Оюутолгой эдийн засгийн биш улстөрийн үзэгдэл юм биш үү

2013-04-01oyutolgoi

-Сэтгүүлчийн дүгнэлт-

Оюутолгой ХХК-тай холбоотой татварын маргаан шийдэгдэж, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэх боломжтой болсон гэсэн мэдээлэл өнгөрсөн сарын дундуур нийтэд цацагдаж, хүний магнайг тэнийлгэсэн.

2015 оны эхний улиралд багтаад бүтээн байгуулалт эхэлнэ, тэр жилдээ тэрбум ам.доллар орж ирж, 3000 ажлын байр нэмэгдэнэ гэдэг бидний хувьд том сонсогдож байж болно.

Гэвч асуудал шийдсэн “арга” нь ил болсноор энэхүү баяр хөөрийг унтрааж орхисон юм. Тодруулбал, манай тал илрүүлсэн зөрчлийнхөө 80 шахам хувийг хүчингүй болгож, 130 сая ам.доллараас 30-ханыг нь аваад асуудлыг хаахаар болсон. Энэ бол гэрээг анх байгуулж байх үед л олон хүний ёрлоод байсан “Бид сүүлдээ Рио Тинто, Айвенхоу майнз”-ын атганд орно” гэсэн зөгнөлийг баталсан хэрэг болсон гэсэн дүгнэлттэй олон хүн санал нийлэх биз. Гэрээ байгуулагдсаны дараа олон мэдэмхийрэгчид “Ил, далд уурхайн бүтээн байгуулалт тусдаа асуудал” гэж ярьж, бичиж байсан.

Гэвч төсөл нь тусдаа ч гэсэн яг ачир дээрээ тусдаа биш, нэг нэгэндээ маш их нөлөөтэй гэдгийг татварын маргааныг шийдсэн арга батлаад өгчихлөө.

Асуудлыг хэрхэн шийдсэн /130 сая ам.долларыг 30 болгож бууруулсан/ талаарх мэдээллийг монголчууд анх гадны сайтаас олж мэдсэн гэдгийг энд онцолмоор байна. Бүрэн шийдээгүй асуудлаар олон нийтэд мэдээлэл хийхгүй гэсэн тохироо байдаг ч гэсэн гадны хэвлэлүүд яаж ийгээд мэдээлэл олж авчихаад байдгийн учир юу вэ.

Уул уурхайн сайд О.Эрдэнэбулган “Ройтерс” агентлагийн сурвалжлагчийн асуултад “Татвартай холбоотой маргаан шийдэгдсэн. Татварын байгууллагаас тогтоосон 130 сая ам.долларын зөрчдийн 30 саяыг үлдээж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгохоор тохиролцлоо. Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх тал дээр хоёр тал нягт хамтран ажиллаж байгаа. Тиймээс элдэв маргаанаас болж энэ ажлаа зогсоож болохгүй гэдгийг ойлгож байна” хэмээн хариулсан байх юм. Энэ бол Рио Тинто эхний төслөөрөө барьцаалж, биднийг шантаажилж байгаагийн илрэл.

“Нэгэнт эхлүүлчихсэн” гэдэг шалтгаан “Цаашдаа бие биенээ хуурч мэхлээд, нөгөө нь уучлаад явна” гэсэн үг биш байлтай. Асуудал тодорхой болсны дараа “Оюутолгой” ХХК “Татвартай холбоотой асуудлаар байр суурь илэрхийлэхгүй” гэж мэдэгдээд одоо болтол энэ байр сууриндаа байгаа. Гэтэл “өршөөх” шийдвэр гаргасан албан тушаалтнууд, байгууллагууд хүртэл тайлбар хийхгүй гэдэг нь ямар учиртай юм бэ. Маргаан таслах зөвлөлийн мэдэгдэлд “Оюутолгой ХХК-ийн нөхөн өгсөн баримтуудад тулгуурлаж” гэсэн өгүүлбэр байгаа. Тэгвэл тэр нөхөж өгсөн баримтууд гэдэг нь юу болохыг өнөөдөр УИХ-ын гишүүн ч мэдэх эрхгүй сууна.

Энэ асуудал итгэлцлийн тал дээр цаашдаа маш том асуудал үүсгэх нь тодорхой болчихлоо. Учир нь энэ шийдвэр нэгдүгээрт Оюутолгой санхүүгийн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн гэсэн ойлголтыг дэлхий нийтэд өгнө. Хоёрдугаарт, гаргасан зөрчлийн 80 гаруй хувийг тэглэж өгсөн гэдгээрээ Монголын тал бас дотооддоо шүүмжлэлд өртөх юм. Хөрөнгө оруулагчид цаашдаа ийм зөрчил гаргаад, эрх баригчид “80% off” зарчмаар шийдээд явах вий гэсэн болгоомжлол аль хэдийнэ үүсчихсэн байна.

Монголын эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй байгаа нь үнэн. Өөрсдөө үйлдвэрлэдэггүйн харгайгаас үүдсэн валютын хомсдол, ханшийн өсөлт эдийн засгийг өдрөөс өдөрт туйлдуулж байгааг хэн хүнгүй мэдэрч байгаа. Гадныхан биднийг тоож ч харахгүй байгаа ийм үед валютын урсгалыг нэмэгдүүлэх хамгийн боломжийн гарц нь нэгэнт эхэлсэн ажлаа дуусгах, өөрөөр хэлбэл Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх явдал гэдэг нь ойлгомжтой.

2015 оны эхний улиралд багтаад бүтээн байгуулалт эхэлнэ, тэр жилдээ тэрбум ам.доллар орж ирж, 3000 ажлын байр нэмэгдэнэ гэдэг бидний хувьд том сонсогдож байж болно. Гэхдээ энэ бол гадны хөрөнгө оруулагчдын өмнө өвдөг сөхрөх шалтгаан биш гэдэгтэй олон хүн санал нийлнэ биз ээ.

Х.Батсайхан

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

4 comments

  1. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  2. Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)

    • Очень хорошая школа! С новогодними праздниками всех Вас! Здоровья, успехов, всего самого ЁÂ‘€ÿµÐºÑ€Ð°ÑÂÂнÐþго! С огромным уважением Вш бывший ученик 1962-1972г.г.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »