Урт нэртэй хууль “уйлуулж” магадгүй

Долларын ханш өсөж, төгрөгийнх суларсан ч эдийн засгийн хямралыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа Н.Алтанхуягийн танхим үүссэн хямралаас хэрхэн гарах арга замыг идэвхтэй эрэлхийлж буй. 2013-09-24miningШинэчлэлийн Засгийн газар юуны өмнө цөөнгүй хуульд салхи оруулснаар хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг нойрноос сэрээнэ гэж үзэж байгаа юм. Тэдний найдвар тавьж буй гол хуулийн нэг нь олны дунд “Урт нэртэй” хэмээн нэрлэгдсэн хуулийг даган төрсөн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль. “Урт нэртэй” буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 онд анх батлагдахдаа улс, төр болон нийгэмд чамгүй доргио үүсгэж байсан.
Хууль санаачлагчид нь ашигт малтмалын хайгуул олборлох явцад хохирол амсаж буй байгалийн эмзэг хэсэг, нутгийн иргэдийг хамгаалах ёстой хэмээн үзэж байв. Түүнчлэн ашиг олсон хэрнээ нөхөн сэргээлт хийх үүргээс бултдаг уул уурхайн компаниудаар байгаль орчны нөхөн сэргээлт заавал хийлгэнэ гэж байсан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт олборлолт явуулж байсан 1300 гаруй лицензээс 242-ыг нь хүчингүй болгосон юм. Төр байгаль орчинд учирсан хохирлыг 1.1 их наяд төгрөг болсон хэмээн тооцсоны нөгөө талд нийт 163 тусгай зөвшөөрөл эзэмшигчид 222 тэрбум төгрөгийн нөхөн олговор өгөхөөр болоод байв. Хуульд нөхөн сэргээлт бүрэн хийсэн компанид нөхөн олговор олгохоор заасан тул Засгийн газар тухайн үед халаасаа өнөө маргаашгүй шавхана гэж зовоогүй болов уу. Юутай ч хууль хэрэгжиж эхлэх үеэр МХЕГ олборлогч компаниудын үйл ажиллагаанд шалгалт хийж, нөхөн сэргээлт хийхэд 54 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн бол явцын дунд компаниудын тоо нэлээдгүй хорогдсон байдаг.
Ийнхүү дуулиан шуугиантай батлагдсан “Урт нэртэй” хууль тийм амар хэрэгжээгүй. Үйл ажиллагаа явуулах эрхээ хязгаарлуулсан цөөнгүй компани нэгдэж санхүүгийн хувьд чадваргүй, оруулсан хөрөнгөө авахгүй олж авахгүй бол нөхөн сэргээлт хийхгүй хэмээн гэдийсэн. Нөгөө талаар Засгийн газарт компаниудын тусгай зөвшөөрөл үйл ажиллагааг цуцалсны нөхөн төлбөр олгох бяр дутав. Үүнтэй зэрэгцэн хуулийн хэрэгжилт улам бүдгэрсээр эдийн засгийн уналт эхэлсэн энэ цаг мөчтэй зэрэгцээд байна. Н.Алтанхуягийн танхим “Засгийн газар тухайн үед лицензээ хураалгасан аж ахуйн нэгжүүдэд 200 гаруй тэрбум төгрөгийн нөхөн олговор өгөх байсан ч хэрэгжүүлээгүй. Өнөөдөр энэ мөнгө 400-500 гаруй тэрбум төгрөгт хүрч, төсөвт ихээхэн дарамт учруулж байна” хэмээн тайлбарлаж байна. Түүгээр ч зогсохгүй “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулж, ядаж ашиглалтын лицензтэй 163 компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээе л дээ” хэмээн УИХ-ын гишүүдээс “гуйж” эхэллээ.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Урт нэртэй” хууль хэрэгжихгүй гацлаа. Засгийн газар 222 тэрбум төгрөгийн нөхөн олговор нэхэмжилсэн 163 тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох санхүүгийн эх үүсвэрийг хөндлөнгийн аудитаар баталгаажуулах байсан ч төсөвт аудитын хөлс төлөх боломж алга байна” хэмээн УИХ-ын өмнө шалдаа буув. Алтны нөөц эрс багасаж, валютын ханш өсөж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэн, эдийн засаг хүндэрсэн цагаар хуралдаж буй УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар иймэрхүү тайлбар хийж байгаа бол УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль төдийгүй эл хуультай зэрэгцүүлэн өөрчлөхөөр шамдсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын болон Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэх Ажлын хэсгийг МАН, АН-ын бүлгийн гишүүдийн оролцоотой байгуулах саналтай байгаагаа дуулгаад байна.
Дээрх хуулиудыг өөрчлөхөөс өөр гарцгүй болсон эрх баригчид энэ удаа МАН-ын “шахалт”-ыг хүлээн авч, З.Энхболд УИХ дахь намын бүлэгтээ МАН-ын бүлэгтэй зөвшилцөх уулзалт хийх зөвшөөрөл өгөөд байна. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль экологийн доройтол бодитоор нүүрлэсэн өнөө цагт мэндлэх учиртай хууль байсан уу гэвэл тийм. Гэхдээ асуудалд цогцоор хандаж, учирч болох эрсдлийг бүрэн тооцолгүй, гоомой хандсан нь ил болов. УИХ алдаагаа засахад тийм ч амаргүй байх төлөвтэй бөгөөд хэнэггүй хууль санаачлагчдыг “уйлуулж” магадгүй болоод байна.

 

“Өнөөдөр” сонин

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »