“Говь”-ийн Сээдээ оюутолгойнх боллоо

sedvaanchigИжий хүү хоёр

– “Ээж ээ, хүү нь ирлээ

– Буян нь дэлгэрсэн хүү байна, хоол бэлэн болж байхад ирлээ

– Ээж, сүү дуусаа юу

– Ээж нь сүүгээ оруулахаа мартчихаж,

– Ээж, шүдний чигчлүүр дөхүүлээдэхээч”

 

УИХ-ын гишүүн асан өдгөө “Эрдэнэс Оюутолгой” ХХК -ийн захирал Ц.Сэдванчиг ижийдээ ийн эрхэлсэн. Гэхдээ тэр маш сайн хүү юм билээ. Хошуугаа унжуулан эрхлэх зуураа  цагаан сарынх нь  бэлтгэл  хангагдаж байгаа эсэхийг  лавлаж, ирэх амралтын өдөр дүү нараа цуглаж бууз хийх лүндэн буулгачихаад гарч одсон. Тэрбээр өдөр бүр ижий рүүгээ утас цохин  амар мэндийг нь асууж, долоо хоногт нэг удаа  айлчилдаг аж.  Эндээс л бидний ярилцлага эхэлсэн.

– Ижий хүү хоёр сиймхий л гарвал эрхэлж байх санаатай даг шүү?

– Хөндлөнгийн хүмүүст тэгж харагдаж байна уу. Үнэнийг хэлэхэд, хүн гээч амьтан  нас ахихын  хэрээр ухааждаг бололтой. Миний ижийн байгаа байдал л энэ. Бид эцэг эхээс наймуул. Том эгч, нэг эрэгтэй дүүгээс бусад нь хотод ижийнхээ дэргэд аж төрцгөөж байна даа.  Ааваас минь хойш биднийг ижий минь л өдий дайны авч яваа юм.  Ижийн дуугүй байж байгаад хэлсэн нэг л үг биднийг сэхээрүүлнэ гээч. Харин нас нь ахиад  зааж зааварлахаа болиод хошуу дэвсэн эрхлүүлдэг болоод байгаа. Ижийн гэрт зочилж, гарынх нь цай хоолоор дайлуулан, бурхандаа  мөргөчихөөд гарахад л  мянган  удаа Цагаан дарь эх уншуулсан юм шиг л болчихдог. Эх хүний сэтгэл гэдэг тийм аугаа юм аа” хэмээн ижийгээ бурхан адил шүтсэн төрийн түшээг “VIP” булангийнхаа хойморт заллаа.

 

Идэрийн голын хүү

Ц.Сэдванчигийн угсаа гарвалыг хөөх аваас хуучнаар Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын уугуул.  Түүний дурсамж номонд өгүүлснээр бол   тооноороо уулын оройд бэлчих сарлагаа    “хариулах” тийм цэнхэр халил уулсын дунд төрж, Идэрийн голын цэнгэг усанд шумбан тоглож өсчээ. Тэрбээр   нутаг усандаа малч ухаан, ажилсаг нямбай байдал, амьдрах  ухаанаараа гайхагдаж явсан  эгэл адуучин Цэрэнбатын найман хүүхдийн дээрээсээ гурав дахь нь.  Адуучин аавын хүү багаас, тодруулбал  таван настайгаасаа   аав ээжийнхээ гарын үзүүрт гүйн хурга ,ишиг хариулж,  тугал татаж өгч улмаар хурдны морь унан, аавын эзгүйд адуу манан хээр  хонодог   гүжирмэг хүү  байж. Харин сурлагаар сайн ч даалимбан тэрлэг, сөөхий гутлын  хоншоор тэсгээдэггүй, охидын байрыг үймүүлж явсан гэдгээрээ багш нарын хараанд  байнга өртдөг, сахилгагүйгээрээ зартай  нэгэн  явжээ.Сэдванчиг гишүүн өдгөө хүүхэд насныхаа гэнэн томоогүй  үеэ “Дэрсхэн өссөн таван хөвгүүн яаж томоотой байх вэ дээ.  Гэхдээ   эрэгтэй хүүхэд  нэг л өдөр бүхнийг ухаардаг юм билээ. Би долдугаар ангид орсон жилээ хичээлдээ мэрийх хэрэгтэй юм байна, тэгвэл сайн сайхан амьдрах зам өмнө минь цэлийнэ гэдгийг ойлгосон. Зорьсондоо хүрсэн шүү. Аравдугаар ангиа алтан медальтай төгсч байлаа” хэмээн дурссан.

 

“Говь”-ийн Сэдээ

БНМАУ түүнд өндөр итгэл хүлээлгэн  хөрөнгөт ертөнц  тодруулбал, Япон руу  илгээсэн нь чухамдаа хожмын өдөр улсын эдийн засгийн ачааг үүрүүлэх гэсэн төрийн бодлого байсан гэлтэй. Эдийн засаг хэмээсний учир   байгуулагдаад удаагүй байсан ноос ноолуурын “Говь” үйлдвэрийн хувь заяаг  Сэдванчигийн гарт атгуулах гэсэн хэрэг.  Үнэн хэрэгтээ  БНМАУ-ыг дэлхий дахин тухайн үед “Говь” –ийн ноолууран бүтээгдэхүүнээр нь  мэддэг байсан бол манай улсын  олон улсын зах зээлээс гадаад валют  олдог нь  тус үйлдвэрийн ноолууран бүтээгдхүүн  байсан гэхэд буруудахгүй. Токиогийн электроникийн их сургуулийг амжилттай төгссөн тэрбээр халаасандаа дипломтой, тархиндаа орчин цагийн техникийн дэвшлийг  ашиглах  ур чадвар эзэмшихийн сацуу  оюун санааныхаа мухарт  хөрөнгөт нийгмийн хөгжлийн чадавхи юун дээр тогтдог болох, зах зээлд хэрхэн өрсөлдөх арга замыг давхар өвөртөлсөн нь чухамдаа шинэ цагийн Монгол Улсыг, цаашлаад “Говь” үйлдвэрийг  дэлхийн зах зээлд  хөл тавиулах  суурь нь болж өгсөн гэж  эдийн засагчид, ардчилагчид дүгнэдэг юм билээ. Тэр утгаар нь түүнийг “говийн” Сэдээ хэмээн хүндэтгэх  болсон биз ээ. Нөгөөтэйгүүр, энэ эрхмийн улс төр сонирхох болсон шалтгаан нь ч хөрөнгөт ертөнцийн хөгжил цэцэглэлт, эрх чөлөөт байдал, хүний сайхан сайхны төлөө бүхнийг зориулсан төрийнх нь бодлого залуу эрд таалагдсанаас үүдсэн  хэрэг. Тийм дээ ч  БНМАУ ардчилсан тогтолцоонд шилжихэд Сэдванчиг өөрийн сурч мэдсэнээ дайчилсан буй за.

Өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харахад тэрбээр улс төрийн нөхцөл шалтгааны улмаас унаж, босч тэр бүү хэл шүүх цагдаад дуудагдаж  явсан байдаг.   “Говь” үйлдвэрийн даргын албан тушаалд хоёронтоо томилогдож, хоёронтоо унасан явдал  энэ бүхнийг гэрчилнэ.

 

Гольф гэхээр нүд минь сэргэдэг болчихоод байгаа

Тэрбээр ийн хэлээд,  одоохондоо сонирхогчийн хэмжээнд тоглож байна даа хэмээсэн.  Сэдванчиг цааш нь “Хүний сонирхол насаа дагаад өөрчлөгддөг бололтой. Би оюутан байхдаа гэрэл зураг сонирхон  гурван сарын тэтгэлгээ нийлүүлж   “Никон” аппарат худалдан авч байлаа. Түүгээрээ нүдэнд өртсөн бүхнээ зургийн хальснаа буулгана.  Бяцхан түүх өгүүлэхэд,  зуныхаа  амралтаар нутагтаа очиход  Жаргалантынхан зургаа авахуулна гээд манайхыг зорьдог байсан гээд төсөөл дөө.  Манайд өнгөт зураг авдаггүй байсан үе шүү дээ. Үүний дараа нэг хэсэг ан ав сонирхон гурван ч буу худалдаж авсан.  Сонирхол маань бас л тэгсхийгээд буурсан. Бас хөөрөг сонирхож цуглуулж байсан үе ч бий. Одоо  барьж байгаа хөөргийн тухайд  жинхэнэ халтар манан хөөрөг.  Манай нутгийнх. Нутгаасаа гаргахгүй санаатай байна” гэж хуучилсан.

Ингээд түүнд  цааш нь үргэлжлүүлэн тавьсан асуултыг хариултын хамт уншигч танд сонирхуулъя.

 

Тэгвэл гольфийг хэдийнээс сонирхож эхлэв. Таны цохиур нэлээд үнэтэй байж мэдэхээр харагдаж байна. Нууц биш бол ямар үнээр хаанаас худалдаж авав?

Би уг нь нилээд хэдэн жил тоглож байна. Гэхдээ түрүүнд хэлсэн шиг  сонирхогчийн хэмжээнд.   “Заан Тэрэлж “ нэртэй  “Инээмсэглэл”-ийн Ч.Ганболдоор ахлуулсан клубийн гишүүн. Энэ клубт Монголын сайн  гольфчид багтдаг.  Энэ цохиурыг бид Драйбэр гэдэг. Хол цохих  зориулалттай. Тийм ч үнэтэй биш ээ, 1000  ам.доллар.    Гадаадад ажлаар явж байхдаа худалдаж авсан юм, Манайд  ширхэг нь 10  мянган ам долларын үнэтэй цохиур барьдаг гольфчин бий.   Ер нь гольфийн хэрэгсэл  их чамин, худалдаж авахгүй байхын аргагүй нүд унагадаг эд л дээ.  Брэндийнх болоод ирэхээрээ үнэ нь талийж өгнө.

Ан ав сонирхож байхдаа хэр сайн анчин байв?

Үнэнийг хэлэхэд, би арван жилийн сурагч байхдаа л аавыгаа дагаж тарвагачилсан. Одоо надад гурван ч сайхан буу бий.  Түүнийхээ ид шидийг үзэж хоёр ч чоно агнасан. Сүүлийн жилүүдэд амьтны амиар зугаагаа гаргах нь сайн  үйл биш юм байна гэж бодогдоод  буугаа хайрцаганд нь хийгээд түгжсэн.

Та одоо ямар машин унаж байна.  Миний санах нь  та  анхны хувийн УАЗ-469-тэнгүүдийн нэг байх аа?

Монгол Улс зах зээлд шилжих эхний жилүүдэд  шинэ УАЗ-469 машин хувь хүнд худалдаж эхлэх үед эхний дөрвийн нэгийг би авсан байдаг. Түүнийгээ бүр хожуу Х.Баянмөнх аваргаас мэдсэн. Аварга бас тэр дөрвөн тэрэгний нэгийг авсан юм билээ.  Тухайн үед шинэ 469 машин 4000 ам.долларын ханштай байв. Би 1989 онд сургууль төгсч  ирэхдээ 10 мянган  ам. долларын хуримтлалтай ирсэн. Түүнээсээ УАЗ-469 авъя гэсэн чинь  манай эхнэр дургүйцсэн юмдаг.   Дараа нь  Японоос хуучин “Пажиро” жийп оруулж ирэн  унасан. Одоо  хотод дунд гарын жийп, хөдөөд  ланд крузер-105  хөлөглөдөг.

Уучлаарай. Таны хувцасны шкафыг   сонирхож болох уу?

Болно оо. Миний хувцасны тодорхой хувийг  сайн чанарын ноолууран цамц эзэлдэг. Мэргэжил минь учраас ноолууран бүтээгдэхүүний чанарыг ганцхан имирч үзээд л хэчнээн  хувийн хольцтой, хэдэн номерын  утсаар нэхсэн болохыг нь хэлээд өгөх вий.  (Шкафны  баруун тасалгааг тэр чигээр нь пиджак эзэгнэсэн бол үлдсэн зай цамцных байв. Дээр нь зангианууд өнгө алаглах юм гээч)

Цамц, зангиагаа тоолж үзсэн үү?

Пиджак, цамц, зангиагаа тоолж байгаагүй юм байна. Өмсөөгүй, гялгар ууттай чигээрээ хадгалаастай ч өчнөөн цамц бий.  Аргагүй шүү дээ, 50 насны босго алхах гэж байгаа хүн өдий дайны хувцас цуглуулалгүй яахав. Гэхдээ нэг зүйлийг тодотгож хэлмээр байна. “Говь” үйлдвэрийн захирал байхдаа би туранхайвтар байсан. Залуу ч байж. Тэгснээ УИХ-д суугаад  жин нилээд нэмэгдсэн, хувцас ч зарим нь таарахгүй больсон. Ингээд Фитнесс клубт явж дасгал хийж төмөр өргөдөг болсон. Харин одоо буцаад хэвэндээ оччихлоо. Хуучнаа өмсөх гэхээр моодноос гарсан байх жишээтэй.

Тэгвэл гутлаа?

Цамц, зангиа шиг олон биш. Харин би сайн чанарын гуталд гар татдаггүй юм. Тэгээд ч олон сэлгээтэй  бол гутал мууддаггүй юм билээ. Хамгийн сүүлд “Nike”-ийн пүүз худалдаж авсан. Фиттнес клубт хичээллэхдээ өмсөх гэж.  Хөдөө гадаа, аялал зугаалгад өмсдөг гутал хэд хэд бий.

Таны одоо зүүж буй цаг ямар брэндийнх вэ?

Энэ  Швецарийн “Гүчи” брэндийн  цаг. Нэлээд олон жил зүүж байна. Надад гурван төрлийн сайн чанарын цаг бий. Үүнийгээ албаны хувцсан дээр зүүдэг.

Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

Манайх хоёр хүүтэй. Эхнэр бид хоёр 1987 онд гэр бүл болсон.  Том хүү  биднийг  оюутан байхад төрсөн.    Сангийн Яаманд эдүгээ  туслах ажил хийдэг. Бага  нь  АНУ-д уул уурхайн чиглэлээр  сурч буй. Тэдэндээ мэргэжлээ өвлүүлье гэж эхнэрийн бид хоёрын хэн  нь бодож байсангүй. Өөрсдийнх нь сонгосон зам.

Нууц биш бол эхнэр тань  ямар алба хашдаг вэ?

Миний гэргийг Дашзэвэгийн Содгэрэл гэдэг.  Багшийн дээд сургуулийн нэг ангийн андууд. Бас нэг нутгийнх.  Тэрбээр   бага хүүг төрснөөс хойш багшлахаа больж, хүүхдүүдээ харж гэртээ суусан, нэг хэсэг.  Япон эмэгтэйчүүдтэй  адил гэх үү дээ. Одоо гэр бүлийн жижиг бизнес эрхэлдэг.

Танд гэр бүлийнхээ бизнест анхаарал хандуулах зав гарч байна уу?

Үнэнийг хэлэхэд, өдөр тутам  оролцох зав алга.  Манай хүн болгоод л байгаа.

Олны танил болсны хэргийг гаргах үе тохиолдож байв уу?

Би харьцангуй эрт олонд танил болсон,”Говь” үйлдвэрийн буянаар. Тэр хэрээр өөрийн гэсэн хүрээлэлтэй ч болдог юм байна лээ. Тиймээс “Би яагаав өнөө “Говь”-ийн Сэдванчиг байна” гээд явах шаардлага гарч байсангүй.

Sedvanchig0 (1)

 

 

 

 

 

 

 

 

 

 

Та  ээжийнхээрээ айлчлаад гарахдаа бууз хийх лүндэн буулгаж байгаа дуулдсан. Дүү нар чинь таны үгээр  юм аа?

Аавын  сургааль.   Эгч хөдөө, ах маань бурхан болсон учраас ижийн тулж түших хүн нь би. Тиймээс дүү нараа залж, залруулж явах нь миний үүрэг. Миний дүү нар хүмүүжил сайтай,  46-тай дүү маань ч надад бангадуулна шүү. Бага дүүгээ би үүрч дүүрч  өсгөсөн учраас түүнийг л эрхлүүлчих гээд байдаг юм.   Ижий  нас дээр гарсан учир асарч халамжлах  бидний ээлж ирсэн гэж боддог. Ээж  залуудаа ямар гүжирмэг, хатуужилтай эмэгтэй байсан гэж санана.  Арван гурван удаа хүй таслуулсан юм билээ.  Нэгдлийн мал маллахын зэрэгцээ  найман хүүхэд өсгөж, хүмүүжүүлэх нь  амаргүй  байсан биз.   Тэр үед мал эдийн засгийн эргэлтэд ордоггүй байсан тул аав, ээж хоёр маань биднийг өөрсдийн чадлаар өсгөсөн.  Үүрийн цолмон гялалзаж байхад ээж маань бидний өвөл өмсөх гутлыг урлаж  суудагсан. Би хувьдаа долдугаар анги  хүртлээ  ээжийнхээ хийсэн  гутал, оёсон цүнхээр гангарсан юмдаг.

Ээж тань хотын хүн болоод удаж байна уу?

Хүрээнд ирж суурьшаад гурван жил л болж байна. Өмнө нь бага дүүгийнд өвөлжөөд хавар нутаг руугаа явдаг байсан.  Бид ээжийгээ нэг гомдоож, нэг магнайг нь тэнийтэл баярлуулсан улс.  Ээжийгээ жаргаах санаатай хоттой малыг нь зарж, хот руу  нүүлгэж авчраад бага дүүгийн нэг өрөөнд төвхнүүлээдэхсэн  чинь буруудсан. Сэтгэл санаа нь тавгүй шинжтэй байхаар нь  хоёр өрөө байр авч өгөөд тусад нь гаргатал хөл нь газар хүрэхгүй баярлаж билээ.  Нас дээр гарсан ч өөрийн оромжинд тааваараа амьдрах шиг жаргал үгүй юм байна гэдгийг тэгэхэд л анзаарсан.  Одоо ээж минь жаргаж байгаа. Орсон гарсанд хоол хийж гүйгээд л.  Биднийг утсаар ярихаар дуу нь чангараад сүйд болдог юм. Санаагаар болдог бол өдөр бүр ижийндээ айлчилж, гарынх нь цай хоолыг хүртэж баймаар. Хүүхдүүдээ очно гэхээр дуртай хоолыг нь бэлтгэж  тавьчихаад үүдний хонх дуугарахыг хүлээж суудаг юм. Тэгээд л өгөх байх юм аа олж ядчихна.  Ижий бүхний сэтгэл тийм байдаг хойно.

Ээж тань магтахаас аргагүй сайн хүү байна, та. Эхийгээ шүтэх түүний сэтгэл зөөлөн байлгүй яахав.

Уулуурхай.мн Mining and Money сэтгүүл

 

 

 

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »