Нэг. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага
Монгол Улсад төсвийн бодлого, стратеги, төсвийн удирдлагын үндсэн зарчим, төсвийн тогтвортой байдал, түүнийг хангах хэрэгсэл, төсвийн тусгай шаардлагыг олон улсын жишгээр тогтоох, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын байгууллагын төвшинд төсвийн тогтвортой байдлыг хангах талаарх эрх, үүрэг, хэм хэмжээ, хариуцлагатай холбогдох харилцааг Монгол Улсын Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар төрийн захиргааны төв байгууллагууд болон яам, агентлагуудын мэдэлд байдаг тусгай сангуудын хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар тус тус зохицуулж байна.
Харин байгалийн баялаг, ашигт малтмал, эрдэс баялгаас бий болсон их хэмжээний орлогыг ирээдүй хойч үеийнхэндээ үлдээх, урт хугацаанд баялгийг хуримтлуулах, арвижуулах бодлого, тогтолцоо үгүйлэгдэж байна.
Манай улсын экспортын орлого асар хурдацтай өсч байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Монголбанкин дахь улсын гадаад валютын нөөц ч нэмэгдэж байна. Гадаад валютын нөөц нэмэгдэх хэрээр төгрөгийн урсгал эдийн засаг руу орж байна. Ер нь гадаад валютын нөөц ба төгрөгийн урсгал нь тэнцүү хэмжээгээр эсрэг чиглэлтэй байдаг гэхэд болно. Мөн сүүлийн жилүүдэд төв банкнаас мөнгөний тэлэх бодлогыг идэвхтэй явуулж байгаа билээ. Уул уурхайн орлого нэмэгдэхийн хэрээр улсын төсвийн орлого ихээхэн өсч байгаа боловч орлого орсон хэмжээгээр төсвийн зарлагыг тэлж байна. Ийнхүү их хэмжээтэй төгрөгийн урсгал эдийн засаг руу орж байгаа нь үнэ инфляци хөөрөгдөх, макро эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэх, хямралд аваачих магадлалтай. Энэ нь эдийн засгийг “хөөсрүүлж” улмаар “Голланд өвчин”-д нэрвэгдэх аюулын үүдийг үргэлжид нээлттэй байлгаж байна гэсэн үг. Нөгөө талаас Монгол Улс мөнгө болон төсвийн хэт тэлсэн бодлогыг олон жил дараалан явуулж байгаа нь импортын хэрэглээг өдөөж, гадаад худалдааны алдагдлыг өөгшүүлж байгаа юм. Одоо манайд үйлчилж буй ийм макро эдийн засгийн менежментийн бодлого, арга хэлбэрийг ойрын хугацаанд өөрчилж Норвегийн макро эдийн засгийн удирдлага, менежментийн загвар шиг тийм өөрийн загварыг бий болгон хэрэглэх шаардлага зүй ёсоор гарч байна.
Эдийн засгийн хэллэгт орлогоосоо зардал нь хэтрэхийг алдагдал гэдэг. Макро эдийн засагт гадаад худалдааны алдагдал, төсвийн урсгал алдагдал, төсвийн нийт алдагдал зэрэг үзүүлэлтүүд нь эдийн засгийн ерөнхий төлөв байдлыг харуулсан чухал үзүүлэлтүүдэд тооцогддог. Нэн ялангуяа гадаад худалдааны алдагдал, төсвийн нийт алдагдал хоёр хавсрах нь тухайн улс орон өрөндөө идэгдэх нь, ер нь өөдлөхгүй гэсэн үг бөгөөд давхар алдагдал нүүрлэхийн аюул гэж онолын хувьд үздэг. Манай улсын хувьд экспортын орлого их хурдтай өсч байгаа боловч импорт түүнээсээ илүү хурдтай өсч байна. Давхар алдагдал ужгирсан өвчин болж байна. Үүнийг өөрчлөх, эдийн засгийн бодлогоо шинэчлэх цаг болжээ. Тэр тусмаа макро эдийн засгийн болон эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн бодлогоо цаг алдалгүй эргэж харах шаардлага гарч байна.
Иймээс юуны өмнө өнөөдөр Монгол Улсын газрын хэвлийд байгаа их хэмжээний ашигт малтмал, эрдэс баялгийн олборлолтоос бий болох хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг ирээдүй хойч үеийнхэн, та бидний үр хүүхдүүдэд үлдээх ёс суртахууны үүрэг, хариуцлага бидэнд байх ёстой гэж үзэж байгаа бөгөөд ухаалаг төр, эдийн засгийн шинэтгэл, бүтцийн өөрчлөлтийн өргөн хүрээтэй бодлогын хүрээнд энэхүү харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх цаг нь болсон гэсэн зарчмыг баримталж байна.
Энэ зорилгоор Төрийн мэдлийн урт хугацааны хуримтлал, хадгаламж бүрдүүлэх үндсэн зорилго бүхий Баялгийн сан буюу “Ирээдүйн өв сан”-гийн тухай хуулийн төслийг боловсруулж, энэхүү санг ямар эх үүсвэрээр бүрдүүлэх, энэхүү сан хөмрөгийг хэрхэн арвижуулах, хөрөнгө оруулалт болон хөрөнгийн удирдлагын ямар зарчмыг үндэс болгон баримтлах, энэхүү санд хөрөнгө, эх үүсвэр хуримтлуулах үйл ажиллагаа ямар хугацаанд, эсвэл ямар шалгуур хангах хүртэл үргэлжлэх, сангаас улсын төсөвтэй харилцах харилцааны зарчим, сан, сангийн хөрөнгийн удирдлагын бүтэц, зохион байгуулалт, хяналтын тогтолцоо, эрх бүхий байгууллагуудын хоорондын харилцааны статусыг зохицуулах тухай үзэл баримтлалыг боловсруулан хуулийн төслийг УИХ-д өргөн барих шаардлагатай болж байна.
Хоёр. Хуулийн төслийн бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ, зарчим
Ирээдүйн өв сан (цаашид “сан” гэх)-гийн хуулийн төслийг боловсруулахдаа дараах үзэл баримтлалыг зарчим болгоно. Үүнд:
1. Сан нь ирээдүйдээ, ирээдүй хойч үеийнхэндээ зориулсан хуримтлалын сан байна.
2. Сан нь төсвийн зориулалтаар зарлага гаргах сан биш, улсын төсвийн чиг үүрэг хүлээхгүй.
3. Уул уурхайн салбараас төсөвт орох тодорхой эх үүсвэрүүдээс сангийн үндсэн эх үүсвэр бүрдэнэ.
4. Санд удаан хугацаанд энэхүү хуулийн үзэл баримтлалыг өөрчлөлгүйгээр хөрөнгө хуримтлуулна.
5. Хөрөнгийн үйл ажиллагаа явуулах, байршуулах, үнэт цаас, хувьцааны арилжаанд оролцох, үндсэн хөрөнгө худалдан авах зэргээр сангийн хөрөнгийг арвижуулна.
6. Энэхүү үйл ажиллагааны ашиг орлогоос тодорхой хувь хэмжээгээр (Норвегийн хувьд 4 хувь байдаг. Манай нөхцөлд 20 эсвэл 40 хувь байж болох) тухайн жилийн төсөвт орлого болгоно.
7. Сан нь төрийн мэдлийн, бие даасан сан байх бөгөөд өөр бусад сан, тусгай зориулалтын сангуудыг өөртөө багтаахгүй, бусад сангийн бүрэлдэхүүнд орохгүй.
8. Сангийн хөрөнгийн удирдлага, менежментийг төрийн оролцоотой, бие даасан хөрөнгийн компани хийнэ.
9. Энэхүү компанийг үүсгэн байгуулагч нь Засгийн газар байх бөгөөд гол хувьцаа эзэмшигч нь Сангийн яам байж нэгдсэн бодлогын уялдаа, хяналтыг хуульд заасан үндсэн зарчмаас үл хазайн явуулах ёстой.
10. Сангийн тухай хуулийг баталснаар Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг хүчингүй болгож, Хүний хөгжлийн санг татан буулгах нь зүйтэй зэрэг болно.
Дээрх зарчмуудыг үндэс болгосноор хуулийн төсөл нь 7 бүлэгтэй байна.
Нэгдүгээр бүлэгт: Хуулийн зорилт, үйлчлэх хүрээ, нэр томьёо зэрэг нийтлэг асуудлыг тусгана. Ирээдүйн өв сан нь ирээдүйдээ, ирээдүй хойч үеийнхэндээ зориулсан хуримтлалын сан байна. Ирээдүйн өв сан нь зарлага гаргах сан биш, Улсын төсвийн чиг үүрэг хүлээхгүй.
Хоёрдугаар бүлэгт: Ирээдүйн өв сангийн эх үүсвэр, сангаас төсвийн зориулалтаар зарлага санхүүжилт хийх, хөрөнгө хуваарилах шалгуур, цаг хугацааны хязгаарыг тогтооно.
Монгол Улсын хувьд ирээдүйн өв сан нь эдийн засгийн шинэчлэлийн бодлогын хүрээнд уул уурхайн салбараас орж ирж буй орлогын тодорхой хэсгийг улс үндэстний нийтлэг эрх ашигт нийцсэн байдлаар арвижуулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх үндсэн зорилготой болно. Мөн эдийн засгийн салбар хоорондын тэнцвэртэй харилцааг хангах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах чухал хөшүүрэг юм.
2025 он буюу 10 жилийн дараагаас эхлэн сангийн хөрөнгийн удирдлагаас өгөөжөөс тодорхой хэсгийг нь боловсрол, эрүүл мэндийн салбарыг дэмжих зориулалтаар хуваарилалт хийж болох бөгөөд 2050 он хүртэл өөр бусад зориулалтаар сан болон сангийн хөрөнгийн өгөөжөөс төсвийн зориулалтаар ямар нэгэн хэлбэрээр зарлага санхүүжилт хийхгүй болно.
Гуравдугаар бүлэгт: Ирээдүйн өв сан, энэхүү сангийн хөрөнгийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагаанд баримтлах зарчим, үйл ажиллагааг тодорхойлохтой холбогдсон зохицуулалтыг тусгана.
Ирээдүйн өв сан нь Монгол Улсын бүх ард түмний өмч байна. Сангийн өмчлөгчийн эрхийг нийт ард түмний нэрийн өмнөөс Монгол Улсын төр хэрэгжүүлэх юм. Сангийн хөрөнгийн удирдлага, менежментийг төрийн өмчийн хөрөнгийн компани буюу корпораци хэрэгжүүлэх юм.
Дөрөвдүгээр бүлэгт: Сангийн хөрөнгийн удирдлага, менежментийг хийх корпорацийн удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог харуулна.
Корпорацийн хувь нийлүүлэгч нь Монгол Улсын Засгийн газар байх бөгөөд Засгийн газрын бүрэн эрхийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгав.
Корпорацийн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагыг ямар шалгуураар хэрхэн байгуулах, эдгээрийн эрх, үүргийн хуваарийг энэ бүлэгт зохицуулна. Баялгийн сангийн талаар баримталдаг олон улсын нийтлэг зарчмын дагуу сан, сангийн хөрөнгийн удирдлага, энэхүү удирдлага, менежментийг хэрэгжүүлэх хөрөнгийн компанийн үйл ажиллагаа нь аливаа улс төрийн нам, эдийн загийн бүлэглэлийн ашиг сонирхол, оролцоо, хяналтаас ангид байх зарчмыг бодлогын чиг баримжаа болгохыг зорив. Сангийн менежментийг явуулах үүрэг бүхий төрийн оролцоотой, бие даасан хөрөнгийн компани, консорциум байгуулан зохион байгуулалт, бүтцийг хийх хувилбар ч бас байж болох юм. Энэ асуудлын хүрээнд олон улсын санхүүгийн байгууллагууд, хөрөнгө санхүүгийн зах зээл дээр олон жилийн туршлагатай, нэр хүнд бүхий хөрөнгийн компаниудтай хамтарсан байдлаар корпорацийг зохион байгуулж болох юм. Мөн корпорацийн гүйцэтгэх удирдлагыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт явуулах байдлаар мэргэжлийн багийг тодруулан бүтэн багаар нь менежмент, үр дүнгийн гэрээ хийж бас ажиллуулж болох юм.
Тавдугаар бүлэгт: Ирээдүйн өв сан болон корпорацийн талаарх төрийн байгууллагууд үүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын бүрэн эрх, Засгийн газар, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг, тэдгээрээс хэрэгжүүлэх арга хэмжээ, сангийн хөрөнгийг гардан удирдах институцийн талаарх асуудлыг тусгана.
Сангийн яам нь сан, сангийн хөрөнгийн удирдлагатай холбоотой нэгдсэн бодлогын уялдаа, хяналтыг хуульд заасан үндсэн зарчмын дагуу явуулах ба сангийн эрсдэл, үр ашгийн шалгуурыг тогтоон, хөрөнгийн менежментийн ерөнхий бодлогыг тодорхойлно. Сангийн яамнаас томилсон Хөрөнгийн Удирдах Зөвлөл нь хөрөнгийн удирдлагын үндсэн зарчмуудыг тогтоох ба хөрөнгийн компани нь энэ хүрээнд үйл ажиллагаа явуулж гадаад менежер болон мэргэжлийн агентуудыг холбогдох гэрээний үндсэн дээр томилж ажиллуулна.
Сангийн сайд, Сангийн яаманд дээрх эрх, үүргийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын алба, Мэргэжлийн зөвлөл, Нэр дэвшүүлэх хорооны үйл ажиллагааны үндсэн зарчмыг энэ бүлэгт тусгана.
Зургаадугаар бүлэгт: Сангийн хөрөнгийн удирдлагын тогтолцоо болон зарчмыг зохицуулна.
Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичгийг удирдлага болгоно. Энэхүү баримт бичгийг Сангийн сайд энэ хуулийн дагуу баталж, гүйцэтгэлд нь хяналт тавина. Бодлогын баримт бичигт хөрөнгийн удирдлагын зорилтот төвшин, шалгуур үзүүлэлтүүд, зааг хязгаар, эрсдлийн үнэлгээ, ёс зүйн хэм хэмжээг тусгасан байна.
Долдугаар бүлэгт: Сан, сангийн хөрөнгийн удирдлагатай холбоотой тайлагнал, ил тод байдал, хяналтын тогтолцоо, хяналт тавих, гүйцэтгэлийг тайлагнахтай холбогдсон харилцааны зохицуулалтыг тусгана.
Корпораци нь сан, сангийн хөрөнгийн удирдлага, үйл ажиллагааны улирал, жилийн тайланг гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Ерөнхий аудиторт хүргүүлж байна. Үндэсний аудитийн газар нь сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайланг холбогдох санал, дүгнэлтийн хамт УИХ-ын хаврын чуулганд танилцуулж байх юм. Корпораци нь өөрийн дотоод хяналтын бүтэцтэй байна. Үндэсний Ерөнхий аудитор хөрөнгийн компанийн үйл ажиллагаанд байнга хяналт тавьж байна. Мөн олон улсад нэр хүндтэй, бие даасан аудитийг эрх бүхий албан тушаалтны хүсэлтээр тухай бүр ажиллуулан хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлж байна.
Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсэх нийгэм, эдийн засаг, эрх зүйн үр дагавар
Ирээдүйн өв сангийн хуулийн төслийг батлан мөрдүүлснээр урт хугацааны макро-эдийн засгийн бодлого, энэ дотроо мөнгө, төсвийн бодлого болон валютын ханшны бодлогын стратегийг тодорхойлох, Монгол Улсын урт хугацааны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын байгууллагын үүрэг хариуцлага өндөрсөж, өнөөдрийн баялгаас бий болсон хөрөнгийг хойч үеийнхэндээ өв үлдээх эрх зүйн шинэ орчин бүрдэнэ.
Энэхүү хуулийг 2015 оноос эхлэн хэрэгжүүлснээр жилдээ 500-гаад сая ам.долларын эх үүсвэр уул уурхайн салбараас хуримтлууллаа гэж үзэхэд 2050 он гэхэд Ирээдүйн өв сан нь нийтдээ 230 гаруй тэрбум ам. доллар болж, одоогийн хүн амын тоо, ханшаар тооцон үзэх юм бол хүн бүрт 130 гаруй сая төгрөгийн хуримтлал буюу хадгаламж бүрдсэн байх юм.
Дөрөв. Хуулийн төслийн бусад хууль, тогтоомжтой хэрхэн уялдах тухай
Монгол Улсын Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хуультай бүрэн уялдах бөгөөд тус хуулийн төслийг батлахтай холбогдуулан Татварын холбогдох хуулиуд, Засгийн газрын тусгай сангийн тухай холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, Хүний хөгжил сангийн тухай хуулийг хүчингүй болгох шаардлагатай болно.
ХУУЛЬ САНААЧЛАГЧ