Жанжин Чойрын уурхайчид

Элст аараг толгодын дунд Говьсүмбэр гэх жижигхэн  аймаг орших.    Жанжин Чойрын хөндийн гангараа болсон энэ  сум  Монгол Улсын хөгжилд  өөрийн өнгийг тодорхойлж явааг та бид мэдэх хойно олон зүйл өгүүлж юу хийнэ.  2013-05-27shivee3Ямартай ч нийслэлд монос цэцэглэж, их дээд сургууль төгсөгчид  Мөнгөн хонх жингэнүүлэн гүйлдэх зуны эхэн сарын эхээр  Шивээ –Овоогийн зэгэл  саарал  гудамжинд  мөрөөн үлдээж,  аяганы ёроолд тунаран үлдэх говийн шар элсийг амталж үзээд ирлээ.   Орос ах нарын аж төрж байгаад орхиод одсон суурин дээр тоонотоо дугуйлсан Шивээ –Овоогийнхны амьдралыг  хөрш зэргэлдээх аймгуудын сумдуудтай  зүйрлэшгүй юм аа. Үнэн хэрэгтээ шил даран сүндэрлэсэн таван давхар орон сууцны арав гаруй барилгатай сум улсын хэмжээнд хэд билээ, Сэлэнгэ аймгийн Мандал сум, эдний хоёр л байх.  Сумын оршин суугчдын дийлэнх Шивээ –Овоо ХК-д ажилладаг гэх утгаараа амьжиргаа сайтай бололтой. Өөрсдөө  өөд нь татаж авсан гэх уурхайчдын хотхоны хоёр талаар эгнүүлэн тавьсан суудлын тэргээс анзаарахад нэг айл хоёр унаатай байж мэдэхээр юм билээ. Бас Шивээгийн хүүхнүүдийн ганган дэгжин байгааг яана. Зам зуур танилцсан нэгэн бүсгүй “Манайхан чинь  хоорондоо өрсөлдөж амьдарна шүү дээ. Болдынх шинэ унтлагын өрөөний иж бүрдэл авч гэж сонсогдох юм бол манайх ч шинэчлэнэ гэж үзнэ” хэмээн цагаахнаар гайхуулаад авсан нь үнэнийг ортой бололтойдог.  Эрчүүд нь ажил ихтэй, завгүй болохоор сумын төвийн гудамжаар хүүхнүүд голдуу гунхалзах янзтай. Энэ бүхнийг дурдахын учир Шивээ-Овоод амьдрал сайн байгаагийн шинж мөнөөс мөн. Бас архи уусан “сул эр” тэнд харагдаагүй.

“Аймаар” том экскаватор, мундаг инженерүүд
2013-05-27shivee4Шивээ-Овоо ХК-ийн  үйлдвэр эрхэлсэн дэд захирал Ч.Мөнхбаатар, Техникийн бодлогын хэлтсийн дарга, ерөнхий механикч Л. Гэрэл  нар  нөхдийн хамт  ийн наргиа хийсээр угтаж, хөтчилсөн.   Амралтын өдрөөр уурхай дээр өнжсөн ч  таван хэлтэс, найман  нэгж  ердийн ажлын өдөр мэт ажиллацгааж байсан. Тэдэнд  амралтын өдөр гэж байдаггүй  бололтой. Учир нь ээлжийн зохион байгуулалттай юм билээ. Тэднийгээ дагаад удирдлагууд нь ч өрөөндөө, талбай дээр ажиллаастай.   Хөтөч  маань уурхай  дээр очихоос өмнө уулзалтын өрөөгөөр ороод гарахыг хүссэн нь  аюулгүй ажиллагааны заавар өгөх үүргээ биелүүлэхээс гадна     тэртээ 1990 оны долдугаар сарын 31-ний өдөр уурхайн амыг нээсэн  түүхэн гэрэл зургуудыг  үзэж, танилц гэсэн санаа байж. Хашир хүний нарийн ухаан гэж. Өдгөө тус уурхайн 90 хувийг төр эзэмшдэг агаад арван хувь нь хувьцаа эзэмшигчдэд ногддог аж.  “ДЦС-IY” ТӨХК-ийн хэрэглэээний 50 хувийг  нүүрсээр  хангадаг тус уурхай өдгөө  530 гаруй уурхайчинтай.
Энэ хамт олон 2011 онд: 1586.3 мян.тн; 2012 онд: 1751.6 мян.тн нүүрс олборлосон  гэв.
Уурхай 23 жилийн өмнө ашиглалтад орсон  болоод ч тэр үү, нүдний үзүүрт орос техникүүд л гялзалзах юм гээч. Би буруу харсангүй. Газрын гүнд, бидний зогсч байсан өндөрлөгөөс доош 90 метрийн гүнд   таван давхар байшин шиг маш том  экскаватор хүглийж байх нь тэр. Дуу чимээ гэж янзтай. Галт тэрэгний  зүтгүүр дэргэд минь ирээд яндангаа дуугарав уу гэлтэй. Энэ мангар эдийг ЭШ 25/90 буюу цахилгаан экскаватор гэнэ. Шанаганы багтаамж нь гэхэд л 25  м/куб.  Монголд цорын ганц  байж мэдэх гайхамшигт  техникийг эднийхэн өөрсдөө зохион бүтээсэн юм шиг л эзэмшжээ. Энэ өдөр   Г.Даваасүрэнгээр ахлуулсан  залуус түүн дээр ажиллаж байв.  Даваасүрэн гуай 28 жил энэ аугаа техникийг эзэмшиж буй. ОХУ-д ТМС  төгсч ирээд Цагаан –Овоогийн нүүрсний уурхайд хэсэг ажиллаж байгаад Шивээгийн хүн болсон юм байх. Эндэхийнхэн андахгүй Энхбаатар, Энхрийхүү, Энхтайван гэх гурван энхтэй багшийн шавь. Харин өдгөө өөрөө багш нарынхаа буяныг эдэлж, 30 гаруй шавьтай болжээ.  Түүний хөдөлмөр зүтгэлийг төр үнэлж, 2011 онд Алтан гадас одонгоор энгэр юуг нь мялаасан байна.
ЭШ25/ 90 экскаваторын  гайхамшгийг дуу алдан магтах зуур түүнээс ч хүчин чадалтай  ЭШ 25/90 алхагч цахилгаан экскаватор  жанжин Чойрын хөндийг доргиулж өгч байна аа. Жаахан дэгсдүүлж хэлэхэд, шанаганд   нь  хоёр ланд крузер машин өлхөн багтчихаж мэднэ. Ийм аварга амьтныг машинч С.Хадхүү ажиллуулж байв. Тэрбээр Дархан хотын Политехникумыг төгсч ирээд л уурхайд ажилд орсон бөгөөд сүүлийн найман жилд нь   ЭШ 25/90- той  ноцолдож байгаа гэнэ. Техникийн насжилтын тухайд ЭШ 25/90 алхагч экскаваторын хувьд хэдийнэ 20 насны босгыг давсан гэнэ. Хүнээр бол тэтгэвэртээ суумаар байна хэмээн үглэх хэмжээнд очсон авч  оронд нь ажиллуулах техник байхгүйн улмаас эд ангид нь жижиг болон урсгал засвар хийх маягаар ямартай ч амь тарианы эрэлд мордолгүйхэн шиг аргалаад байгаа аж. Ер нь бол эдний засварын инженерүүд маш чадварлаг нөхдүүд байдаг бололтой.  Мөргөцгийн зүүн талд бас нэг том экскаваторыг  эд анги нэг бүрээр нь салгаад тавьчихсан ноцолдоцгоож байна лээ. Төлөвлөгөөт засвар хийж байгаа нь  тэр гэнэ. Эвлүүлдэг тоглоомоор наадаж байгаа багачууд аятай аяглах ч улсын төсвийг хэдэн зуун сая төгрөгөөр хэмнэж буй завсарчидтай  уулзаж, зарим зүйлийг тодруулсанаа танд сонирхуулъя.

Б.Батгантиг: Техник, тоног төхөөрөмжөө элдэв эвдрэл гэмтэлгүй, хэвийн ажиллуулах нь хамгаас чухал
-Уурхайн үйл ажиллагаа, тасралтгүй хэвийн явагдахад техник, технологийн бүрэн бүтэн байдал чухал. Танай хэлтэс жилд хэчнээн техник, тоног төхөөрөмжийг  хэр хугацаанд засдаг вэ?

2013-05-27shivee1-Манай компани жилдээ  энэ жил 1,9 сая тонн нүүрс олборлож, 7,4 сая шоо метр хөрс хуулна.  Энэ их ажлыг хийхийн тулд мэдээж техник, тоног төхөөрөмжөө элдэв эвдрэл гэмтэлгүй, хэвийн ажиллуулах нь хамгаас чухал. Энэ үүднээс засвар үйлчилгээг тогтмол хийж байх ёстой байдаг. Манайх нийт 5A маркийн тав, нэг алхагч экскаватортай. Мөн Америкийн DM45 маркийн хоёр өрөм бий. Сар бүр урсгал засваруудыг хийнэ. Үүнд дунджаар гурав хоног зарцуулдаг. Харин их засварын ажлыг жилдээ нэг удаа 30-45 хоног зогсч хийдэг юм. Сар бүр хийх урсгал засварынхаа үеэр жилд хийх их засварынхаа ажлын төлөвлөгөөг гаргана. Одоогоор нэг 5А экскаватораа задалчихсан  жилийн их засвараа хийж байна.

-Засварын ажил одоо хэдэн хувьтай явж байна. Хэзээ дуусах вэ?
-Дөрөвдүгээр сарын 18-наас эхэлсэн. Одоо засварын үйл ажиллагаа 70 хувьтай явж байна. Энэ экскаваторт бид бүтэн капитал засвар хийгээд эргэх тавцанг нь сольж буй. Засах, сэлбэх ажил ерөнхийдөө дууссан. Одоо угсралтын ажил хийж байна. Ойролцоогоор 10-20 хоногийн дараа гэхэд засвар бүрэн дуусна. Ерөнхийдөө төлөвлөгөөт хугацаанаасаа 10 хоногийн өмнө дуусч байна гэж ойлгож болно.

-Нэг экскаваторын засварыг хэчнээн хүн хийх вэ. Ер нь танай хэлтэс хэдэн ажилтантай вэ?
-Манай хэлтэс нийтдээ 70 хүнтэй. Инженер техникийн найман ажилтантай. Нэг экскаватор дээр дөрвөн маншинч, дөрвөн туслах ажилтан ажилладаг. Харин эрхлэгч экскаватор дээр 16 хүн ажиллана. Тодруулбал, дөрвөн машинч, 12 туслахтай ажилладаг гэсэн үг юм. Нэг ээлжиндээ нэг машинч дөрвөн туслахтай гардаг.

-Өөр ямар техникийн засвар үйлчилгээ хийж  байгаа вэ?
-Манайх их засвараа голдуу дулааны улиралд хийдэг. Энэ жилийнх өнгөрсөн сараас эхлээд явж байна. Дээр дурдагдсан эхний экскаваторын засвар дуусахаар төлөвлөгөөнийхөө дагуу дараа дараагийнхаа экскаватороо зогсоож засвараа  хийнэ.

 

Монгол инженерүүдийн сэтгэл зүтгэлээр бүтсэн хатаах үйлдвэр

2013-05-27shivee2Загвар зохион бүтээгчид бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулахын төлөө энд тэнд нь чимэглэл хийж, заримдаа  бүр этгээд загвар хийцийг бий болгодог шиг эрчим хүчний нүүрсний зах зээлд байр сууриа гүн, бат эзлэхийн төлөө Шивээ –Овоогийн уурхайчид өнгөрсөн 23 жилийн хугацаанд их зүйлийг хийжээ. Тухайлбал, хатаах үйлдвэрийг ашиглалтад оруулж, нүүрсний чийглэгийг бууруулах конвейер буюу туузан дамжлагын  системийг нэвтрүүлж, 2011 оноос туршилтын журмаар ажиллуулаад 2013 оноос үйлдвэрлэлийг төгс байдлаар нь эхлүүлсэн  байх  жишээтэй.
Технологийн хувьд   мөргөцгөөс олборлосон нүүрсээ 3.3 км-т тээвэрлэн технологи дамжлагын дэргэдэх нүүрсний агуулахад нөөцлөөд, ЭКГ-5А маркийн  хоёр  экскаватораар 2-3 удаа сэлгэн шидэж байгалийн аргаар чийглэгийг нь бууруулсны /42.хувиас  бага болгож/ дараа конвейерээр дамжуулан нүүрс хүлээн авах цэгт буулгаж вагонд ачилт хийдэг юм билээ. Хоногт 500 мянган тонн нүүрс хатаах хүчин чадалтай  үйлдвэрийн технологи нь уураар нүүрсээ үлээж хатаах явдал. Нүүрс хүлээж авах хэлтсийн ажилтны  өгүүлснээр Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн хатаах үйлдвэр цагт 100 тонн нүүрс хатааж хоногт 71-76 вагон нүүрс ачиж, Улаанбаатарчуудад нийлүүлдэг байна. Тэр нь мэдээж цахилгаан станцын зуух руу орж байгаа.  Энэ цехэд 32 залуу ажилладаг бөгөөд энэ өдөр цахилгааны инженер Б.Амгаланбаатараар ахлуулсан долоон залуу засварын ажил гүйцэтгэж байсан.
Конвейер буюу туузан дамжуулах  хэсгийн үйл ажиллагааг нарийвчлан бичиж чадсангүйг өршөөнө биз. Тэгээд ч туузан дамжуулагч  нь өөрөө шинэ технологи  биш. Дэлхийд хэдийнэ хэрэгжээд эхэлсэн энэ системийг ямартай ч Шивээ-Овоогийн нүүрсний уурхай нутагшуулж өөрийн болгосон нь сайшаалтай. Эдийн засаг, хийгээд цаг хугацаа, байгаль орчны хувьд хамгийн оновчтой технологи мөнөөс мөн. Чойрын төвөөс дөнгөж хөдлөнгүүт алсаас цэнхэртэн харагдах уурхайн  конвейер Шивээ –Овоогийн нэрийн хуудас болжээ.  Холбогдох яамдууд ч “ Шивээ –Овоо” ХК-ийн Конвейерийн системийг бусад уурхайд нэвтрүүлмээр байна” хэмээн онцолсон нь нэгийг хэлэх биз ээ. Ямартай ч шивээгийн залуус анхдагч нь болжээ.

Шил сав,  компьютерээр “наадах” бүсгүйчүүд

2013-05-27shiveeБүү уурлаарай бүсгүйчүүд ээ. Учир мэдэхгүй хүн бол лабораторийн бүсгүйчүүдийг толь шиг гялалзах шилэн  савыг байсхийгээд л угаах юм, хийх ажилгүй юм болов уу  гэж гайхмаар. Үнэндээ тэд химийн бодисын тусламжтайгаар нүүрсийг урвалд оруулж илч, үнслэг чанарыг цаг тутамд шалгаж, шинжилж байх үүрэг хүлээсэн улс. Үйлдвэр эрхэлсэн дэд захирал Мөнхбаатар лаборант бүсгүйчүүдээс нүүрсний томьёо ямар байдгийг асууж, цаашлуулсан. Яг тэр агшинд “нээрээ, юу билээ” гэж бодогдсон. Үнэн хэрэгтээ нүүрсний химийн томьёо гэж  байдаггүй, органик бодисын нэгдэл  шүү дээ. Энэ өдөр ээлжийн чанар шалгагч Т.Ариунаа гэх шавилхан бүсгүй жижүүрлэн ажиллаж байсан.  Тэрбээр дэд захиралдаа “Өнөөдрийн  олборлож буй нүүрсний дээжийг шинжилж үзэхэд үнсжилтийн үзүүлэлт өндөр гарлаа” хэмээн ажлаа танилцуулсан. Техник тоног төхөөрөмжийн хувьд зүүн бүсийн ижил үйлчилгээ бүхий лабораториудтай харьцуулахад харьцангуй сайн гэж Мөнхбаатар захирал онцолсон. Тэр ч утгаараа үйл ажиллагаагаа өргөтгөн  зөвхөн нүүрс бус бусад ашигт малтмалыг шинжилж, тэрүүхэндээ бизнес эрхлэх сонирхолтой юм билээ, тэд. Яг үүнтэй диспетчерийн  албыг адилтгаж болно. Бас л компьютерийн дэлгэцийг хянасхийгээд сууж байх.  Үйлдвэрлэлийн шат дамжлага, бүхий л технологийн горим дэлгэцнээ харагдаж байх тул хамгийн хариуцлагатай алба юм билээ, уг нь.  Бүх зүйл программчлагдсан байдаг учраас жаахан дэгсдүүлсэн хэрэг.
Эцэст нь хэлэхэд, энэ хэдхэн газраар яваад л өдөр дууссан даа.  Хальт орсон газар гэвэл ажилчдын  цайны газрыг заавал онцлох ёстой байх. Чанартай сайхан хоолоор үйлчилдэг болохоор нь уурхайчид тогооч нартаа ам сайтай юм билээ.  Тэдний үйлдвэрлэдэг талх Говьсүмбэртээ зартай. Шивээ явна гэх сургаар л Говьсүмбэрийнхэн “Шивээгийн талх олоод ирэхийг бодоорой” хэмээн захих. Сумын брэнд бүтээгдэхүүн аймгаа улсад алдаршуулахыг хэн байг гэхэв гэх бодол тээн  Шивээгийн залуусаар бахархах сэтгэл өвөртлөн жанжин Чойрын нутгаас Улаанбаатарын зүг хүлгийн жолоо заллаа.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply to Anonymous Cancel reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »