МАК-ийн нийгмийн хариуцлага, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Ганбат тэргүүтэй ажилтнууд Өмнөговь аймгийн Гурвантэс сум руу үүрийн таван жингээр эртлэн гарав. Очих газар хол, талдаа 930 км чилийсэн урт замыг туулна. Амралтын өдрүүдийг тосон алсын замд гарсныг нь бодоход хоног хугацаа давчуу, хойтох алба их гэдэг нь илт. Цагаан сараас урьтаж тэд ботго бойжуулсан малчдынхаа урамшууллыг гардуулахаар яарсан нь тэр. МАК-ийнхан Дорноговийн Мандах, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын малчдын бойжуулсан ботгоных нь тоогоор мөнгөн урамшуулал өгдөг уламжлалтай. Бас компанийн нэрэмжит цагаан сарын бөхийн барилдаан зохиогоод заншчихсан. Сумын 55-аас дээш насны эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүд нийт 295 ахмадад гарын бэлэг гардуулах болохоор тэртээх говийн тэр хязгаар нутагт тэднийг хүлээж байгаа хүмүүс цөөн биш бололтой.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Нарийнсухайтад уул уурхайн гурван компани нүүрс олборлодог. Тэдгээрээс МАК л үндэсний ганц компани нь. Тийм болохоор ч тэр үү, энэ сумынханд эхэлж гар сунгаж, аливаа бүхнийх нь түрүүнд хөдөлдөг нь МАК гэж нутгийнхан хэлж байна билээ. Сумын төвд гэхэд 320 хүүхдийн гурван давхар хичээлийн байр бариад өгчихөж. Энэ намар ашиглалтад оруулах дотуур байрны гурван давхар барилга нь хэзээ мөдгүй дуусах дээрээ тулчихсан харагдана. Монголын өмнөд хилийн наахна байх хилийн цэргийн ангийнханд хананаасаа халдаг, халуун хүйтэн устай 12 айлын тохилог орон сууц барьж бэлэглэснийг сумын хариуцлагатнаас сонслоо. МАК-ийнхан хэдэн жилийн өмнө сумын төвд том саруулхан спорт цогцолбор барьсан, олон нийтийн арга хэмжээ, уралдаан тэмцээн нь тэндээ болох юм.
Энэ жил говьд, тэр дундаа Гурвантэс суманд цас ерөөсөө орсонгүй. Хууччуулын хэлдгээр харын зуд болж байгаа юм байх. Харин Нэмэгт уулын ар бэл холоос цайрч харагдсан. Тэнд өвөлжиж буй малчин өвгөний хэлснээр шувууны мөр гарах төдий хяруу хаясан гэж байна лээ. Цасгүйгээс болж уулын амьтад олноороо ангаж харангадаж үхэж байгаа аж. Харин МАК-ийнхан энэ тухай сураг сонсоод ус хөлдөөж ууланд аваачиж тавьжээ. Үүний ачаар уулын янгир, хулан, зээр ангаж үхэх аюулаас аврагдлаа хэмээн өндөр настан Батаа гуай сонин болгож дуулгав.
Хоёр бөхт тэмээ Монголд байтугай дэлхийд тоо толгой нь цөөрч байгаа амьтан. Монгол Улс 1959 онд 800 гаруй мянган тэмээ тоолуулж байсан баримт бий. Харин тэр цагаас хойш тоо толгой нь тогтмол буурсаар эдүгээ улсын хэмжээнд 321 мянган тэмээ тоолуулжээ. Хэрэв энэ янзаар цөөрвөл удахгүй Улаан номд орж мэдмээр. Үндэсний том компанийн хувьд МАК тэмээн сүргийн тоо толгойг өсгөхөд ийн өөрийн үйл ажиллагааны хүрээллийн орон нутагтаа хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг нь энэ “Ботгонд бонус” уламжлалт урамшуулал юм. Тэмээний тоо толгойг нэмэгдүүлснээр малчдын амьжиргааг дэмжих төдийгүй байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах алсын зорилгыг агуулж буйгаараа онцлог юм.
Энэ сумын хувьд таван хошуу малын зохистой харьцаа нэлээд алдагдсан юм шиг анзаарагдсан. Учир нь сум 2013 оны жилийн эцсээр 143.6 мянган мал тооллуулсны 129.2 мянга нь буюу нийт малын 88 хувь нь ямаа гэж байна. Мал аж ахуйн мэргэжилтнүүдийн онцолж буйгаар говийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад тэмээ маш их нөлөөтэй гэж байна. Гурвантэс бол манай улсын олон тэмээтэй сумдын нэг. Сум өнгөрсөн жилийн эцсээр 5770 гаруй тэмээтэй гэсэн дүн бан гарчээ. Сумын хэмжээнд мал таван төрөл дээрээ өссөний нэг нь тэмээ гэж байна. Бойжуулсан ботгоныхоо тоогоор малчид мөнгөн урамшуулал авдаг болсон нь тэмээ өсөх нэг хүчин зүйл болж байгааг нутгийнхан онцолж байна билээ. Өндөр настан Ц.Тогтох гуай “Тэмээ нэг үеэ бодвол өсч эхэлж байна. Гэхдээ ялгаа байна аа. Тэмээ харахаараа өөрийнх нь хутга бариад дайрч байхад хүнийх нь тэмээгээ өсгө гээд байдгаа бариад тэр холоос ирж байна” гэж ярьсан.
2012 онд тус сумын 313 өрх 913 ботго авсан бол өнгөрсөн жил 829 ботго бойжуулжээ. Бойжуулсан ботгоны тоо өмнөх жилээсээ цөөрсөн шалтгаан нь ээлжийн төллөх ингэнийхээ тоо толгойноос шалтгаалдаг аж. Тухайлбал, сумын хамгийн олон тэмээтэй малчин н.Наваандорж гуай энэ жил 18 ботго бойжуулсан бол ирэх жил 40 ингэ ботголно гэж ярьж байсан. Энэ жилийн тухайд Урт багийн малчин Б.Бат-Очир 23 ботго авч сумандаа тэргүүллээ. Түүнчлэн Тост багийн Г.Нямсүрэн 16 ботго бойжуулсан гэхчлэн олон ботгоны эзэд цөөнгүй байна билээ.
Малчид сумын төвдөө ирж, ботгоныхоо бонусыг гардаж, цагаан сарын бөхийн барилдаанаа үзэж, ахмад настнуудынхаа гарын бэлгийг авч, сумын төв нэг өдрийг хөл хөдөлгөөнтэй өнгөрөөлөө. МАК-ийн нэрэмжит цагаан сарын бөхийн барилдаанд 32 бөх барилдав. Өсвөрийн бөхчүүд ч бас хүчээ сорьсон. Энэ барилдаанд зэргэлдээ сумдаас цөөнгүй бөх ирснээс гадна аймгийн цолтой найман бөх зодоглоно билээ. Спорт цогцолборын цэлгэр танхимд уртын дуу шуранхайлж, давсан бөхчүүд боорцог түгээж, цол гуншингаа дуудуулж, хотын төвийн заалны барилдаанаас дутах юм ер алга. Үзэгчид цагаан сарын барилдааны түрүүг нутгийн бөхөө аваасай гэсэн хүлээлт ихтэй, энэ барилдаанд үзүүрлэсэн нутгийн хүү аймгийн начин Суурийн Мөнх-Эрдэнийгээ хазайхад нь хамт ханарч байгаа харагдсан. Харин барилдаанд зэргэлдээ сумын бөх, аймгийн харцага Ганбат түрүүлж, МАК-ийн нэрэмжит шагналын эзэн болно билээ.
Цагаан сар угтсан энэ шагнал урамшууллын арга хэмжээнд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж оролцсон. Энэ жил Гурвантэс сумаас төрсөн аймгийн аварга малчинд шагнал гардуулахаар ирсэн нь цаг хугацааны хувьд ийн давхцсан. Монголын алт компанийн орон нутагт хэрэгжүүлж байгаа ажлуудыг Засаг даргын орлогч олны өмнө өндөр үнэлнэ билээ.
Монголчууд дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэж ярилцдаг. Уурхайнхан хийгээд нутгийн иргэдийн бие биеэ дэмжсэн төвөггүй, элдэв чимэггүй тэр “ориг” харилцааг анзаарч явахад сэтгэлд тийм нэг гэгээн мэдрэмж төрөх аж.
П.Ядамдорж