50 мянган баррель занарын тос үйлдвэрлээд, 6700 тонн сайн чанарын шатахуун авна

Эдийн засгийн Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монголын занарын холбоо, АНУ-ын “Жени Ойл Шейл Монголиа” компани занарын тос боловсруулах технологийн талаар гишүүдэд танилцууллаа. 2013-04-08zanar1Монголын нутаг дэвсгэрт нийт 312 мянган км талбайд шатдаг занар бүхий есөн сав газар, гурван орд, хэд хэдэн илрэл байгаа бөгөөд 788 тэрбум тонн нөөцтэй хэмээн тооцоолсон юм байна. Манай орны шатдаг занарыг одоогоор судалж, үнэлэх ажил хийж байгаа бөгөөд судалгаагаар Монголын шатдаг занар өндөр зэрэглэлийнх гэдэг нь тогтоогдсон талаар “Жени Ойл Шейл Монголиа” компанийн ахлах судлаач Харольд Винегэр гишүүдэд мэдээлэв. Түүний тайлбарласнаар, занарыг ил уурхайн аргаар олборлон боловсруулах бус, газрын гүнд боловсруулах технологи ашиглах аж. Энэ технологи нь байгаль орчинд хоргүйгээс гадна өндөр чанарын шатахуун, дизель түлш, онгоцны түлш, байгалийн хий, занарын тосны шингэрүүлсэн хий гарган авах боломжтой гэнэ.
Монгол занараас гарах тосны хэмжээг занарын нөөцөөрөө томд тооцогдох Израилийнхтай харьцуулахад хоёр дахин их аж. “Жени Ойл Шейл Монголиа” компанийн хувьд судалгаа, үнэлгээний ажлаа дуусгаад, хэдэн жил туршилт явуулсны дараа үйлдвэрээ барихаар төлөвлөжээ. Уг үйлдвэр өдөрт 50 мянган баррель занарын тос үйлдвэрлэх хүчин чадалтай байх гэнэ. Ийм хэмжээний занарын тос боловсруулахад нийт 6700 тонн сайн чанарын шатахуун, онгоцны түлш үйлдвэрлэх ажээ. Занарын тос боловсруулах үйлдвэр баригдсанаар Монгол Улс шатахуун, онгоцны түлш, байгалийн хийн дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй, гадаадад экспортлох боломжтой хэмээн Харольд Винегэр яриад “ Занарын ганцхан ордыг ашиглахад л Монголын Улсын хэдэн арван жилийн хэрэгцээг хангана” гэв.
Эдийн засгийн Байнгын хорооны уг хуралдаанаар мөн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн болон Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Ажлын хэсгийг Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар ахлахаар болов. Үүний дараа Мөнгө угаах болон терроризмыг санх үүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийн санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр төлөвлөсөн байсан. Гэсэн ч асуудлыг хэлэлцэж эхлэх үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, Монгол Улсын банкны системийн тогтвортой байдлын талаар нарийн зүйлс ярих учир асуудлыг хаалттай хэлэлцэх санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэнээр хуралдаан хаалттай болов.

Р.Цэцэг

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Scroll To Top