Цагаан суварга МАК-ийн халаасанд орлоо

Зэсийнхээ нөөцөөр Эрдэнэт, Оюутолгойн дараа бичигдэх болсон Цагаан суваргын  ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг Хаврын чуулган хамгийн сүүлийнхээ хуралдааны үеэр гаргалаа. Ингэснээр тус орд  дээр төр  “0” хувь эзэмшихээр болж байгаа юм.  Тодруулбал, стратегийн гэх тодотголтой Цагаан суваргын орд парламентаас гаргасан шийдвэрийн дагуу 100 хувь “МАК” компанийн мэдэлд очсон гэсэн үг. Монголын ард  түмэн энэ ордоос ямар ч хувь эзэмшихгүй, ямар ч ашиг хүртэхгүй, төр зөвхөн рояльти татвараа авахаар зохицуулсан байна. Эдийн засгийн талаасаа зөв шийдвэр байж болох хэдий ч стратегийн гэх тодотголтой, зэсийнхээ нөөцөөр Монголдоо гуравт жагсч байгаа энэ орд төрийн хяналтаас бүр мөсөн гарлаа гэж хэлж болно.

Монголын парламентад нэгэн гаж үзэгдэл жишиг болон тогтоод удаж байгаа. Аливаа баяр ёслолоор эсвэл ямар нэгэн дуулианы ар хударгаар, бүр адаглаад чуулган хаахын өмнө баахан хуулийг бөөндөж баталдаг уламжлалтай болсон. Тэр дагуу хамгийн сүүлчийнхээ хуралдааныг  мягмар гаригт шөнө дөл болтол хийсэн хаврын чуулган хаалтаа хийхээс өмнөхөн багагүй хуулийг бөөндөж гаргасны нэг нь “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” тогтоолын төсөл байв.

Царигийн хэрүүл, хөлбөмбөг, газрын тухай хуулийн шүүмжлэл дарагдаад олон нийтийн анхаарлыг  төдийлөн татахгүй байгаа болохоос биш  чухамдаа бол чоно борооноор гэдэг болоод өнгөрөв үү гэх эргэлзээг төрүүлж буй.

Түүхийг сөхвөл, Цагаан суваргын зэсийн ордод 1965-1967 онд эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онд урьдчилсан хайгуул, 1980-1982 онд нарийвчилсан хайгуулын ажлуудыг улсын төсвийн хөрөнгөөр хийж, 1984 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хуралдаанаар нөөцийг хүлээн авсан байдаг. Шинээр батлагдсан хуулийн дагуу улсын хөрөнгөөр эрэл хайгуул хийсэн ордын  34 хүртлэх хувийг төр үнэгүй эзэмших эрхтэй гэсэн заалт байгаа.  Тиймээс  Засгийн газар хуулийн дагуу дээрх ордын 34 хувийг эзэмших саналаа УИХ-д хүргүүлсэн боловч парламент их хэмжээний нөөцтэй, эдийн засгийн ач холбогдол ихтэй тус МАК-ын мэдэлд шилжүүлснээрээ Г.Уянга гишүүний хэлсэнчлэн Н.Номтойбаярын гэр бүл, үр хүүхэд идээд ч барахгүй их хөрөнгө дээр суухаар боллоо.

Улсын хөрөнгөөр битгий хэл хувийн хөрөнгөөр эрэл хайгуул хийсэн ордын 50 хувийг авна гэж дайрдаг манай эх орончид, популистууд ч яагаад Цагаан суваргын зэсийн ордыг Монголын ард түмэн эзэмших ёстой гэсэн байр сууриа илэрхийлэхгүй байна вэ.  Байсхийгаад л Оюутолгойтой “байлдаан” хийдэг С.Ганбаатар гишүүн хүртэл энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн бололтой нам гүмхэн байгаа нь хачирхалтай биш гэж үү. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж амжаагүй шахам байхдаа “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” тогтоолын төслийг парламент хэлэлцэн баталсан нь Монголын парламент хэний талд үйлчлэв ээ гэсэн сонирхолтой асуултыг тавихад хүргэж байна. Үнэндээ МАК компанийн МАН-ын гол санхүүжүүлэгч гэдгийг монголчууд андахгүй. Тэр ч утгаараа цөөнх тус ордыг гол санхүүжүүлэгчийнхаа халаасанд хийхээр зүтгэсэн нь лавтай.

Цагаан суваргын зэсийн ордоос төр хувь авахгүй юм бол стратегийн гэх тодотголтой бусад 14 ордоос бас л Монголын ард түмэн хувь эзэмшихгүй үлдэх нь ээ гэж ойлгож болно. Тэгэхээр энэ янзаараа Монголын газрын хэвлий доорх их баялаг мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн гараар ороод дуусах бололтой байна

Check Also

“ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ээлжит “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлыг зохион …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »