Д.Дамба: Төрийн алдаатай бодлогоос болж уул уурхайн ажил зогсч байна

14120-6tМонголчууд бидний эдийн засгийн хямрапын гол шалтгаан нь валютын хомсдол болоод буй. Учир нь, валютын урсгал татарч уул уурхайн салбар уналтад орж, үндсэндээ зогсоход хүрсэн. Энэ салбарын өнөөдөр, маргаашийн талаар Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба хэрхэн ярьсныг хүргэе.

-Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Энэ онд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх төлөв байна вэ. Ер нь, өнөөдөр уул уурхайн салбар ямар байдалтай байгаа вэ?

-Хөрөнгө оруулалтын хуулийг боломжийн болгон заслаа. Мөн Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг ч гарсан. Дээрээс нь алтны татварыг бууруулсан нь ч эергээр нөлөөлж эхэллээ:, Ингээд манай улсад орж ирэх гадаад валютын урсгалыг наашлуулж чадлаа. Гэвч хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна.

Үүний гол шалтгаан нь уул уурхайн эцэг хууль болсон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал өнөөг хүртэл шийдээгүйгээс үүдэлтэй. Хууль хойшлогдох тусам манайд орж ирэх хөрөнгө оруулалт ухраад л байна гэсэн үг. Бас урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Үүнийг ч хийхгүй байна.

Уул уурхай манай орны эдийн засгийн гол салбар тул татварын орчин нь уян хатан байх ёстой гэж боддог.

Ийм хоёр гол эрх зүйн акт бэлэн болоогүй учраас хөрөнгө оруулагчид үүнийг хүлээгээд байна гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл бизнест халтай байх нь уу ээлтэй байх нь уу хэмээн эргэлзэж буй хэрэг. Энэ жил Монгол Улс хэдий хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадахыг таашгүй. Гэхдээ хөрөнгө оруулалт пүл пал гээд богино хугацаанд ороод ирдэг зүйл биш.

Монголын төр, бодлого, татварын орчны тогтвортой байдал их чухал. Манайхан УИХ- ын танхимаас Чингисийн талбайд хүртэл улс төрийн шоу хийгээд байхаар хөрөнгө оруулагчид төдийлөн ач холбогдол өгөхгүй. Тэд энэ улс оронд юу болох бол хэмээн болгоомжлоод байна. Хамгийн гол нь төрийн тогтвортой байдал л бусдыг татна шүү дээ. Бид өөрсдөө л орж ирэх мөнгөө боомилоод суугаа юм.

-Урд нь орж ирээд царцсан хөрөнгө нэлээд бий. Тэр нь одоо тэсч хөдөлгөөнд орох боломж байна уу?

-УИХ-аас Засгийн газарт эдийн засгаа эрчимжүүлэх чиглэл өгнө гээд байгаа. Энэ чиглэлд хэд хэдэн амин чухал асуудал байна лээ. Үүнийг ажил хэрэг болгох шаардлага байна. Нөгөө талаар тээврийн зардлаас үүдэн нүүрсний экспорт нэмэгдэх боломжгүй байна. Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ ханш унасаар байгаа. Энэ мэт олон асуудлаас шалтгаалж Монголд хөрөнгө оруулах болоогүй байна гэсэн хүлээлт бий.

-Манай улсын уул уурхайн салбарын татварын орчны талаар хөрөнгө оруулагчид ямар бодол санаатай байдаг юм бол. Та олон жил энэ салбарт ажилласан хүний хувьд юу гэж бодож байна вэ?

-Манай улсын уул уурхайн салбарын татварын хэмжээ дэлхийд дундаж төвшинд байдаг. Бид Австралийн хууль, татварын орчныг жишээ болгон баримталдаг. Тэгэхээр тус улсынхтай ойролцоо гэсэн үг. Уул уурхай манай орны эдийн засгийн гол салбар тул татварын орчин нь уян хатан байх ёстой гэж боддог.

Яагаад гэвэл манай төр аль болох ахиухан татвар авч улсын төсөв бүрдүүлэхдээ л анхаардаг. Гэтэл бидний ойлгож байгаагаар уул уурхай хөгжсөн орны татварын бодлого нь уг салбарыг хөгжүүлэх хөшүүрэг болдог. Эдийн засгаа сайжруулах, бизнесээ хөгжүүлэхэд татварын бодлого чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Өөрөөр хэлбэл ямар үед өсгөж, бууруулах вэ гэдэг нь чухал.

Түүнээс биш зөвхөн улсын төсөв бүрдүүлэх гээд татвар аваад бай аваад бай бас дахин ав гэх юм бол бүтэхгүй. Өнөөдөр уул уурхайн салбарт 20 гаруй төрлийн татвар, хураамж авч мөнгө чангаадаг. Дээр нь ашигт малтмалын үнэ унасан үед компаниудыг маш хүнд байдалд оруулж байна. Тэгэхээр татварын бодлогодоо бүрэн шинэчлэлт   хийх шаардлагатай.

Улсын төсөв бүрдүүлэхээс илүү эдийн засгаа хөгжүүлэхэд татварын уян хатан бодлого чухал үүрэгтэй. Жишээлбэл нүүрсний үнэ маш их буурлаа. Ийм үед нь нүүрснээс авдаг зарим татвараа царцаах зэрэг арга хэмжээ шат дараатай авах ёстой. Хөдөлгөөнгүй татвар тогтоочихоод үүнийгээ өг гээд шахаад, гүрийгээд байж таарахгүй. Үүнээс сүүтэй байлгахын тулд тэжээл өгдөг биз дээ. Түүнтэй л адил. Тэгэхээр уул уурхайгаа хүчтэй, чадалтай, мөнгөтэй байлгахын тулд татварын бодлого нь чиглэдэг байх ёстой.

-Он гарснаас хойш ашигт малтмалын экспорт ямар хэмжээнд байна. Цаашид үнэ ханш өөдрөг байх төлөв ажиглагдав уу?

-Зэсийн баяжмалын борлуулалт гайгүй байна. Алтны борлуулалт нэг үеэ бодвол өслөө. Бусад ашигт малтмалын экспорт базаахгүй  төлөвтэй, Нүүрс борлохгүй болсон. Манай олборлож буй нүүрсний үнэ өөрийн өртгөөсөө доош орчихсон. Иймд нүүрс олборлогчид ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа юм.

Төмрийн хүдрийн үнэ ханш бас унасан. Одоо төмрийн хүдрийн баяжмал экспортлох ажил зогсонги байдалтай боллоо. Сүхбаатар аймагт шүлхий өвчин гарч, хөл хорио тогтоогоод цайрын баяжмалын экспорт зогссон. Ингээд энэ оны нэгдүгээр улиралд борлуулалт хийгээгүй. Энэ бүгдээс шалтгаалж ашигт малтмалын орлого буурч улсын төсөв тасарч байна. Нөгөө талаар компаниуд ажлаа зогсоолоо. Уул уурхайхан үйл ажиллагаагаа хязгаарлаад түүний ханган нийлүүлэгч аж ахуйн нэгж ч бас дагаад үүдээ барьж буй юм. Бид уул уурхайн нэг ажлын байр бий болоход түүнийг дагаад 3-4 ажлын байр бий болдог гэж ярьдаг.

Иймд жижиг дунд үйлдвэрлэгчид, үндэсний компаниуд маш хүнд байдалд орчихлоо шүү дээ. Жишээлбэл, өмнөх жилүүдтэй харьцуулахад манай улсын эдийн засгийн бүх салбар хүндхэн боллоо. Эндээс уул уурхайн салбар эдийн засагт ямар их үүрэг, нөлөөтэй нь харагдаж байна. Манайхан уул уурхайгаас хараат бус байх тухай их ярьдаг. Гэвч түүнээс олсон орлогоо зөв зарцуулж чаддаггүй. Хараат бус байхын тулд эдийн засгийн бусад салбартаа олсон орлогыг нь зарцуулах учиртай.

alty

Зэсийн баяжмалын борлуулалт гайгүй байна. Алтны борлуулалт нэг үеэ бодвол өслөө.

Гэтэл хүн бүрт 21 мянган төгрөг тарааж өгөөд ямар ашиг тус олов. Бусад салбараа яаж хөгжүүлэв гээд асуудал бий. Уул уурхайгаас олсон орлого ард түмэнд хүрэхгүй, амьдрал нь дээшлэхгүй байгаа нь төрийн бодлого буруу байгаатай холбоотой.

Үнэндээ уул уурхайхны буруу биш. Хийдэг ажлаа хийгээд, татвараа төлөөд явж байгаа шүү дээ. Өнөө үед уул уурхай Монголын эдийн засгийн гол хөдөлгүүр. Хөдөлгүүр унтрахаар машин зогсдог биз дээ. Байдал ийм л байна. Ашигт малтмалын үнэ ханш сэргэнэ гэхэд хэцүү. Гэхдээ тодорхой цикльтэй. Эрэлт хэрэгцээ хэзээ өснө, тэр үед л үнэ нэмэгдэнэ.

-Тэгэхээр эдийн засгийн хөдөлгүүрээ яаж асаах вэ?

-Төрөөс яаралтай, дорвитой, шийдвэртэй арга хэмжээ аваасай гэж хүсч байна. Түрүү түрүүчийн Засгийн газрыг бодоход энэ засаг биднийг сонсч, ойлгодог. Гэвч урд урдын айхтар хатуу хууль чөдөр тушаа болоод урагш хөдөлгөхгүй нь.

-Зарим эдийн засагчийн үзэж буйгаар ашигт малтмалын үнэ унаж, уул уурхайн компаниудын банкнаас авсан зээл найдваргүй гэсэн ангилалд шилжиж эхэлжээ. Та уул уурхайн “гал тогоо”-нд нь ажилладаг хүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Бид тэр бүгдийг яаж тооцож амжихав дээ. Ер нь, уул уурхайн компаниуд банкны өр зээлд баригдах нь харьцангуй гайгүй. Харин уул уурхайд туслан гүйцэтгэгч хийдэг аж ахуйн нэгжийн банкны өр зээл хэцүүдлээ. Яагаад гэвэл уул уурхай нь ажиллахгүй болохоор тэд бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй байна. Ингээд л зээлээ төлж чадахгүй хүнд байдалд орсон. Машины мотор асаад хөдлөхөөр чиргүүл нь дагаад хөдөлдөг л зарчим үйлчилж байна гэсэн үг.

 

-Нүүрсний жишиг үнийг халж гэрээний үнээр нь татвар ногдуулах болсон. Энэ нь нүүрсний экспорт нэмэгдэхэд түлхэц үзүүлж чадахгүй байна уу?

-Энэ бол зөв шийдвэр. Хэн, хэнд хэдэн төгрөгөөр нүүрсээ борлуулж байна, түүнээс нь шударгаар татвар авах ёстой. Гэтэл хань хамаагүй, хятадын нэг сэтгүүлд гардаг үнэ бариад та нар энэ үнээр борлуулах ёстой гээд хэд дахин өндөр татвар ногдуулах гээд муйхраар зүтгэж таарахгүй.

Эдийн засгийн тодорхой ачааг үүрч яваа нөгөө хэдэн компаниудаа л санхүүгийн хүндрэлд оруулж хаалгыг нь хаана. Уг нь компаниудад ашигтай шийдвэр болсон юм. Гэвч нүүрсний үнэ хямдарч борлуулалт алга. Хятад замбараагүй байсан гангийн үйлдвэрээ хумьж байна. Тухайлбал, тус улс ногоон эдийн засагт шилжих алхам хийж байгаа юм. Ингээд хаа сайгүй байсан гангийн жижиг үйлдвэрүүд хаагдлаа. Тэдний хэрэглээ алга болохоор нүүрс, төмрийн хүдрийн эрэлт буурч үнэ унасаар байна.

Дэлхий нийтээрээ хүлэмжийн хийг багасгах, байгаль орчны бохирдлыг бууруулах асуудалтай тулгарсны нэг жишээ энэ. Нөгөө талаар манай дотоодын зохион байгуулалтгүй, төрийн чиглүүлэх бодлогын алдаанаас шалтгаалж бусад өрсөлдөгч нартаа боломж олгоод байгаа юм. Жишээ нь хэдхэн жилийн өмнө ОХУ, Хятадад нүүрс бараг нийлүүлдэггүй байв. Гэтэл өнөөдөр манай жилд нийлүүлдэг нүүрстэй эн тэнцэхүйцийг борлуулдаг боллоо. Мөн Австрали нийлүүлэх нүүрснийхээ хэмжээг нэмлээ.

Эндээс үзэхэд бид өөрсдөө арчаагүй буруу бодлогын улмаас зах зээлээс сайн дураараа гарч байна гэж хэлж болно. Тэр ч бүү хэл Хятад Канадаас хүртэл нүүрс авч буй юм. Мөн Вьетнам, Индонез улс Хятадын зах зээлд байр сууриа бэхжүүлж байна. Тэгэхээр бид зах зээлээ хадгалах, өргөтгөхийн тулд өөрсдөө зохион байгуулалтад орох, үйлдвэрлэлийн өртөг зардлаа бууруулах, дэд бүтцээ сайжруулах гээд хийх ажил их байна. Бид цаашид өнөөдрийнх шигээ байх юм бол зах зээлээ хадгалж, өрсөлдөж чадахгүй.

Check Also

Rio Tinto’s Turquoise Hill Declares Force Majeure At Mongolian Mine

LONDON (Alliance News) – Canadian-listed Turquoise Hill, 51% owned by miner Rio Tinto PLC, on …

One comment

  1. That’s not just the best anwser. It’s the bestest answer!

Leave a Reply

Your email address will not be published.

Translate »