“Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын мэдээ

iltod23

Уул уурхайн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаар энэ сард геологи, уул уурхай, газрын тосны салбарт хийгдсэн томоохон ажлуудаа тоймлон хүргэе.

Уул уурхайн сайд болон Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар нийт 214 ажлын хэсэг гаран ажилласнаас 130 ажлын хэсгийн дүгнэлт гарч, үүрэг болгосон ажил үүргээ гүйцэтгэж одоогоор 84 ажлын хэсэг ажиллаж байна. Үүнээс Сайдын тушаалаар байгуулагдсан 67 ажлын хэсэг, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан 6 ажлын хэсэг, бусад яам болон холбогдох байгууллагуудтай хамтарсан 11 ажлын хэсэг тус тус ажиллаж байна.

“ЭЗЭН-100” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдал

Эдийн засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд УУЯ-ны хэрэгжүүлэх 19 ажлын явцыг 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үнэлгээ хийхэд биелэлт Ерөнхий дүнгээрээ 65 хувьтай байна. Тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудыг явцыг эрчимжүүлэх, биелэлтийн хувь бага байгаа арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хяналтандаа авч ажиллаж байна.

Уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин урт
хугацаанд тогтвортой байна

Гадаад, дотоод хөрөнгө оруулагчдын дунд хүлээлт үүсгээд байсан Ашигт малмталын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар баталлаа.

Хууль батлагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан геологи, уул уурхайн салбарын зорилтууд хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэж, улмаар улс орны нийгэм эдийн засагт доорх эерэг үр дүн гарна гэж үзэж байна. Үүнд:
– Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг төрөөс зөвшөөрөгдсөн газар нутагт олгож эхэлснээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, ашигт малтмалын нөөц арвижиж, эдийн засгийн чадавхи, дархлаа сайжрах нөхцөл бүрдэнэ;
– Төрөөс геологийн салбарт баримтлах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд геологийн судалгаа, шинжилгээ, мэдээллийн нэгдсэн сантай болно;
– Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагаа нь хариуцлагатай уул уурхайн зарчимтай нийцэх боломжтой болно;
– Салбарт орох хөрөнгө оруулалт болон баялгийн сан арвижих, экспортолж байгаа ашигт малтмалын боловсруулалтын түвшин дээшилснээр нэмүү өртөг эх орондоо үлдэх, экспортын орлого нэмэгдэх, боловсруулах үйлдвэрт тэргүүний техник технологи нэвтрэх, хөдөлмөр эрхлэлт эрс нэмэгдэх зэрэг эерэг үр дүн гарна.
– Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ авах, туслан гүйцэтгэгч сонгоход тэргүүн ээлжинд Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид давуу эрх олгодог болсноор дотоодын аж ахуйн нэгжүүдийн орлого, ашиг нэмэгдэнэ;
– Мэргэшсэн мэргэжилтэн, шинжээч болох эрхийг үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, геологи, уул уурхайн салбарын төрийн бус байгууллагаар олгодог болно. Ингэснээр ашигт малтмалын нөөц, ордын нөөцийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар гүйцэтгэнэ.
– Эрдэс баялгийн салбарын бодлого, хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хууль санаачлагчид судалгаанд үндэслэн зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Бодлогын зөвлөлтэй болно. Ингэснээр хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг, үнийн хэлбэлзэл ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олборлох үйлдвэрлэлийн салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой байх нөхцөл бүрдэнэ.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газар хүлээн авч шийдвэрлэж эхлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг Монгол Улсын Засгийн газраас тогтоох бөгөөд тогтоосон талбайн мэдээллийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (Ашигт малтмалын газар) өдөр тутмын сонин, өөрийн цахим хуудас болон байгууллагын гаднах дэлгэцээр олон нийтэд ил тод, нээлттэйгээр зарлана.

Монгол Улсын Засгийн газраас баталсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайнуудаас төрийн захиргааны байгууллага нь эрдэс баялагийн салбарын бодлогод нийцүүлэн, тус байгууллагын ажлын ачааллыг харгалзан өргөдөл хүлээн авах талбайг тухай бүр хэсэгчлэн зарлахаар төлөвлөж байна.

Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах дугаарыг цахим хэлбэрээр тараах бөгөөд улмаар энэ ондоо багтаан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах ажиллагааг цахимжуулах зорилт тавин ажиллаж байна.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 156.6 сая га. Үүнээс:
– Ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэх боломжтой талбай 35.4%
– Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон болон хориглох гэж байгаа талбай 63.5%

Хууль, тогтоомжоор хязгаарласан болон БОНХЯ-аас хориглох гэж буй талбайнууд өөр хоорондоо давхцдаг бөгөөд нутаг дэвсгэрийн 64.6%-ийг эзлэж байна.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох талбайг дээр дурдсан талбайтай давхцуулалгүйгээр тооцож үзэхэд нутаг дэвсгэрийн 27.7 хувь байна. Үүнд:
· Сонгон шалгаруулалтын талбай – 11.34 сая га буюу 7.2%
· Өргөдлөөр олгох талбай – 32.08 сая га буюу 20.5%

Шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон хайгуулын болон ашиглалтын 106 талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгоно

Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 216 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрөл шинээр олгохоор боллоо.

Сонгон шалгаруулалт явуулах талбай тус бүр дээр өмнө хийгдсэн геологи, хайгуулын ажлын зардлын баримтад үндэслэн сонгон шалгаруулалтын босго үнийг тогтооно. Үүний дараа сонгосон талбайг нээлттэй зарлаж шалгаруулалтыг явуулах юм.

Газрын тосны салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ

Газрын тосны тухай хууль нь 1991 онд баталсан БНМАУ-ын хууль байсан. Тус хуулийг өнөөгийн шаардлага, стандартад нийцүүлэн шинэчлэлээ. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар дараах үр дүн гарна гэж үзэж байна.Yүнд:
– Газрын тосны салбарт төрийн байгууллагын эрх үүрэг тодорхой болж, газрын тос ашигласаны төлбөр (роялти)- болон тусгай зөвшөөрлийн төлбөрийн хувь хэмжээ, түүнийг ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх болон тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцаа боловсронгуй болно.
– Газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийн ялгаа тодорхой болж, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тогтолцоо иж бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
– Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан татварын нөхцлийг хадгалсанаар хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчин бүрдэнэ.
– Монгол Улсад баригдах газрын тосны боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоос хангах, улмаар газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлаас гарах, экспорт нэмэгдэх, гадаад валютын нөөц өсөх, ажлын байр нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр дагаварыг бий болгоно.
– Уламжлалт бус газрын тосны эрх зүйн орчин тодорхой болно.
– Газрын тос болон уламжлалт бус газрын тосны хөрөнгө оруулалт болон бизнесийн орчны өрсөлдөх чадвар нь олон улсын дундаж түвшнээс дээгүүр хэвээр хадгалагдана.
– Гэрээлэгч ашиглалтын үед орон нутагтай байгуулах хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу өөрт ногдох газрын тос, уламжлалт бус газрын тосны орлогоос орон нутаг хөгжүүлэх санд төвлөрүүлж болно.

Уул уурхайн салбарын статистик мэдээлэл

Уул уурхайн салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 18.5 хувь, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 66 хувь, нийт экспортын 83.2 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын 17.5 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 81% -ийг бүрдүүлж байна.
2014 оны эхний хагас жилийн байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 479.9 мянган тонн, нүүрсний үйлдвэрлэл 11.7 сая тонн, алтны үйлдвэрлэл 3.0 тонн, хайлуур жоншны баяжмалын үйлдвэрлэл 159.5 мянган тонн байна. Мөн төмрийн хүдрийн үйлдвэрлэл 2.7 сая тонн, цайрийн баяжмалын үйлдвэрлэл 46.8 мянган тонн, газрын тосны үйлдвэрлэл 3.6 сая баррелыг олборлоод байна.
Өнгөрсөн оны эхний хагас жилтэй харьцуулвал зэсийн баяжмалын үйлдвэрлэл 57.4 хувь, төмрийн хүдрийн үйлдвэрлэл 17.5 хувь, хайлуур жоншны баяжмалын үйлдвэрлэл 17.1 хувь, газрын тосны үйлдвэрлэл 53.4 хувиар тус тус өссөн байна
Нийтдээ, 2014 оны эхний хагас жилийн байдлаар Уул уурхайн салбараас татварын орлогоор Улсын төсөвт 481.2 тэрбум төгрөг төвлөрөөд байна.
2014 оны эхний хагас жилийн өссөн дүнгээр 9.4 сая тонн нүүрс экспортлоод байгаа бол зэсийн баяжмал 583.5 мян.тн., молибдений баяжмал 1.7 мян. тн., алт 2.5 тн., жонш 138.4 мян.тн., төмрийн хүдэр 2.6 сая тн., цайр 45.4 мян.тн., газрын тос 3,4 мян.баррелийг тус тус экспортлоод байна. Өнгөрсөн оны хагас жилийн байдлаарх экспортын дүнтэй харьцуулвал цайрын баяжмалын экспорт 34.5 хувь, газрын тосны экспорт 39.4 хувийн өсөлттэй байна.
Монгол банкинд 2014 оны хагас жилийн байдлаар 4.1 тонн алт тушаагаад байна. Үүнийг 2013 оны хагас жилд 2.5 тонн алт тушааж байсантай харьцуулвал 65.5%-иар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох талаар Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн бодит үр дүн гэж үзэж байна.
Монгол Улсын хэмжээнд 2014 онд нийт 5,85 сая баррель буюу 782,6 мянган тонн газрын тос олборлож, экспортлох төлөвлөгөөтэй байгаагаас энэ оны 07.16-ны байдлаар нийт 3,6 сая баррель буюу 488 мянган тонн газрын тос олборлож, 3,4 сая баррель буюу 458 мянган тонн түүхий тос экспортолж, төлөвлөгөөний гүйцэтгэл 58.63 хувьтай байна. 2014.07.01-ний өдрийн байдлаар газрын тосны экспортын орлогоос улсын төсөвт 105,4 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.

Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэл

Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийг авч үзвэл Ашигт малтмалын газар нийт 19.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 17.5 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 1.1 тэрбум төгрөг, бусад орлого 866.8 сая төгрөг байна. Газрын тосны газар нийт 105.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс Газрын тосны орлого 105.4 тэрбум төгрөг, бусад орлого 800.1 сая төгрөг байна.

Эрдэс баялгийн бирж байгуулахаар ажиллаж байна

МонголУлсынЗасгийнгазрын 2012-2016 он хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт эрдэс баялгийн экспортыг нэгдсэн “Нэг цонх”-ны бодлогоор хэрэгжүүлэх, уул уурхайн олборлох үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд зах зээлийн үнээр тэргүүн ээлжид нийлүүлдэг байх талаар тусгагдсан билээ.
Түүнчлэн Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт Эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, экспортын нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор эрдэс баялгийн бирж байгуулахаар заасан.
Эрдэс баялгийн биржийг байгуулах талаар Уул уурхайн яам нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн хүрээнд Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
Монголын Эрдэс баялгийн биржийн тогтолцоо ба түүний схем, эрх зүйн орчны байдлаар шийдвэрийн төсөл бэлтгэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган түлхүүр гардуулах нөхцлөөр олон улсад нээлттэй сонгон шалгаруулах ажлыг 2014 оны 3 дугаар улиралд багтаан зохион байгуулж, биржийн үйл ажиллагааг зохицуулах журмын төслийг боловсруулан энэ оны 9 дүгээр сард танилцуулах тухай Засгийн газрын тогтоол гарсан. Ингэхдээ биржийг 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгөөр гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийн түншлэлд тулгуурлан үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа.
Түүнчлэн 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Олон Улсын болон дотоодын биржээс Монгол Улсын эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах, кластер бий болгох, үнэт цаас, түүхий эд боловсруулсан бүтээгдэхүүний арилжаа, борлуулалтыг олон улсын жишигт хүргэх, эрдэс баялгийн бирж дагасан валютын урсгалыг нэмэгдүүлэх зэрэг зорилгоор Уул уурхайн яам Монголын Үнэт цаас эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллаx талаар Cанамж бичиг байгуулаад байна.
Ингэснээр Монгол Улсад Эрдэс баялгийн бирж байгуулax бэлтгэл хангагдаж улмаар бирж байгуулагдснаар зөвхөн дотоодын эрдэс баялгийн үнийг зохистой болгоод зогсохгүй бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж Төв Азийн эрдэс баялгийн худалдаанд голлох үүрэг гүйцэтгэхийг зорьж байна.

Шатахууны 34 хоногийн нөөцтэй байна

2014 оны 7 дугаар сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 34 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 40, Аи-92 автобензин 34, дизелийн түлш 41, ТС-1 20 хоногийн нөөцтэй байна.

Check Also

Xanadu Mines cashed up and working to unlock the value at Kharmagtai Share

Xanadu Mines Ltd’s (ASX:XAM) accelerated exploration has extended the footprint of the Kharmagtai Copper-Gold Project …

Leave a Reply

Your email address will not be published.

Translate »