Баруун Цанхийн “ХИШИГ АРВИН ИНДУСТРАЛ” КОМПАНИ ХЭНИЙХ ВЭ

Нэгэнт үндэс сууриа тавиад ажлаа эхлүүлчихсэн Тавантолгойн орд газрын ажлыг тун ч урагш муутай байна хэмээн эрх баригчид дүгнэв. Үүнийхээ дараа ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр баруун Цанхид “Хишиг арвин индустрал” хэмээх компанийг оруулчихсан нь ихээхэн сонирхол татах болов. 2013-03-12miningЗасгийн газраас тендер зарлаж, нэлээд өндөр шалгуураар хууль журмын дагуу шалгаруулах ёстой атал ийнхүү эрх баригчид дур мэдэн компани оруулчихлаа. Чухам хэнийх нь халаасны компани вэ гэдгийг эрх баригчид машид нууцалж байгаа тул одоохондоо бид асуулт хэвээр үлдээлээ.

Зүүн Цанхид олборлолт явуулж байгаа “Энержи ресурс” Ухаа худагт боловсруулах үйлдвэрээ барьж, эрчим хүчний асуудлаа шийдчихсэн байхад “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлага Тавантолгойн орд газарт ажил зогслоо гэсэн галыг нийгэмд асааж байгаа нь цаанаа учиртай. Тэр тусмаа энэ галыг эрх баригчид улам өрдөж байгаагаас харахад бүр ч ойлгомжтой.

Үүнээс ч  илүү сэтгэл зовоосон зүйл гэвэл зүүн Цанхид ажил эхлүүлчихсэн компаниудад халдах хявдал.  Тиймээс баруун Цанхийг яаравчлан ашиглахаар шуударлаа. Шуударч болноо, гагцхүү тендэргүйгээр ямар гээчийн компани оруулчихав даа гэдэгт л асуудлын гол оршиж байгаа юм. Эрх баригчид яагаад сонгон шалгаруулалтгүйгээр Тавантолгойд компани оруулав гэсэн асуултад хариулахдаа “Цаг алдалгүй ажиллах хэрэгтэй. Орд газруудын ажил удааширч байна. Тэгэхээр бүх зүйл цэгцэртэл “Хишиг арвин индустрал” компанийг хөрс хуулалт хийлгэж байгаа” хэмээн хэнэг ч үгүй залж байна. Юу гэсэн үг вэ, хуулиа зөрчиж болно. Энэ хэнд ч хамаагүй л гэсэн үг биз дээ. Уг нь Засгийн газраас Тавантолгойн баруун Цанхид үйл ажиллагаа явуулах тендер зарласан. Ийнхүү тендер зарласны дагуу АНУ- ын “Пибоди Энержи” саналаа ирүүлсэн ч үүнийг үл харгалзан өөрсдийн халаасны компаниа оруулсан тухай таагүй яриа газар авлаа. Авахаар барах уу, түймэр шиг дэгдэж байна, огт цурманд орох шинжгүйгээр дүрэлзэж эхэллээ. Эрх баригчдын стратегийн орд газар түшиглэсэн улстөр- жилт хийгээд санхүүгийн асуудал улмаар зүүн Цанхи уруу ч дайрахад бэлэн байна. Учир нь зүүн Цанхид ажиллаж байгаа Австралийн “Макмахон” компанийг шахах бодлого явуулж эхэлж байгааг эх сурвалж хэлсэн төдийгүй зарим хэвлэлд ч дурдсан байна.
Учир нь “Макмахон” компани нэг тонн нүүрсийг 27 ам.доллараар олборлож байгаа нь хэтэрхий өндөр үнэ юм байх. Харин дотоодын аж ахуйн нэгжийг оруулбал, тонн тутмыг 7900 төгрөгөөр олборлох боломжтой, тийм саналаа ирүүлсэн компани ч байгаа гэсэн юм. Тэгэхээр дотоодын компанийг шалгаруулаад ажиллуулах юм бол эдийн засгийн хувьд ашигтай, дотоодын компаниудаа дэмжсэн хэрэг болно гэсэн пиарыг нэгэнтээ цацаад эхэлжээ. Хэрвээ энэ үнэн бол сайхан л хэрэг боловч энэ бол худлаа, “Макмахон” компанийг шахах бодлогын эхлэл бөгөөд эрх баригчид өөрсдийнхөө халаасны компанийг энэ зүгт бэлдэж байна гэсэн мэдээлэл үнэний ортой юм.. Хамгийн гол нь манай дотоодын компаниуд уул уурхайн салбарт туршлага юу билээ, хөрөнгө мөнгөний асуудал ямар билээ, боловсон хүчин хэр билээ гээд олон асуудал хөндөгдөнө. Аливаа зүйлийг сурахын тулд туслан гүйцэтгэгч, орлон гүйцэтгэгчээр ажилладаг юм байна. Тэгэхээр бид эхний ээлжинд туслан гүйцэтгэгчийн хэмжээнд хэрнээ суралцах, баялгаа хянах маягаар ажиллах ёстой байсныг ч судлаачид дүгнэж хэлдэг. Эрдэнэтийн жишээ гэхэд л орос ах нар гардаад, бид туслан гүйцэтгээд, суралцаж ирсэн. Өдгөө Эрдэнэт хэмээх их айл Монголын ДНБ- ий багагүй хувийг дангаараа бүрдүүлсэн хэвээр. Одоогийн байдлаар бол Тавантолгойн зүүн Цанхид Хятад 40 хувь, АНУ 24, Монгол Орос нийлээд 36 хувийг хуваан эзэмшиж байна. Эдийн засагчид болон мэргэжилтнүүдийн сүүлийн үеийн байр суурийг сонсоход “Тавантолгойн баруун Цанхид Хятад, Америк, Орос-Монгол гэж хуваасан нь маш сайн болсон” гэлцэх болжээ. Уг нь бол нэг жилийн өмнө эдгээр эдийн засагчдын хувьд хуваарилалт нь маш муу болсон. Хуулиа зөрчсөн гэж хэлдэг байв. Уг нь “Улсын хөрөнгөөр хайгуул хийн ордыг илрүүлж, нөөцийг нь тогтоосон бол тухайн стратегийн ач холбогдол бүхий ордын 51- ээс дээш хувийг Монголын төр эзэмшинэ” гэсэн заалт Ашигт малтмалын хуульд байдаг. Мэдээжийн хэрэг Тавантолгой нь 6.5 тэрбум тоннын нөөцтэй, дэлхийд тэргүүлэх аварга том орд газар. Үүнээс баруун Цанхийн нөөц тодорхой болж, 1.7 тэрбум орчим тонн, 800 орчим мянган тонн нь коксжих нүүрс юм билээ. Гэтэл ийм хэмжээний том хэсэгт эрх баригчид ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр өөрсдийнхөө халаасны “Хишиг арвин индустрал” компанийг оруулчихаад ирээдүйгээ яаж харах гэсэн хэрэг вэ. Түүний оронд харин АНУ-ын компани орсон бол техник технологийн хувьд ч тэр, аль ч талаараа тэргүүлэх байлаа. Үндэсний компаниа ад үзсэн хэрэг огт биш шүү дээ. Стратегийн том орд газарт ямар ч тендергүйгээр орж байгаад л хамаг учир бий. Улс орны эдийн засаг, үндэсний эрх ашгаас эхлээд олон зүйл бий. Тиймээс “Хишиг арвин индустрал” хэмээх компани хэнийх юм, ямар учраас шалгаруулалтгүйгээр стратегийн том орд газарт орж ирж байна гэдгийг шалгах цаг нь иржээ. Үнэхээр эрх баригчдын халаасны компани байгаад шалгаж болдоггүй юм бол өнөөх олон Төрийн бус байгууллага хаачив аа. “Эрс шинэчлэл”, “Гал үндэстэн” гээд л нум сум хүртэл тавьж байсан эрхэм андууд хаа явна. Хэдэн төгрөгийн бараа хараад сүүлээ хавчаагүй бол одоо л нум сумаа тавих цаг чинь юм биш үү. Эрх баригчид чинь орд газарт өөрсдийн компаниа шургуулах бодлогоо хэрэгжүүлээд эхэлчихлээ. Стратегийн ач холбогдолтой, дэлхийд данстай том орд газарт тавих хяналтаа чангатгах үүрэг иргэн, иргэний нийгмийн байгууллагынхан бидэнд ногдож байна.

С.БАЯР

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »