УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж, газрын тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосны талаарх ойлголт, төрийн байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг тодорхой болгон, роялти, татварын хувь хэмжээ, түүнийг оногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаатай холбоотой харилцааг боловсронгуй болгон хуульчлах зайлшгүй шаардлагатай байгаа тул уг хуулийн төслийг дахин боловсруулсан байна.
Газрын тосны тухай хуульд газрын тосны олборлолт явуулж буй аж ахуйн нэгжүүдийн харилцааг нарийн тусгаагүй, ойлгомжгүй, бусад хуультай зөрчилдсөн заалтууд нэлээд байгаа бөгөөд хуулиар зохицуулах шаардлагатай харилцааг Засгийн газрын тогтоолоор баталсан Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмаар зохицуулж байгаагаас хамаарч сүүлийн үед хуулийг хэрэгжүүлэхэд багагүй хүндрэл учирч байгааг өөрчилж, журмаар зохицуулж байсан харилцааг хуульчилжээ. Уг хуулийн төслийн УИХ-аар хэлэлцэн өнөөгийн хэрэгцээ шаардлагыг хангаагүй гэж үзсэн тул УИХ-аас олонхийн дэмжлэг аваагүй унасныг хоёр дахиа оруулж буй нь энэ юм.
Газрын тосны олборлолтоос манай улсын төсөвт нэг өдөрт 800 сая төгрөг ордог эдийн засгийн ач холбогдол ихтэй салбар. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн дарга уг хуулийн төслийг УИХ-д дахин оруулна хэмээн мэдэгдэж байв.