нь нарийн шалгаж, мухарлалгүйгээр бие даасан дүгнэлт гаргах чухал асуудалд өнгөцхөн хандсантай холбоотой байна гэж дүгнэсэн байдаг.

Саусгоби сэндс ХХК-ийн зүгээс шүүхээр шийдвэрлэгдээгүй асуудлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр огт үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээллийг санаатайгаар гаргаж байгаад харамсч байгаа бөгөөд холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд хуулийн хүрээнд асуудлыг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна. Саусгоби сэндс ХХК Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, татвараас төлөхөөс зайлсхийсэн гэх гэмт хэргийн шинжтэй нэг ч үйлдэл хийгээгүй гэдгээ үүгээр хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

САУСГОБИ СЭНДС ХХК

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »