Д.Доржпүрэв: аж үйлдвэрийн паркууд, үйлдвэрийн цогцолборуудыг өөрийн эрчим хүчээр хангах боломж айсуй

“Эрчим хүчийг хэмнэх нь дан ганц салбарын асуудал бус  Монгол Улсын эдийн засгийн бүхий л  салбарт хамааралтай.   Өөрөөр хэлбэл, эрчим хүчийг үр ашигтай,  хэмнэлттэй зарцуулснаар  нэн тэргүүнд  байгаль орчноо хамгаалж, тогтвортой хөгжлийг хангах, шинэ эх үүсвэр бий болгох, шугам сүлжээ, дэд станц барих, хөрөнгө оруулалт болон аж ахуйн нэгж байгууллага,  хувь хүмүүсийн эрчим хүчний зардлыг багасгах ач холбогдолтой” хэмээж суугаа эрхэм бол Эрчим хүчний яамны дэд сайд  Д.Доржпүрэв.   2013-05-30dedsaid Түүнтэй уулзаж, “Эрчим хүчний хэмнэлтийн тухай” хуулийн төсөл болон салбарынх  нь асуудлаар ярилцлаа.

-Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжил дэлхийтэй харьцуулахад ямар байна вэ?
-Хамгийн сүүлд баригдсан дулааны цахилгаан станц IV ашиглалтад ороод 30 гаруй жил болчихлоо. Үүн дээр олон улсын төсөл хөтөлбөрүүд хэрэгжээд явж л байна. Технологийг нь  дэлхийн түвшинд ойртуулах зорилго тавин  ажиллаж байгаа. Цахилгаан станцуудын  үндсэн тоноглолуудын хувьд хамгийн сүүлийнх нь гэхэд 30 жилийн өмнөх гэхээр техник тоног төхөөрөмж  ямар  түвшинд явж байгаа нь тодорхой. Инженерүүдийн маань идэвхи санаачлага, мөн эрчим хүчний салбарын хөгжлийн төлөө гэсэн чин сэтгэлтэй хүмүүсийн ач буянаар олон төсөл хөтөлбөрүүд үр дүнгээ өгч байна. Сүүлийн 22 жилийн хугацаанд шинэ техник технологи, бүтээн байгуулалт, шинэ эх үүсвэрүүдийг барих  ажлууд хийгдэж  байгаа ч дуусаагүй учраас өнөөдөр эрчим хүчний салбар үнэхээр хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй. Үүнийг шийдье гээд шинэчлэлийн Засгийн газар олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр болж санхүүжилтийг нь шийдэж өглөө. Олон нийт ч үүнийг харж байгаа байх. Улаанбаатар хотын хувьд гэхэд л цахилгаан дулааны хувьд дутагдалд орчихсон, өсөн нэмэгдэж буй хэрэглээг нөхөхийн тулд Амгалан дулааны станцыг барих ажлыг эхлүүлсэн явж байна. Энэ станц ашиглалтад орчихвол Улаанбаатар хотын олон арван айл өрх, шинээр баригдах барилга байгууламжийн дулааны асуудлыг шийдэх боломжтой. Мөн дээрээс нь V цахилгаан станцыг барих асуудлыг шийдсэн. Өмнө нь зарим  цахилгаан станцыг буулгая, нураая гэж ярьдаг байсныг эсрэгээр нь хуучин станцуудыг шинэчлэх  зорилго тавьсан. Тавантолгойн цахилгаан станцын асуудал  хүлээлтийн байдалд байсан ч  хөрөнгө мөнгөнийх нь  асуудлыг ч шийдчихлээ. Үүн дээр Монгол Улсад алдартай, мундаг эдийн засагч, Засгийн газрын тэргүүн байсан М.Энхсайхан дарга хариуцан ажиллаж байгаа. Тиймээс амжилттай хэрэгжинэ гэж бодож байна. Энэ бол бас л үр ашигтай, шинэ технологи орж ирнэ гэдэгт итгэл төгс байгаа. Нөгөө талаар эх үүсвэрүүдээсээ гадна бидний анзаарах ёстой зүйл бол эрчим хүчийг дамжуулж буй шугам, хоолойнуудаа сайн тордох явдал. Одоогийн байгаа шугамуудын хувьд орчин үетэй хөл нийлүүлэн алхаж, ирээдүйд Монгол Улсыг бүхэлд нь нэг систем болгон гэвэл зарим талаар учир дутагдалтай.
Тэгэхээр үүнийг шинэчлэхийн тулд бас үйлдвэрлэсэн хийсэн бүтээснээ үр ашигтай зүйлд зарцуулахын тулд шинэ технологийн шугамуудыг судалж байна. Үүний дагуу Япон улсын Засгийн газар, Японы томоохон аж ахуйн нэгжүүдийн шинэ технологийг нэвтрүүлье гээд Засгийн газар хоорондын хуралдаан, Японы эрчим хүчний яам болон бусад холбогдох яамдуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Үүний дагуу шинэ технологийн алдагдал багатай, үр ашигтай байх, удаан хугацаанд ашиглаж болох шугамыг Монгол Улсад туршиж үзье, үр ашигтай байвал хэрэгжүүлье гэж байгаа юм. Энэ нь товчоор хэлбэл бид 20, 30 жил биш 70, 80 жил ашигладаг шугамтай, тэр нь байгаль орчинд ээлтэй, урт хугацаанд ашиглаж болдог болохоор нэг удаа хөрөнгө оруулалт хийхэд дараа нь бид аюулгүй байдлаа хангаж чадах түвшинд байх юм даа гэж ойлгож буй. Дамжууллаа гэхэд цаана нь хэрэглэгч дээр очоод ямар ажлууд хийх ёстой вэ гэдгийг мөн ярих ёстой болно. Тэгэхээр өндөр хүчдэл дээр очиход цаана нь түгээх компанийн асуудал яригддаг. Түгээх компаниуд нь айл өрхөд цахилгаан эрчим хүчийг нийлүүлээд түүнтэй холбоотой үйлчилгээ үзүүлж, үйлчилгээнийхээ дагуу төлбөрөө аваад явж байгаа. Өнөөдрийн байдлаар 329 сум суурингаас ес нь бие даасан үйл ажиллагаатай байж, эрчим хүчээр хангагдаж байна. Бусад нь хангагдсан ч анхны хөрөнгө оруулалт нь арай бага байхаар найдвартай эрчим хүчээр хангах тал дээр нэг шугамын төслийг хэд хэдэн суманд хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч байна. Эх үүсвэр тал дээр бид шинэ станц барих, шинэ технологи нэвтрүүлэх талаар яриад эхлэхээр тэр станцуудыг ажиллуулдаг нүүрс, түүнтэй холбоотой байгалийн баялагийн талаар ярих шаардлагатай болно. Тэгэхээр үүнтэй холбогдоод ярихад бидний хийж буй томоохон ажил нь Шивээ-Овоо дээр хөрс зайлуулах системийг нь конвейерийн систем рүү оруулах төслийг нь боловсруулсан байна лээ. Үүнийг Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөрөө оруулж дэмжээд тодорхой хэмжээнд “Энэ нь шинэ технологи юм байна. Бас үргүй зардлуудыг багасгах юм байна” гэдэг үүднээс  эхлүүлэх нь зөв юм байна гэдэг шийдвэрт хүрсэн.  Багануурын нүүрсний уурхай гэхэд л техник, тоног төхөөрөмж нь  олон жил ашиглагдсан, энэ хооронд тухайн үеийн хүнд байдал, яах аргагүй шаардлагын улмаас уулын ажлын төлөвлөгөө нь хоцрогдсон хүнд байдалд орсон байсан. Үүн дээр тодорхой санхүүжилтийг нь шийдүүлэх, техник эдийн засгийн үндэслэлийг нь шинэчлэн боловсруулах тал дээр дэлхийн банк болон бусад байгууллагуудад саналыг нь хүргүүлж байна. Уурхайгаас олборлож гаргаж ирсэн нүүрсийг ачиж тээвэрлэн Улаанбаатар руу  хамгийн сайн чанартай нүүрсийг нь оруулж ирэх тал дээр бодох ёстой юм байна. Үүн дээр бид техникийн зарим шийдлүүдийг гаргаж байгаа. Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотойгоор хагас коксжсон нүүрсийг Улаанбаатар хотын хэрэглээнд нийлүүлэх ажлыг бэлтгэж байна. Энэ сэдвийг хөндөхөөр дулааны II цахилгаан станц дээр улсын төсвийн хөрөнгөөр барих хагас коксжих нүүрсний үйлдвэрийн тухай асуудал яригддаг. Ерөнхийдөө  Багануурын уурхайг түшиглээд  туршилтын журмаар дулааны станц дээр нь хагас коксийг хийхээр гурван сар орчим туршиж үзлээ. Туршилтын ажил сайн явж байна. Өнөөдрийн хувьд нүүрсийг хагас коксжуулахаар  цахилгаан станцын маш нарийн горимтой технологи дээр дундын үйлдвэрлэлийг оруулж ирэхээр технологийн гажуудал гарч байсныг өөрчилж чадсан. Тэр байтугай дулааны станцууд дээр хагас коксыг хийхэд ямар нэг хүндрэл байхгүй гэдэг нь харагдсан. Үүний үр дүнд хэмжээ нь бага ч илч дулаан гаргах чадвар өндөртэй, хаягдал, утаа, хор багатай технологиудыг турших ажлыг амжилттай гүйцэтгэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол буурах сайн талтай. Хуучин тоног төхөөрмжүүдийг шинэчлэхтэй холбоотой эхний ээлжийн ажлыг дулааны III цахилгаан станцаас эхэлнэ. III цахилгаан станцыг шинэчлэх, шинэ станц болгох урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг боловсруулж батлаад одоо орж ирж буй нүүрсний хэмжээ нэмэгдэхгүйгээр харин дулааны III цахилгаан станц хүчин чадал илүү болох, тодруулбал одоо байгаагаасаа хоёр дахин илүүг үйлдвэрлэх хүчин чадалтай болох боломжийг нь нээгээд эхний ээлжийн ажил болох 50мВт-ын цахилгаан эрчим хүчний эх үүсвэр, 100 мВт-ын дулааны эх үүсвэр нэмэх ажлыг Засгийн газар дэмжээд санхүүжилтыг нь шийдэж өгсөн. Одоо үүнтэй холбоотой тодорхой гэрээ хэлцлүүдийг хийж байна. Бидний бодох ёстой бас нэг зүйл бол үйлдвэрлэж байгаа эрчим хүчээ яаж үр ашигтай хэрэглэх вэ гэдэг юм. Үр ашигтай хэрэглэх, хэмнэлт гаргах нь бидэнд ямар давуу талыг олгох вэ гэдгийг нэлээд нухацтай ярилцсан. Үүний дагуу  “Эрчим хүч хэмнэлтийн тухай” хуулийг ерөнхийд нь бэлтгэж хэлэлцүүлээд явж байна. Энэ хаврын УИХ-ын чуулганд оруулья гэж эрмэлзэж ажилласан. Гэхдээ амжихгүй талдаа болчихлоо. Тиймээс намрын чуулганы хуралдаанд оруулж батлуулья гэж бодож байгаа. Хэмнэнэ гэдэг нь сүүлийн үеийн дэвшилтэт технологи гарч ирснээр эрчим хүчийг бага зарцуулдаг тухайлбал LED телевиз, үүнтэй адил ахуйн хэрэглээний бүх бараа их бага хэмжээгээр эрчим хүч хэмнэдэг технологиуд гарсан. Энэ төрлийн технологийг хэрэглэгч талдаа дэмжье. Ард  иргэдийн хувьд ч тэр, цахилгаанд зарцуулж буй мөнгийг нь хэмнэх бодлого цаана нь явж буй. Нөгөө талаар эрчим хүчний хэмнэлтийн хуулийг гаргачихаар томоохон хэрэглэгчид гэж яригддаг үйлдвэр аж ахуйн газрууд, барилга байгууламжууд дээр дулааны асуудлыг бууруулах тухай зайлшгүй яригдана. Сүүлийн үед баригдаж байгаа байшингууд дулааны алдагдалгүй  байхын төлөө  ажиллаж байгаа.  Барилга, хот байгуулалтын яамныхан эрчим хүчний хэмнэлттэй холбоотой нэлээд дорвитой ажлуудыг хийж байгаа. Бид хэр их эрчим хүч хэмнэж чадна төдий хэмжээний нөөц бололцоо гарч ирнэ гэсэн үг.
Ер нь техник, технологийн хөгжилтэй хөл нийлүүлж явахын тулд мэдээллийн орчноо сайжруулах хэрэгтэй. Ингэхийн тулд олон улсын үзэсгэлэн яармаг, хурал цуглаан оролцох нь чухал. Бид өөрсдөө олон улсад зохиогдсон хурал цуглаанд оролцоод явбал зардал мөнгө их гарна. Тиймээс ер нь Монголдоо хийвэл эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахаар төлөвлөж сонирхож байгаа шинэ техник, технологи нэвтрүүлсэн гадны компаниуд Монголд ирж  ийм юм хийж байна, энэ нь Монголд тохирно,  энэ бол олон улсын шинэ стандарт гээд яагаад бидэнд  үзүүлж болдоггүй юм гэх үүднээс “Энержи Монголиа 2013” олон улсын форумыг анх удаагаа зохион байгуулж байна.
Үр дүнд нь олон хүн шинэ технологийн талаар мэдээлэл авснаар шийдвэр гаргах боломжууд нь нээгдэнэ. Олон талын мэдээлэлд тулгуурлан гаргаж буй энэ шийдвэр нь зөв, оновчтой байх юм гэдэг үүднээс энэ арга хэмжээг тогтворжуулах  ёстой.

-Ер нь эрчим хүчний салбар  татаасаар амьдардаг. Үүний  “буруутан” нь  төр. Харин нөгөө талдаа цахилгаан станцууд, уул уурхайн компани алдагдал хүлээдэг. Гэтэл дамжуулах, түгээх газрууд нь ашигтай ажиллаад байдаг. Тогтолцооны гэмээр гажуудлыг яамаар юм бэ?
-Зах зээлд шилжиж чадаагүй ганц салбар бол эрчим хүчний салбар. Өөрөөр хэлбэл, төрөөс зохицуулалттай явж байгаа. Яахав эрчим хүчний салбарынхан татаас их  авдаг, мөнгө иддэг гэх яриа байдаг. Гэхдээ бид  хөрш  орнуудынхаа жишигтэй харьцуулж үзэх хэрэгтэй. Өнөөдөр бидний авч буй татаасын хэмжээ жил ирэх тусам л багасч байгаа. Энэ нь нэг талаас өгч байгаагаа тодруулбал, зөрүү алдагдлын хэмжээг багасгахаар олгож байсан татаасын хэмжээг багасгаад байгаа нь эрчим хүчний салбарынхныг үр ашигтай ажилла гэж шахаж буй хэлбэр мөн хэдий ч нөгөө талдаа үйлдвэрлэн борлуулж буй бүтээгдэхүүний үнэ тарифыг өөрчлөх тухай дорвитой шийдвэрүүд гарч чадахгүй байгаатай холбоотой.  Гарахгүй байгаа шалтгаан нь нэгдүгээрт, манайхны авч буй цалин хөлсний хэмжээ мэдээж хөгжчихсөн Солонгос, Японтой харьцуулашгүй. Тийм учраас үүнийг аажмаар нэмэх асуудал яригдаж буй. Алдагдлыг бууруулах тал дээр бидний зүгээс хийж болох олон ажил бий. Жишээ нь иргэдийн цахилгааны үнэ тарифыг нэмэхгүйгээр бусад үр ашиггүй зүйлд зарцуулаад байгаа нөхдүүдийг үр ашигтай ажилла гэдэг хэлбэрээр нь томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд үнэ тарифыг зохицуулалттайгаар өөрчлөх боломжуудыг судлаад тодорхой дүгнэлтүүдийг гаргасан. Үүний дагуу ажлууд хийгдэнэ. Алдагдалтай ажилчихлаа  улсаас татаас өгөөч гэдэг асуудлыг ямар ч байсан багасгая гэсэн зорилго тавьж буй. Бусад улсуудтай харьцуулахад Япон гэхэд л томоохон эрчим хүч үйлдвэрлэгч орон. Атомын цахилгаан станцтай, нүүрснийх ч бий. Гэхдээ бас л татаас өгдөг. Эрчим хүч гэдэг өөрөө суурь бүтэц шүү дээ. Улс эх орны хөгжлийн хамгийн анхны суурь. Гэрэл цахилгаантай, дулаахан байж гэмээнэ тодорхой үйл ажиллагаа явуулах боломжууд нээгддэг. Тэгэхээр үүнийгээ хөхиүлэн дэмжих тал дээр гадны улс орнууд хөрөнгө хаяж, томоохон эрчим хүч үйлдвэрлэгчиддээ татаас өгдөг. Энэ нь алдагдалтай байлгахгүй гэж зорьж өгч буй татаас биш, тэр эх үүсвэр бүхий станцууд нь ашигтай ажиллах төлөвлөгөөгөө гаргаад хөрөнгө оруулалтаа нөхөх хэмжээний тооцоо гаргаад өгөхөд Засгийн газар хамтын хэлэлцээрт ороод түүнийг нь шийдээд явдаг жишиг бий. Ер нь бид нүүрсээ экспортлохоос илүүтэй нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц барих нь зөв юм байна. Тиймээс бид энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа. Нэлээд хэдэн уурхай дээр цахилгаан станц барих асуудлыг шийдэх юм. Ингэснээр цахилгаан эрчим хүч тодорхой түвшинд, боломжийн үнэ тарифтай гарч ирэх байх гэсэн хүлээлттэй байна. Тавантолгойгоос гадна Багануурын нүүрсний уурхай дээр ч гэсэн 700 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихаар төлөвлөж буй. Ингэхээр зохицуулалт ёсоор,  УИХ-ын  72 дугаар тогтоолын дагуу ашиг алдагдлын зөрүүг аажмаар багасгаж, ингэснээр эргээд таны хэлсэн станц, уурхайнуудын зовлонг хөнгөлж өгөх юм.

-Өнгөрснийг эргээд харахад Эрчим хүчний яам нэг ачаа чирч явж. Өнөөдөр биеэ даачихлаа. Гарц нээгдлээ гэж үзэж болох уу?
-Шийдвэрээ хурдан гаргах боломжууд нээгдчихэж байгаа юм. Үүний үр дүнд түрүүн ярьсанчлан төсөл хөтөлбөрүүд хурдан шийдэгдэж байна гэж ойлгож болно. Ингэснээр эрчим хүчийг хоёрдугаарт тавьж байсан асуудал буруу байж, энэ нь суурь бүтэц юм гэдгийг олж хараад шийдвэрлэсэн.  Маш олон төсөл хөтөлбөрүүдийг  амжилттай хэрэгжүүлэх үндэс суурь  нь боллоо гэж бодож байна.

-Эрчим хүчний чиглэлийн  гадны хэчнээн төсөл хэрэгжиж байна вэ?
-Одоогоор эрчим хүчний салбарт 14 төсөл арга хэмжээ хэрэгжиж буй. Зарим нь удахгүй дуусна. Зарим төсөл арга хэмжээг үргэлжлүүлэх талаар харилцан ойлголцлын санамж бичгүүд нь хийгдчихсэн байна. Энэ бол зөвхөн эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа гадаад улс орны төр, засгийн оролцоотой санхүүжүүлэгч байгууллагууд, эсвэл олон улсын санхүүгийн байгууллагуудын хэрэгжүүлж буй төслүүдийн хэмжээ шүү дээ. Үүнээс гадна манай хувийн хэвшлийн компаниуд ч гэсэн өөрсдөө байгууллагууд дээрээ төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байна. Жишээ нь, Хасу мегаваттынхан гэхэд өөрсдөө сургалтын төв байгуулж, гагнуурын өндөр чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлсэн байх жишээний. Манай яамны хувьд шинэ Засгийн газрын бүтцэд дэргэдээ эрчим хүчний хөгжлийн төв байгуулахаар болоод үүн дээрээ Эрчим корпорацийг нэгтгэж оруулахаар болсон. Ингэснээр шинжлэх ухаанч байдлаар аливаа зүйлд хандах, судалгаа шинжилгээтэй байх бүх боломж нээгдэж байна гэж ойлгож болно. Үүний үр дүнд салбарын хувьд хаана юу болохгүй байгаа тал дээр судалгаа хийгээд түүнийхээ дагуу олон улсын байгууллагуудад хандаж төсөл хөтөлбөрүүдийг илүү өргөн хүрээнд явуулах боломжуудыг нээсэн гэж харж байна.

-Ингэхэд  гадныхан Монголын эрчим хүчний салбарыг хэр сонирхож байна?
-Одоогийн байдлаар  зургаан шинэ эх үүсвэр барих тусгай зөвшөөрөл авчихсан байна. Үүнд гадаад дотоодын компанийн аль аль нь багтсан. Энэ бол хувийн хэвшлийнхний л авсан зөвшөөрөл шүү дээ. Жишээ нь Чандганы нүүрсний уурхай дээр суурилсан гадны хөрөнгө оруулалттай компани төсөл хэрэгжүүлье гээд явж байна. Энэ тал дээр бид өнөөдрийн байдлаар мөрдөж буй хууль, эрх зүйн орчинд дэмжих ёстой юм байна, гадны хөрөнгө оруулалт эрчим хүчний салбарт орох ёстой юм байна гэж үзээд тодорхой зүйл дээр нь дэмжлэг үзүүлсэн.  Нөгөө талаар  шинээр бид ийм нүүрсний уурхайтай, үүнийгээ түшиглээд цахилгаан станц барья гээд ТЭЗҮ-ээ боловсруулаад ирж байгаа олон газрууд байна.  Тэд мэдээж хөрөнгө оруулалтаа нөхөнө  гэх утгаараа  сонирхож орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дундаас өөрсдийнхөө хөрөнгө санхүүгийн боломжийг тооцоод ийм   хэмжээнд ажиллаж болох юм байна гээд орж ирж буй шүү дээ.

-Хөрөнгө оруулалтын орчныг нээлттэй болгочихоор дураараа үнэ тогтоох асуудал гарах болов уу?
-Тийм зүйл байхгүй. Хөрөнгө оруулагчдад хуулийн дагуу тавьж буй шаардлага бий. Энэ нь нэгдүгээрт та бүгд үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ үнэ тарифыг зохицуулах хороогоор батлуулж байх ёстой гэж байгаа юм. Эрчим хүчний зохицуулах хороо бол хуулиараа үнэ тарифыг жил болгон баталж байх ёстой. Энэ нь нэг талаар нийгмийн хариуцлага, нөгөө талаар аж ахуйн нэгж хооронд хийгддэг гэрээ хэлэлцээрийнхээ дагуу яв гэж буй хэрэг.  Үүнд заавал Засгийн газрын баталгаа нэхээд байх шаардлагагүй. Яагаад гэвэл энэ нь арилжааны хэлбэрээр хийгдэж байх ёстой ажлууд шүү гэдгийг нь огуулж хэлж байгаа.

-Эрчим хүчний бас нэг тулгуур нь сэргээгдэх эрчим хүч. Бусад эх үүсвэрүүдийн үйлдвэрлэж буй цахилгаан нүүрснийхээс ямар байх вэ?
-Нар, салхины эрчим хүчний үнэ тарифыг Сэргээгдэх эрчим хүчний хуульд заагаад өгчихсөн байгаа. Мөн бага чадлын усан цахилгаан станцын тарифыг ч заасан.
Сэргээгдэх эрчим хүчний хувьд олон төсөл хөтөлбөр хэрэгжсэн. Нарны бага чадлын хэд хэдэн станц орон нутагт ажиллаж байна. Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын хажууханд 458 кВт хүчин чадалтай нарны эрчим хүчний төсөл хэрэгжээд үйл ажиллагаа нь явж байна. Салхины хувьд Салхит уулан дээр баригдаж буй Ньюком компанийн 50мВт-ын хүчин чадалтай станц удахгүй ашиглалтад орно.  Ер нь салхины эрчим хүчийг ашиглах олон төсөл, судалгаа хийгдэж байгаа. Ер нь сэргээгдэх эрчим хүчийг төрийн бодлогын хувьд эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 20 хувьд хүргэнэ гэсэн зорилт бий. Энэ дагуу нэлээд том зохицуулалтууд хийхээр төлөвлөсөн.  Усан цахилгаан станцын хувьд бага чадлынхыг сэргээгдэх эрчим хүчинд тооцоод явдаг. Томоохон усан цахилгаан станцуудын асуудал яригдана. Эгийн голын усан цахилгаан станцын төсөл гээд та бүхэн сайн мэдэх байх. Олон жил яригдсан энэ төслийг ажил хэрэг болгох ёстой. Энэ нь эргээд өөрөө эрчим хүчний салбарт зохицуулалт хийх горим барихад хамгийн чухал төсөл юм. Үүнийг хэрэгжүүлнэ гэсэн зорилго удахгүй биелэлээ олох байх. Нөгөө талаар томоохон хэмжээний усан цахилгаан станцуудын судалгааны, мөн ТЭЗҮ боловсруулах ажлууд хийгдэж байна. Тодруулбал, энэ чиглэлийн ажлын хэсэг гараад ТЭЗҮ-ийг нь боловсруулах тал дээр гадаадын томоохон санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.

-Шүрэнгийн усан цахилгаан станцыг барих тухай асуудалд оросууд  эсэргүүцээд байна уу?
-Засгийн газар хоорондын комиссын хуралдаан дээр байнга дурдаж байгаа. Үүн дээр 2012 онд болсон Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан дээр санал тавиад ОХУ-ын талаас байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнээс нь хамаарч хамтран ажиллахад татгалзах зүйлгүй гэдгээ хэлсэн. Тэгэхээр мэдээж байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг бид нарийн хийлгээд орчин үеийн шинэ технологиудыг нэвтрүүлснээр тэр эрсдлийг нь улам багасгаж,  эрчим хүчний аюулгүй байдлыг хангах тал дээр түлхүү зорьж ажиллах ёстой. Ингэж ч ажиллаж байгаа.

-Төвийн бүсийн эрчим хүчний хангамж  боломжийн харагддаг. Баруун бүс Оросоос  цахилгаан импортлодог. Гэтэл өмнийн говьд том том бүтээн байгуулалт эхлэх гэж  байна.  Хэрэглээг хангаж дийлэх үү?
-Тавантолгойг түшиглэн цахилгаан станц барья гэж шийдвэрлээд энэ ажлыг эхлүүлж байгаа нь үүнтэй холбоотой. Импортыг урд хойд хөршийн аль алинаас нь авдаг.  Сүүлийн жилүүдэд ялангуяа 2013-2014 онд импортын хэмжээ нэмэгдэх хандлагатай байна. Тэгэхээр хугацаа алдахгүйгээр энэ эрсдлийг багасгахын тулд нэн ялангуяа нүүрсний ордууд дээр цахилгаан станц барья гэж зорьж буй. Ингэж байж томоохон аж үйлдвэрийн паркууд, үйлдвэрийн цогцолборуудыг өөрсдийн эрчим хүчээр хангах боломжтой болно. Ер нь эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулахад хугацаа их ордог. Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нь ч урт. Гэхдээ тогтвортой үйл ажиллагаа явуулдаг томоохон салбар учраас хөрөнгө оруулагчид сонирхдог гэж бодож байна. Ер нь Багануур, Тавантолгойд баригдах цахилгаан станцуудын эхний шатны асуудлыг л бид яриад байгаа юм. Тавантолгой дээр 450 мВт-ын станц барих шийдвэр гарсан нь зөвхөн эхний ажил. Дараа нь энэ хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Хүчин чадал нь 1000 мВт-аас ч илүү гарах ёстой. Ингэж байж бүс нутгийн эрчим хүчний асуудлыг бүрэн шийднэ. Төвийн бүсийн эрчим хүчний хувьд гайгүй гэж та ярьж байна л даа. Гэхдээ хүссэн, байх ёстой түвшинд байж хараахан чадахгүй байна. Ер нь алсдаа Монгол Улс эрчим хүчний хувьд нэг том нэгдсэн системтэй болно. Үүний тулд нэлээд олон суурь ажил хийж байгаа. Ялангуяа мэдээллийг цуглуулах, хяналт тавих арга хэлбэрүүдийг олон улсын түвшинд аваачих гэж олон улсын байгууллагуудын зарим төсөл хөтөлбөрүүд хийгдчихсэн, нэгдсэн системтэй болох ажлуудыг эхлүүлчихсэн явж байна. Аажимдаа цахилгаан дамжуулах сүлжээ, үндэсний сүлжээнийхээ аюулгүй байдлыг хангах талд нэлээд дорвитой ажлуудыг үлдсэн хугацаанд хийж эхлүүлнэ.

-Танай эрчим хүчний салбарын зөвлөх инженер Самдан гэдэг  хүн саяхан Өдрийн сонинд ярилцлагадаа   “V цахилгаан станцын  байршил тохиромжгүй, түүний оронд III цахилгаан станцын хашаанд барь” гэж онцолсон байсан?  
-Дулааны III цахилгаан станцын суурин дээр ТЭЦ V-ыг барья гэдэг санал өмнөх Засгийн газрын үед гаргачихсан байсан шүү дээ. Энэ яагаад өөрчлөглдсөн бэ гэдгийг бодох ёстой. Нэгдүгээрт Улаанбаатар хот руу орж ирж буй түүхий нүүрсний хэмжээ дулааны цахилгаан станц V баригдах юм бол хоёр дахин ихсэнэ. Энэ их нүүрсийг юугаар зөөж оруулж ирэх вэ. Мэдээж төмөр замаар. Гэтэл өнөөдөр төмөр замын ачаалал үүнийг дийлэхээргүй хэмжээнд байна.  Үүнийг шийдэхийн тулд эх үүсвэрт жаахан дөхүү, зай талбай нь чөлөөтэй байх газрыг сонгосон нь тэр юм. Бас нэг гол асуудал нь манай дулааны цахилгаан станцууд хотынхоо баруун талд төвлөрчихөөд байдаг. Гэтэл энэ цахилгаан станцуудаас эрчим хүч, дулааныг шугам хоолойгоор дамжуулаад хотын зүүн захын хэрэглэгчдэд хүргэхэд техникийн хувьд  нөхцөл нь улам хүндрээд байгаа юм. Тэгэхээр энэ хүнд байдлыг арилгахын тулд хотын зүүн талд нэг шинэ эх үүсвэр барих нь зүйтэй. Ингэснээр Улаанбаатар хотын иргэдийг дулаан байлгах асуудлыг бүрэн шийдэж чадах юм.  Бодлого барьж буй яамны зүгээс шийдвэрээ гаргасан.  Энэ ажил дуусах л ёстой.

-Цахилгаан дулаан дамжуулдаг агаарын, мөн газар доорхи байгууламж гэж бий. Энэ шугам хоолойг шинэчлэх ямар бололцоо байна вэ?
-Улаанбаатар хотын хувьд ярихад хүндрэлтэй асуудал олон бий. Жишээ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх гэхээр  газар нь багадчихсан, газрыг нь чөлөөлүүлэх гэх мэтчилэн  хүндрэлтэй асуудал олон. Энэ бүгдийг Улаанбаатар хотын шинэ засаг захиргаатай ярилцаад хамтарч шийдээд явж байна. Үнэхээр дэд бүтцийн суурь  хуучирсан учраас хийх ажил их бий. Энэ жилийн хувьд гэхэд Улаанбаатар хотод Их тойруу гэх төслийн хүрээнд нэлээд хэмжээний мөнгө санхүүг шийдүүлж, хөрөнгө оруулалтууд хийж байгаа. Газар зохион байгуулалттай холбоотойгоор зарим нэг иргэн өндөр хүчдэлийн шугамын дор байшин барилгаа барьчихаад асуудал үүсгэдэг. Түүнээс болж алдаг оног арай гэж явж буй эрчим хүчний салбар дээр шүүхийн шийдвэр гараад мөнгө төгрөгийг нь төл гэх жишгээр хүндрэл үүсдэг. Ард иргэдийн амьдралыг тэтгэж буй эрчим хүчний салбарынхны хийж буй ажилд иргэд маань өөрсдийн зүгээс тусалж дэмжиж байгаасай гэж хэлмээр байна. Аж ахуйн нэгжүүд ч гэсэн энэ талаар ойлголттой байх хэрэгтэй. Яах аргагүй шаардлагын үүднээс зарим нэг эрчим хүчний шугам хоолой засах ажлууд олон хийгддэг. Тэгэхээр аль аль нь энэ асуудал дээр хүлээцтэй байя гэж уриалмаар байна.

-Эрчим хүчний хэрэглээ өдөр нь маш их байснаа шөнө нь огцом буурчихдаг учраас Орос руу эрчим хүчээ сул шахам  өгдөг гэж байсан. Тэгэхээр  үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгжүүдийг шөнө ажиллахыг уриалж, хөнгөлөлт урамшуулал эдлүүлж болдоггүй юм уу?
-Цагийн мөчлөгөөр өөр өөр үнээр эрчим хүч худалдаж авах боломжуудыг нээж өгсөн. Гагцхүү үүнд аж ахуйн нэгж, айл өрхүүд жаахан санаачлага муутай байгаа. Өдөр ачаалал харьцангуй гайгүй, үйлдвэрлэж буй хэмжээндээ таардаг. Орой ажил тарах үеэр ачаалал туйлдаа хүрдэг. Тодруулбал, 17-22 цагийн хооронд. Үнэ тарифын хувьд нэг, хоёр, гурав гэж бий.  Эрчим хүчний хуулиар түгээх компаниуд ч гэсэн ард иргэдэд энэ боломжийг нээж өгөх тал дээр ажиллах ёстой. Энэ талаар  удирдах ажилтны зөвлөгөөний үеэр ярьсан.   Дорвитой ажлуудыг ч хийх ёстой. Үүнийг эргээд л нөгөө төсөв санхүү, хөрөнгө мөнгөтэй холбогдоно. Тэгэхээр ойрын үед Засгийн газар эрчим хүчний салбарт олгох татаас санхүүжилт, зээлийн асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Үүгээрээ л иргэдэд боломжийг нь нээж өгнө дөө. Өндөр ачаалалтай үеийн эрчим хүчний үнэ өндөр байвал ачаалал буурна гэж бодож байна.

-Ер нь компанийн захирлаас илүү гүйцэтгэх захирал маш их  үүрэг хүлээдэг. Дэд сайд ч ялгаагүй болов уу?
-Засгийн газрын тухай хуульд дурдсанаар дэд сайд төсөл арга хэмжээнүүдийг хариуцна. Мөн түүнчлэн яамны дэргэд байгаа агентлаг, албан газруудыг хариуцаж ажилладаг. Тэгэхээр Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эрчим хүчний 22 аж ахуйн нэгж түүнтэй холбоотой хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд, төсөл төлөвлөгөөнүүд, эрчим хүчний салбарт олон улсын байгууллагаас болон Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг хариуцан ажиллаж байна.

-Таны хувьд зарим төсөл хөтөлбөрийн ТЭЗҮ-г хараад, эсвэл газар дээр нь очиж шалгаад болохгүйг нь буцаах  эрхтэй гэсэн үү?
-Төсөл хөтөлбөрүүдийг би ганцаараа шийдэхгүй л дээ. Шинжлэх ухаан технологийн зөвлөл гээд манай яамны бүтэц бий. Энэ нь төсөл хөтөлбөрүүдийн ТЭЗҮ дээр үнэлэлт дүгнэлт өгөх байгууллага. Ирсэн хэд хэдэн төсөл энэ зөвлөлийн шаардлага хангаагүй, тооцоо дутуу хийгдсэн, судалгаагүй байснаас буцсан тохиолдол бий.

-Ер нь сүүлийн жилүүдэд  галын аюулын тодорхой хувь нь цахилгаанаас үүдэлтэй гарч байна. Иргэд мэдлэггүйгээсээ, эдийн засгийн чадавхиасаа хамаарч чанаргүй цахилгааны утас худалдаж авдаг. Тиймээс  нэгдсэн байдлаар хангаад үнийг нь цахилгаан хэрэглэсэн төлбөр дээр нэмээд авчихаж болдоггүй юм болов уу?
-Энэ нь утсаар хангахтай ч холбоотой асуудал биш. Дээр дурдсан манай яамны дэргэдэх Эрчим хүчний хөгжлийн төвийн хүрээнд бид одоо мөрдөгдөж байгаа стандарт, нормуудыг шинэчилж олон улсын түвшинд хүргэхээр зорьж байна. Ялангуяа Европын холбооны дагаж мөрддөг стандартын түвшинд аваачъя гэж байгаа юм. Стандарт шаардлагууд зөв зохистой болоод ирэхээр хаа хаана аа хал балгүй болох ёстой. Энэ дагуу Эрчим хүчний хөгжлийн төв анхаарал тавьж тусгай нэгж байгуулаад ажиллаж байна. Тэгэхээр ойрын ирээдүйд бид олон улсын стандартаас хоцрохгүй болчихоор энэ мэт аюул байхгүй болно.
Тэгэхээр бид чинь стандартгүй явж ирсэн юм уу?
Стандарт байгаа л даа. Үндсэндээ олон жилийн өмнөх стандарт шинэ техник технологиуд дээр хоцрогдоод байгаа асуудал л байгаа юм.

Check Also

Бичил уурхай эрхлэх эрх олгосон хууль бус гэрээнүүдийг цуцлана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »