Уранаар амьсгалах казакстанчууд

kaz 

Монгол Улс газрын баялаг ихтэй. Өвөг дээдсээс өвлүүлсэн энэ баялаг өнөөдөр улс орны эдийн засаг хийгээд хөгжлийн гол суурь болоод байгаа билээ. Тиймээс ч манай улс Оюутолгой, Тавантолгой зэрэг эрдэнэс баялаг арвинтай стратегийн томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулаад байна   Эдүгээ ураны нөөцөө ч тогтоолгож амжсан. Дорноговь аймгийн Дулаан-Уулын ураны ордод Францын хөрөнгө оруулалттай “Арева” группын охин компани болох “Кожеговь”-ийнхон хайгуулын үйл ажиллагаа явуулаад 17 жилийг үдэж. Тэд Монголыг ураны нөөцөөрөө дэлхийд 10 дугаарт жагсаалаа. Харин соц. үеэс “цөмийн зориулалтаар ашигладаг, аюултай бодис” гээд ойлгуулж ирсэн болохоор ураныг олборлох нь байгаль орчин хийгээд хүн малд сөрөг нөлөөтэй гэх санамж тархинаас өнөө хэр арилаагүй л байна. Тиймээс ч дээрх бүс нутагт малын элдэв өвчлөл гарахад урантай холбон ярих малчдын, нутгийн иргэдийн нь ч буруу биш юм. Харин “Кожеговь” компанийн зүгээс малчдад ураны хайгуул, олборлолт бусад улс оронд хэрхэн явагддаг, үйл ажиллагаа яаж явуулдаг талаар танилцуулахаар байгаль цаг уур ижил Казакстан улсад зорчуулав. Казакстан дахь Казакстаны төрийн өмчит Казатомпром, АРЕВА-гийн хамтарсан “Катко”-гийн уурхайн үйл ажиллагааг малчдад танилцуулсан юм. Казакстан явах малчдын төлөөллийг Улаанбадрах сумын багийн иргэдийн хурал, Сайншанд сумын Зүүнбаян багийн иргэдийн хурлаар сонгон авчээ. Малчдын төлөөллийг Улаанбадрах сумын ИТХ-ын дарга Ц.Эрхэмболд ахалж явав. Казакстаныг зорих малчдаас явахын өмнө ураны талаар байр суурь, сэтгэгдлийг нь сонсоход“Манай сумын нутаг дэвсгэрт Францын хөрөнгө оруулалттай “Арева” компаний охин компани үйл ажиллагаа явуулдаг. Энэ үйл ажиллагааг нутгийн ард иргэд бид эсэргүүцдэг. Шар нунтаг гаргаж авахын тулд хүхрийн хүчил хэрэглэдэг. Сүүлийн үед манай суманд малын өвчлөл гарч байна. Уушиг, дотор нь өвчилж байна. Шинжилгээнд явуулахаар зүүн өмнөд Азид гардаг гурван төрлийн өвчний нэг байна гэдэг. Бид малын үүлдэр угсааг сайжруулах талаас нь бодолцож байна. Уг өвчлөл уранаас үүдэж гараад байна гэж манай нутгийнхан үзэж байгаа. Тиймээс ураны хайгуулын талаар эсэргүүцэлтэй ханддаг” гэж байлаа.

Ийнхүү Дорноговийн Улаанбадрах сумын малчдын төлөөлөл Улаанбаатараас Алматы-г зорьж, Катко-гийн уурхайтай танилцаад зогсохгүй Казакстаны Сузак мужын удирдлага, малчид, мал эмнэлгийнхэнтэй уулзлаа.

Малчдын төлөөллийг Каткогийн ерөнхий захирал Жерар Фри хүлээн авч уулзан, уурхайн үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан юм.

Катко нь 1996 онд байгуулагдсан. Үйлдвэрлэлийн туршилтын үйлдвэрийг анх 2000 онд Мойынкумд барьжээ. 2006 онд өмнөд Мойынкумын боловсруулалтын үйлдвэр ашиглалтанд орсон. Тус үйлдвэр нь жилд 700 тонн уран олборлох хүчин чадалтай аж. 2007 онд Торткудукд2 дахь боловсруулалтын цогцолборыг байгуулсан байна. Катко үйлдвэр жилд нийт 4000 тонн шар нунтаг үйлдвэрлэж байна.

Казахстан улсын цөмийн эрчим хүчний бизнес маш хурдацтай хөгжиж байна. Дэлхийн нийт нөөцийн 15 орчим хувь буюу дэлхийд хоёрт бичигдэх ураны нөөц бүхий Казахстан улс нь уран олборлох үүднээс хамгийн үр дүнтэй аргаар уран олборлох, өөрийн их хэмжээний нөөцийг худалдах шинэ зах зээл нээж байна.

Казахстан улс 2009 онд дэлхийн нийт үйлдвэрлэлийн 28 хувь, 2010 онд 33 хувь, өнөөгийн байдлаар ойролцоогоор 38 хувийг бүрдүүлж байгаагаараа дэлхийд тэргүүлэгч уран олборлогч орон болсон. Ураны уурхайн хүчин чадал болон тоо хэмжээг огцом өсгөснөөр энэхүү үр дүнд хүрсэн юм. Одоогийн байдлаар 14 уурхай ажиллаж байна.

Өнөөдөр Казахстан улс цөмийн түлш үйлдвэрлэх томоохон үйлдвэртэй болсон бөгөөд хэтдээ дан уран зарах бус түлш болгож худалдах зорилт тавин ажиллаж байна. 2015 он гэхэд Казахстан улс дэлхийн цөмийн түлшний зах зээлийн 30 хувийг хангахаар зорьж байгаа аж.

КАТКО уул уурхайн компани нь Казахстаны өмнөд хэсэгт, Шымкентээс хойд зүгт 250-аад км зайд оршдог Мойынкум болон Торткудукийн ураны ордуудыг олборлохоор Алматы хотод төвтэйгээр 1996 онд байгуулагдсан. Компанийн хувьцааны 51хувийг АРЕВА, 49 хувийг байгалийн ураныг үйлдвэрлэгч Казахстаны төрийн өмчит КазАтомПром эзэмшдэг юм.

Хоорондоо 42 км-ийн зайд оршдог уурхайн хоёр талбайн төслийн ажил нь туршилтын үйлдвэр барих ажлыг багтаасан ТЭЗҮ гурван жил үргэлжилсэний дараа хувь эзэмшигчдийн гэрээнд гарын үсэг зурснаар 2004 онд хэрэгжиж эхэлжээ. Сонгосон технологи нь газар дор уусган олборлох арга бөгөөд энэ нь химийн уусмалыг шууд газрын гүн рүү шахаж ордод буй ураныг уусгадаг арга юм.

КАТКО нь нийгэмд оролцоотой, хариуцлагатай компани гэдгээрээ танигдсан Казахстаны өмнөд хэсгийн Сузак мужийн хамгийн том ажил олгогчдын нэг аж.

КАТКО-ын уурхайнууд Казахстаны өмнөд хэсэгт алслагдсан мужид оршдог ба орон нутгийн иргэдтэй байнгын холбоотой байдаг. АРЕВА-ын үнэт зүйлсийн дүрэмд нийцүүлэн хийсэн бүс нутгийн нийгмийн хөтөлбөр нь орон нутгийн иргэдийн амьдралд тогтвортой дэмжлэг болохуйц төслүүдэд чиглэгддэг аж. Жишээлбэл, КАТКО Сузак мужийн Шолаккорган дахь А.Шулейменовын нэрэмжит сургуулийн барилгын ажлыг санхүүжүүлсэн. Энэхүү шинэ сургуулийн нээлтийг 2011 оны 9-р сард хийсэн бөгөөд 1953 онд барьсан хуучин сургуулийн оронд барьж босгожээ. Шинэ сургуулийн байр 200 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай гэнэ.

Мөн түүнчлэн КАТКО орлого багатай айл өрхүүдийн хүүхдүүдийг хэрэгцээтэй хичээлийн хэрэгсэл, хувцсаар хангах, хүүхдийн зусланд амраах болон боловсролыг нь санхүүжүүлж тусалдаг. Үүний зэрэгцээ КАТКО нь Казахстаны Их Сургуулиуд болон Францын сургуулиудтай түншлэн боловсролын хөтөлбөр болон орон нутгийн оюутнуудын сургалтыг дэмждэг. Тус компани нь орон нутгийн эмзэг бүлгийн хүмүүст мөн анхаарлаа хандуулж   шаардлагатай тохиолдолд гурил, нүүрс зэргээр хангадаг байна.

Үнэндээ ч Каткогийн уурхайг тойрон малчин иргэд өвөлждөг байна. Сузак мужийн залуучууд уурхайд ажиллах хүсэлтэй байдаг аж. Мужийн захирагч “Залуучууд уурхайд ажиллах сонирхол их байна. Арга ч үгүй биз, тэнд тав тухтай орчин, өндөр цалин хангамж, мэргэжил дээшлүүлэх боломж гээд бүгд байгаа. Харин өнөөдөр бидэнд малчин залуус ховордоод байна. Ураныг дагасан хөгжил улс орныг төдийгүй залуусыг ч мэдлэг боловсролтой, мэргэжилтэй болгож байна. Манай дүүрэг өмнө нь газар тариалангийн бүс байлаа. Харин ураны үйлдвэрлэл явуулсанаас хойш Казакстаны бусад дүүргүүдээсээ хөгжлөөрөө тэргүүлсэн. Уранаас хордоно гэсэн ойлголт бидэнд байхгүй. Манайх улсаас татаас авахаа байсан. Хөгжлөөрөө улсдаа тэргүүлнэ гэж байлаа. Сузак мужид цацрагийн тунг хэмждэг терометр байрлуулсан байна. Сар бүр мужийн хэмжээнд хүн амын эрүүл мэндийн тайлан гаргадаг гэнэ.

“АРЕВА” группын Уул уурхайн бизнес группын Хэвлэл мэдээлэл хариуцсан туслах дэд ерөнхийлөгч Мари-Лор Лефебюр:

-Энэ аялал “Кожеговь”, “Катко” болон малчдын хувьд маш чухал боллоо. Бид Монголын малчдыг Казакстаны малчидтай уулзах боломжийг олгож байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн аялал үүгээр дуусахгүй. Цаашдаа малчидтай уулзаж, үйл ажиллагаагаа танилцуулах ажлыг хийсээр байх болно. Иргэдийн оролцоот байгаль орчны хяналтын хөтөлбөр сар болгон хийгдэж байгаа. Наймдугаар сард мал угаах, паразитаас салгах ажлыг хийлээ. Наадмын үеэр манай ажилтнууд нутгийн иргэдээс хонь худалдан авах ажлыг хийсэн. Тун удахгүй малчид иргэдэд зориулсан сургалтын ажил хийнэ. Мөн орон нутгийн мэдээллийн зөвлөлийнхөн иргэдтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулт өгдөг. Энэ үйл ажиллагаа цаашид үргэлжилнэ. “Арева Монгол”, “Кожеговь” компани хариуцлагатай компани гэдгээ энэ үйл ажиллагаагаараа харуулж байгаа юм. Үүний зэрэгцээ орон нутгийн эдийн засгийн хөгжилд онцгой анхаарал хандуулдаг. Цаашид ч анхаарлаа хандуулсаар байх болно гэдгийг хэлье” гэлээ.

Нөгөөтэйгүүр Дорноговь аймагт гараад байгаа малын өвчлөл уранаас хордсон байх магадлалтай гэсэн малчдын таамаглал ч эндүү байсныг тэд ярьж байлаа. Учир нь Каткогийн уурхайг тойрон бэлчээрлэх мал сүрэг, малчид, худаг зэргийг харсан малчид “эндхийн ургамал нь хоргүй, уурхайнхан хяналтаа сайн тавьж ажилладаг юм байна” гэцгээж байсан юм.

Эдүгээ малчид ураны үйл ажиллагааг эсэргүүцэн босох бус дэмжин нутаг орноо хийгээд улсын хөгжилд хувь нэмэр оруулах хэрэгтэй гэдгийг онцолж байлаа.

Тиймдээ ч уранаар амьсгалж, баялгаа олборлон хөгжих казакстанчуудаас Монгол ч бас юун хоцрох билээ. Бид ч бас “Уран аюултай” гэж хөгжлөө хойш чангаалгүй, баялгаа ашиглан дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэх цаг иржээ.

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 5-р багийн малчин Н.Лхагвадорж Казахстан дахь КАТКО ураны уурхайн шар нунтгийн газар дор уусган олборлолттой танилцаж буй нь

kaz1

Н.Энх

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »