“Ил тод уул уурхай”

iltod

Уул уурхайн яам сар бүр тогтсон нэг өдөр, нэг цагт сэтгүүлч та бүхэнтэй уулзаж яамны зүгээс хийж, хэрэгжүүлсэн ажлаа танилцуулдаг уламжлалтай.
Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурлын талаар
Өнгөрсөн хугацаанд Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурлаар хөндөгдсөн асуудал олны анхаарлын төвд байж, сонин хэвлэл ч гэсэн энэхүү сэдвийг онцолж бичиж байгаа нь ажиглагдлаа.
Энэ сарын 6-ны өдөр манай талын санаачлагаар Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн VI хуралдааныг хийснийг та бүхэн мэдэж байгаа. Энэ хуралдаанаар Монголын талын төлөөлөгчдийн зүгээс хувь нийлүүлэгч талууд болох Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компанийн хооронд өнөөг хүртэл хуримтлагдсаар ирсэн, улмаар Хувь нийлүүлэгчдийн энэхүү VI хурлаар зайлшгүй шийдвэрлэх, нягтлах шаардлагатай 6 томоохон асуудлыг хөрөнгө оруулагч талд тавьсан.

Үүнд:
1. Монголын талд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компанийн сонирхлын зөрчил
2. Хөрөнгө оруулалтын гэрээний хууль, тогтоомжтой нийцэхгүй байгаа заалт
3. Төслийн хөрөнгө оруулалтын зардлын хэтрэл болон ТЭЗҮ-ийн хэрэгжилт
4. “Антре гоулд”-ын эзэмшилд буй тусгай зөвшөөрөл
5. Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилт
6. Менежментийн үйлчилгээний төлбөр

Мөн Монголын талын хувь нийлүүлэгчийн зүгээс энэ удаагийн Хувь нийлүүлэгчдийн хурлаас ТУЗ-д тодорхой хугацаатай үүрэг, чиглэл өгч шийдвэрлүүлэх Оюутолгой ХХК-ний дүрэмд өөрчлөлт оруулах, Гүйцэтгэх удирдлагын түвшинд Монголын талын оролцоог хангах, Дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, Төслийн санхүүжилт (Project Finance), Монголын банк, санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх зэрэг 13 асуудлыг хөндөж тавьсан. Засгийн газрын шийдвэрээр хуулийн болон санхүүгийн зөвлөхөөр баруунд их, дээд сургууль төгссөн, Монгол Улсын иргэнийг авч ажиллуулах шийдвэр гарсан.
Харин хөрөнгө оруулагч талын зүгээс Оюутолгой төслийн санхүүжилтийг эхний ээлжид батлуулах санал тавьсан.

Талууд Хувь нийлүүлэгчдийн VI хурлаар хоёр талаас хөндөгдсөн асуудал бүрээр яриа хэлэлцээг үргэлжлүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, нэг бүрчлэн нарийвчлан тодруулах, нягтлахаар болж хуралдааныг түр завсарлуулаад байна.

Антре Гоулдын лицензтэй холбогдсон ЭБЭХЯ-ны
шийдвэрийг хүчингүй болгов

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд заасан 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашиглалтын тусгай зөвшөөрөл /лиценз/ болгосон үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийг зөрчсөн байна.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд 2009.09.06-ны өдөр хоёр тал гарын үсэг зурснаас 21 хоногийн дараа буюу 2009.10.27-ны өдөр өмнөх ЭБЭХЯ-ны сайдын тушаалыг үндэслэн уг ашиглалтын лицензийг Антре Гоулд компанид шийлжүүлсэн.
Хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгох асуудал нь Ашигт малтмалын тухай хуулийн 25.1-д заасаар яамны сайдын эрхлэх асуудал биш, төрийн захиргааны байгууллага буюу Ашигт Малтмалын Газрын шийдэх асуудал. Тиймээс Уул уурхайн сайд ЭБЭХ-ний сайдын 2009 оны тушаалыг хүчингүй болгож, АМГ-т уг асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх чиглэлийг өглөө.
Хэрэв Антре Гоулд компанийн эзэмшиж буй ашиглалтын лиценз ЭБЭХ-ний сайдын тушаалын дагуу хэрэгжих тохиолдолд энэ лицензийн доорхи баялагийг ашиглаад олох ашиг, орлогын 34 хувь Монгол Улсад ирэх биш, 26 орчим хувь нь ирэхээр байгаа юм.
Ойролцоо үнээр тооцоход хэрэв эдгээр лицензийн асуудлыг Оюутолгойн бүлэг ордын хүрээнд шийдвэрлээгүй тохиолдолд Монголын талын ногдол ашиг 1.5 тэрбум орчим ам.доллараар буурахаар байгаа.
Уул уурхайн яамны тооцоолсноор эдгээр лицензийн доор Оюутолгойн бүлэг ордын нийт нөөц, тухайлбал зэсийн нөөцийн 18 хувь, алтны 32.6 хувь, мөнгөний 23.5 хувь, молибедений 87.9 хувь байдаг.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого сүүлийн хоёр жилд тогтвортой байна

“Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай” хууль 2010 оны зургадугаар сарын 17-нд батлагдснаас хойш таван удаа сунгасан. Энэ хооронд хуулийн завсардал зургаан сарын хугацаанд үүссэн.
Хуулийн хэрэгжилтийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 225 өргөдөл хүлээн авсан боловч хайгуулын тусгай зөвшөөрөл огт олгоогүй байна.
2009 оны 12 дугаар сарын 31-нд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 3659, нийт нутгийн 24.9 хувийг хамарч байсан бол 2012 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 2303, нутгийн 12.3 хувийг хамарч хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 37 хувь, талбайн хэмжээ 50 хувиар тус тус буурсан.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого сүүлийн хоёр жилд тогтвортой байна. 2009 онд 35.9 тэрбум төгрөг, 2012 онд 40.5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Шатахууны жижиглэнгийн үнэ тогтворжлоо

Уул уурхайн яам, Монголбанктай хамтран “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах (SIFS)” дэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
2012 оны байдлаар нийт 11 хэрэгжүүлэгч компанид 3.8 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай 93.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна.
Дэд хөтөлбөр хэрэгжснээр сүүлийн хоёр сарын хугацаанд улсын хэмжээнд шатахууны нийт нөөц 2 дахин, тэр дундаа АИ-92 шатахууны нөөц 3.1 дахин нэмэгдсэн. Газрын тосны бүтээгдэхүүний нөөц нэмэгдсэнээр үнийн огцом өсөлтийн эрсдэл буурах эерэг үзэгдэл ажиглагдаж байна. Засгийн газрын 134-р тогтоолын үр дүнд шатахууны хилийн үнийн хэлбэлзлийг дотоодын жижиглэнгийн худалдааны үнэд бус харин бөөний худалдааны үнэд шингээдэг механизмд шилжээд байна. Улмаар ОХУ-аас авч буй газрын тосны бүтээгдэхүүний үнэ дотоодын жижиглэнгийн үнийн литр тутамд 325 төгрөгөөр өсөх нөлөөлтэй байсныг зогсоож чадсан.
Дэд хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд шатахууны жижиглэнгийн үнэ 100 төгрөгөөр өссөн байна.
Энэ оны хоёрдугаар сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд А-80 автобензин 49 хоног, Аи-92 автобензин 54 хоног, Дизелийн түлш 31 хоногийн нөөцтэй байна.

Ерөнхий сайдын захирамжаар яамдын хамтарсан ажлын
хэсэг байгуулахаар боллоо

“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” 2009 оны долдугаар сард УИХ-аар батлагдан гарсан.
Хуулиар хориглосон талбайн хилийн заагийн цэгийн солбицлыг 2011, 2012 онуудад Засгийн газрын тогтоолоор батлуулсаныг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дүрс зургийн мэдээллийн санд бүртгэх, цэг солбицлын тохируулга хийх техник ажиллагааг БОНХЯ-тай хамтран гүйцэтгэж байна.
Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хориглосон талбайд хамаарах 242 алтны шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийн 163 дээр нь буюу 138 аж ахуйн нэгжээс нийт 222 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг нэхэмжилсэн бөгөөд уг мөнгөн дүнг хөндлөнгийн аудитаар хянуулах шаардлага гарсан. Энэ тогтоолд нийт 242 ашиглалтын тусгай зөвшөөрөл хамрагдсанаас нөхөх олговор нэхэмжлээгүй 59 тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу цуцалсан. Нөхөх олговор нэхэмжлээгүй 9 тусгай зөвшөөрөл шүүхийн маргаантай байгаа учир цуцлах шийдвэр хараахан гараагүй байна. Уг тогтоолд хамрагдсан тусгай зөвшөөрлөөс 13-н тусгай зөвшөөрөлтэй холбоотой тайлбар, хүсэлт аж ахуйн нэгжээс ирснийг судлан нягталж байна.
Хуулийг хэрэгжүүлэх явцад цаг хугацаа шаардсан техник ажиллагаа их байгаа болон дахин нягтлах, хэрхэн шийдвэрлэх зэрэг ээдрээ төвөгтэй асуудлууд байгааг Засгийн газрын 2013 оны 02 дугаар сарын 23-ны өдөр танилцуулж яамд хоорондын хамтарсан Ажлын хэсэг Монгол улсын Ерөнхий сайдын Захирамжаар байгуулахаар шийдвэрлэв.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УУЯ, БОНХЯ, СЯ, ХЗЯ, БХБЯ, ЗГХЭГ, МХЕГ Монгол банкны төлөөлөл оролцох юм.
Ажлын хэсэг Засгийн газраас өмнө гаргасан тогтоол, шийдвэрүүдийг эргэн харж цуцлах, нэмэлт өөрчлөлт оруулах, эсхүл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хуулийг боловсронгуй болгох, аж ахуйн нэгжүүдээс нэхэмжлээд байгаа нөхөх олговрыг судалж дүгнэлт гаргах, хөндлөнгийн аудитын зардлын эх үүсвэрийг шийдвэрлүүлэх саналыг боловсруулах чиглэлтэй удирдамж, төлөвлөгөө гарган ажиллаж үр дүнг энэ оны 5 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулах юм.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл давхардсан
тоогоор 40 гаруй асуудал хэлэлцсэн байна

Геологийн судалгаа болон ашигт малтмалын хайгуултай холбоотой асуудал хэлэлцэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2013 оны нэг, хоёрдугаар сарын салбар хуралдаанаар нийт давхардсан тоогоор 40 асуудал хэлэлцлээ.
Ингэхдээ алтны үндсэн ордын 2, алтны шороон ордын 1, цайрын ордын 1, гянтболдын шороон ордын 1, нүүрсний ордын 4, хайлуур жоншны ордын 10, шохойн чулууны ордын 7, мөсөн шүүний ордын 1, барилгын материалын ордын 8 тайланг хэлэлцэв. Үүнээс 29 ордын хайгуулын ажлын үр дүнгийн тайлан боловсруулах болон хайгуулын ажил хийх шаардлагын дагуу хийгдсэн учраас тайланг хүлээн авч, 5 ордын хайгуулын болон зарим судалгааны ажлууд дутуу гэсэн үндэслэлээр буцаж, 6 тайлан давхардсан тоогоор шинжээч байхгүй болон тухайн компани өөрийн хүсэлтээр хэлэлцэхийг түр хойшлуулж тайланг хэлэлцэхээс татгалзсан болно.

“Coal Mongolia-2013” чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа
Энэ сарын 21-22 өдрүүдэд “Coal Mongolia-2013” олон улсын чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн үйл ажиллагаанд ОХУ, БНХАУ, Японы, АНУ, Канад зэрэг 10 гаруй орноос төлөөлөгч ирсэнээс гадна дотоод, гадаадын 700 гаруй төлөөлөгчид чуулга уулзалтад уригдан оролцлоо.
Энэ чуулганы гол зорилго нь Монгол Улсад нүүрсний хайгуул хийх, олборлох, боловсруулах үйлдвэр байгуулах, байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн зах зээлийн нүүрсний үнэтэй өрсөлдөхүйц үнээр нүүрсээ борлуулах, дотоод гадаадын мэргэжилтэн, экспертүүд харилцан мэдээлэл болон туршлага солилцох зорилготой байлаа.
Цаашид Монгол улсын Шинэчлэлийн Засгийн газар, Уул Уурхайн яам нь
байгаль орчинд ээлтэй, орчин үеийн шинэ техник, технологийг нэвтрүүлэх, нүүрсний нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, маркетингийн судалгаанд тулгуурласан борлуулалтын сувгаар дамжуулан олон улсад худалдаа хийх үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

Mining diplomacy
Монгол Улсын “Шинэчлэл”-ийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан уул уурхайн салбарыг хөгжүүлэх зорилтуудыг хангахаар салбарын гадаад хамтын ажиллагааны чиглэлээр Салбарын гадаад бодлого, стратеги зорилтыг боловсруулан хэрэгжүүлэх, Mining diplomacy буюу эрдэс баялагт тулгуурлан салбарын хөгжлийг эрчимжүүлэх, эдийн засагт үзүүлэх жин нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Импортын шатахууны хамаарлаас гарах Засгийн газрын зорилтын хүрээнд Монгол Улсад Газрын тосны үйлдвэр барих ажлыг Японы холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх,Кувейт Улс болон ОХУ хооронд газрын тосны своп хийж, ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортоор авах талаар Кувейтын талтай яриа хэлэлцээр эхлүүлсэн.БНХАУ-аас газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах, харилцан түүхий тос экспортлож газрын тосны бүтээгдэхүүн авах яриа хэлэлцээрүүд хийгдэж байна.БНХАУ-аас 2010 онд байгуулсан Санамж бичгийн хүрээнд 10000 тонн багц бүтээгдэхүүн авах асуудлаар хэлэлцээр эхлүүлэн ажиллаж байна.

Тус яаманд шууд хамааралтай Гадаад орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, зээл, хамтын ажиллагааны хүрээнд Солонгосын Койкатай хамтран Уул уурхайн бохирдолыг тогтоох, геологийн судалгаа хийх, Дэлхийн банкны санхүүжилтээр “Уул уурхайн салбарын чадавхийг бэхжүүлэх, Щвейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран бичил уурхайн асуудлыг зохицуулах төсөл хэрэгжүүлж байна. Цаашид Австралийн олон улсын хөгжлийн агентлагтай хамтран Хөгжлийн төлөөх уул уурхай хөтөлбөр, Канадын олон улсын хөгжлийн агентлагтай хамтран “Уурхайн хаалт, Геологийн албын бэхжүүлэлт, Хөдөлмөр хамгаалалт болон Уул уурхайн төслийн хөрөнгө оруулалт- хөрөнгийн зах зээл”чиглэлээр, Европын Холбоотой хамтран “Тогтвортой хөгжлийн төлөөх эдийн засгийн засаглал” гэсэн төслүүдийг тус тус 2013 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээрУул уурхайн яам байгуулагдсанаас хойш 20 гаруй улсад албан томилолтоор ажиллаж олон улсын чанартай арга хэмжээнүүд, тухайлбал Щвейцарийн Давос хотноо 1 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт, Хятадын уул уурхай 2012 сэдэвт арга хэмжээнд оролцож, АНУ-д шатдаг занарын үйлдвэрлэлтэй танилцаж Монгол Улсад нэвтрүүлэх талаар, Норвегид Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын удирдах зөвлөлийн хурал зэрэгт оролцон Монгол Улсын Засгийн газрын бодлого, чиглэлийг танилцуулсан байна.

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »