Хуулийн шинэчлэлт мөнгө даллах уу?

Xаврын чуулган хамгийн сүүлчийн хуралдаанаараа уул уурхайн салбарыг гацаанд оруулаад байсан гол хуулиудыг баталсан нь эдийн засагт эерэг төсөөлөл бий болгоод байна. Гадаад, дотоод хөрөнгө оруулагчдын дунд хүлээлт үүсгээд байсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар эдийн засагт тодорхой хэмжээний дэмжлэг болж чадна гэж салбарын яамныхан тодорхойлж байна.

Өнгөрсөн өвөл Монгол Улс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогын бичгээ баталсан. Үүний хүрээнд уул уурхайн салбарын гол хууль болох Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай тулгарсан билээ.  Өөрөөр хэлбэл, бодлогын дагуу хуулиа өөрчилж, хэсэг хугацаанд хоригтой байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах нь эдийн засагт  хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж Засгийн газар үзсэн юм.  Тодруулбал,  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг төрөөс зөвшөөрөгдсөн газар нутагт олгож эхэлснээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, ашигт малтмалын нөөц арвижиж, эдийн засгийн чадавхи, дархлаа сайжрах нөхцөл бүрдэх гэнэ.

Мөн төрөөс геологийн салбарт баримтлах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд геологийн судалгаа, шинжилгээ, мэдээллийн нэгдсэн сантай болох гэнэ.

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагаа нь хариуцлагатай уул уурхайн зарчимтай нийцэх боломжтой, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ авах, туслан гүйцэтгэгч сонгоход тэргүүн ээлжинд Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид давуу эрх олгодог болсноор дотоодын аж ахуйн нэгжүүдийн орлого, ашиг нэмэгдэнэ зэрэг эерэг талуудыг дурдаж болно.  Мэргэшсэн мэргэжилтэн, шинжээч болох эрхийг үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, геологи, уул уурхайн салбарын төрийн бус байгууллагаар олгохоор болжээ. Ингэснээр ашигт малтмалын нөөц, ордын нөөцийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар гүйцэтгэх аж. Эрдэс баялгийн салбарын бодлого, хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хууль санаачлагчид судалгаанд үндэслэн зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Бодлогын зөвлөлтэй болно. Ингэснээр хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг, үнийн хэлбэлзэл ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олборлох үйлдвэрлэлийн салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой байх нөхцөл бүрдэх бололтой.  Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг 2014 оны долдугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газар хүлээн авч шийдвэрлэж эхлэх бэлтгэлийг ханган ажиллаж байгааг ч салбарын яам дуулгав.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг Монгол Улсын Засгийн газраас тогтоох бөгөөд тогтоосон талбайн мэдээллийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (Ашигт малтмалын газар) өдөр тутмын сонин, өөрийн цахим хуудас болон байгууллагын гаднах дэлгэцээр олон нийтэд ил тод, нээлттэйгээр зарлах юм байна. Монгол Улсын Засгийн газраас баталсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайнуудаас төрийн захиргааны байгууллага нь эрдэс баялагийн салбарын бодлогод нийцүүлэн, тус байгууллагын ажлын ачааллыг харгалзан өргөдөл хүлээн авах талбайг тухай бүр хэсэгчлэн зарлах аж. Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах дугаарыг цахим хэлбэрээр тараах ажээ.

Ийнхүү шинэ хууль эдийн засагт шинэ боломж авчирна гэдэгт салбарын яамныхан итгэлтэй байгаа бололтой. Хуулийн шинэчлэлт цагаа болон нүдээ олсон эсэхийг цаашид цаг хугацаа харуулах биз. Ямар ч байсан хуулийн шинэчлэлт эдийн засагт мөнгө даллах эерэг хүлээлт үүсгээд байгаа юм.

Check Also

Southern Copper to splash $2.5 billion on Peru project

Southern Copper Corp was declared the winner on Tuesday of the Peruvian government’s first auction of …

Leave a Reply

Your email address will not be published.

Translate »