Оюутолгойн асуудал есдүгээр сард шийдэгдэнэ

ot2

Монгол Улсын Засгийн газрын албаны хүний мэдээлснээр зэс, алтны томоохон төсөл болох Оюутолгойн уурхайн бүтээн байгуулалт ирэх есдүгээр сард шийдэгдэх нь хэмээн “scrapmonster.com” сайтад дурджээ. Энэхүү нийтлэлд “Гүний уурхайн ажил хоёр жилийн дотор эхлэх аж. Энэхүү уурхайн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн жил санхүүжилтээ батлах болоход саатсан юм. Засгийн газраас мэдэгдсэнээр санхүүжилтийг парламентаар батлах юм. Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат “Засгийн газар өнгөрсөн хугацаанд гарсан алдаануудыг судалсан. Одоо төслийн үйл ажиллагаа сэргэнэ. “Рио тинто”-той хийсэн хэлэлцээний дүнд ирэх есдүгээр сар гэхэд төсөлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэж дуусна” хэмээн ярьжээ. Монголын Засгийн газар энэхүү төсөлд 34 хувь эзэмшдэг бол “Рио тинто” 66 хувь эзэмшиж байна гэжээ.

ОЮУТОЛГОЙН ТЭЗҮ-ИЙГ ЯАРАВЧЛУУЛАВ

“Сидней морнинг хералд” сонинд дурдсанаар Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч Монгол Улсын Засгийн газар, “Рио тинто” групп хоорондоо зөвшилцөж чадаагүйн улмаас энэ уурхайн ажил жил гаруй хугацаанд саатаад байна хэмээжээ. Түүнчлэн энэ уурхайн гэрээ нь ТЭЗҮ бэлэн болоогүй байхад хэрэгжихгүй гэсэн болгоомжлол олон хүний дунд байгаа талаар иш татсан байв. Ийнхүү удааширч буй төсөлд зээлийн баталгаа гаргасан банкуудаас өдгөө хоёр нь л үлдээд байгаа юм.

“Рио тинто”-гийн дийлэнх хувийг эзэмшигч “Туркойз хилл ресурсэз”-ийн мэдэгдсэнээр Монголын Засгийн газар болон хөрөнгө оруулагч тал нэлээд хэдэн саналаа нэгтгэж чаджээ. Гэвч хоёр тал зардлын өсөлт, Монголд орох үр ашиг болон байгаль орчны зарим асуудалд санал зөрүүтэй хэвээр байна. “Талууд төслийн тулгамдсан асуудлыг эцэслэн шийдвэрлэхээс өмнө ТЭЗҮ-ээ бэлэн болгох ёстой болоод байна. Сүүлийн үед зэсийн үнэ унаж байгаа ч “Туркойз хилл ресурсез” компанийн Санхүү эрхэлсэн захирал Кристопер Бэйтмэн “Зэсийн үнэ буурч байгаа нь төсөлд дөрвөн тэрбум ам.доллар босгоход нөлөөлөхгүй” гэжээ хэмээн тус сонинд мөн дурдсан байлаа.

“МОРГАН СТЭНЛИ”:УДААШИРЧ БУЙ ТӨСЛҮҮД ЗЭСИЙН ҮНЭД НӨЛӨӨЛНӨ

“Уолл стрийт журнал”-д “Энэ он гарсаар зэсийн үнэ 9.6 хувиар буурчээ. Хятадын эдийн засгийн өсөлт удааширч эхэлсэн нь улаан металлын худалдан авалтад сөргөөр нөлөөлсөн байна. Энэ үед Хятадын төрийн өмчит “Чайна минметалс” компани Перу дахь “Гленкор Экстрата”-гийн Лас Банбас уурхайг 5.8 тэрбум ам.доллараар худалдан авахаар улайрч буй нь шинжээчдийн анхаарлыг татжээ” хэмээн тэмдэглэсэн байлаа. Энэхүү худалдан авалтыг шинжээчид “Хятадуудын алсын хараатай нүүдэл” гэж нэрлэж байна. Тус улс нь дэлхийн нийт зэсийн нийлүүлэлтийн 40 хувийг дангаараа хэрэглэж, компьютер, хөргөгч, ус дамжуулах хоолойн эд анги, цахилгааны шугам зэргийг үйлдвэрлэн гаргадаг билээ.

Энэ онд Хятадын эдийн засгийн өсөлт саарч мэдэх төлөв бий. Гэлээ ч зэсийн хэрэглээ нь буурахгүй гэсэн таамаг байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн зэсийн зах зээлийг тэр чигт нь Бээжин удирдаж буй. Харин Перу дахь “Гленкор”-ын уурхай нь эхний таван жилдээ жил бүр 450 мянган тонн зэс олборлох бол үүнээс цааш жил бүр 300 мянган тонныг гаргаж ирэх юм. Өнгөрсөн оны байдлаар манай гариг дээрх энэ металлын хэрэглээ 18 сая тонн байсан гэвэл Хятадын “Минметалл” консорциум зах зээлийн баян булаг дээр буух гэж байна.

“Өнөө хэр нь зэсийн үнэд өөдрөгөөр хандагчид үнэ өснө гэдэгт найдсан хэвээр байгаа. “Морган Стэнли”-гийн тайланд дурдсанаар санхүүжилтээ шийдэж чадаагүй уурхайн гэрээ хэлэлцээрүүд нь зэсийн үнэд дарамт учруулж мэдэх нь. Тэдгээрийн нэг нь Монгол Улс дахь Оюутолгойн ордын гол бүтээн байгуулалт юм” гэж “Сидней морнинг хералд” онцлон тэмдэглэжээ.

Перу дахь Лас Бамбас уурхайн үйл ажиллагаагаа эхэлбэл “Морган Стэнли”-гийн шинжээчдийн таамаглаж буйгаар ирэх онд зэсийн үнэ 7397 ам.долларт хүрч өсөх төлөвтэй байна. Өчигдөр Лондоны металлын биржийн цахим хуудаст дурдсанаар нэг тонн зэсийн үнэ 6698 ам.доллар байв. 2011 онд энэ металлын үнэ анх удаа 8838 “ногоон” хүрснээс хойш дахин өөдөлсөнгүй.

Ж.ЦОГЗОЛМАА

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »