“Толь хад”-ыг ухсан компаниуд нөхөн төлбөр шаардлаа

2013-03-29toli hadӨмнөговь аймгийн удид­лагууд шүүхийн хаал­гыг гурав дахь удаагаа та­тахад хүргэсэн нэгэн зар­гатай зууралдсаар бай­на. Өнгөрсөн оны арван­нэг­дүгээр сарын 26-нд аймгийн ИТХ-ын тогтоо­лоор аймгийн төвөөс 200 гаруй километрийн зайд орших Гурвантэс сумын Бая­сах баг орчим, мөн Ноён су­мын Толь хад, Ноён богд Саран хөндийн орчмын нийт 32 мянга орчим га газрыг орон нут­гийн тус­гай хамгаалалтад авчээ. 

Учир нь тус бүс нутагт байгалийн үзэсгэлэнт Толь хад зэрэг газар байдаг. Мөн түүнчлэн 2010 оны арванхоёрдугаар сарын 24-ний тогтоолоор Ханхонгор сумын нутагт орших Балгасан голын улаан нуур орчмын 10 мянган га газрыг тусгай хамгаалалтад авч байв. Гэтэл уг газруудад АНУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Пибоди Винс­вэй Ресорсез” болон “Саусгоби сэндс” компа­ни  хайгуулын болон ашиг­лалтын лиценз авсан байв. Тиймээс уул уур­хайн компаниуд аймгийн удирлагуудын шийдвэ­рийг хууль зөрчсөн гэж үзэн заргалдсаар байгаа юм байна.  “Пибоди Винс­вэй Ресорсез” компани 22 мянга орчим га газарт хайгуулын лиценз эзэм­шиж 2014 он хүртэл хай­гуу­лын үйл ажиллагаа эрхлэхээр гэрээ байгуул­сан аж. Харин “Саусгоби сэндс” компани тус нутагт хайгуулын хоёр, ашиг­лалтын нэг лицензийг 2041 он хүртэл эзэмшихээр гэрээлжээ. Тиймээс ли­ценз эзэмшдэг талбайг нь орон нутгийн тусгай хам­гаалалтад авсанд гомдол­лож шүүхэд хандсан гэнэ. Буруутгаж байгаа шалтгаан нь өөрсдөд нь мэдэгдээгүй, тохи­ролцоо­гүй гэжээ. Хэдийгээр ИТХ-ын тогтоол нь лиценз авснаас хойш гарсан ч уг газар нутгийг 2005 онд тусгай хамгаалалтад авсан байдаг гэнэ. Гэтэл тусгай хамгаа­лалтад авсан газар нутгийг 2007 оны үед тусгай хамгаалалтаас чө­лөөлснөөр гаднын компа­ниудад боломж олгосныг нутгийн удирдлагууд хэлж байсан юм.

 

“ТОЛЬ ХАД”-ЫГ ЕСӨН ГАЙХАМШГИЙН НЭГЭЭР ТОДРУУЛСАН

Эрт цагт нутгийн ноён ааштай эхнэрээ хаш­раахаар шийджээ. Тэгээд түшмэлийнхээ зааснаар Сэврэй хатнаа цөллөгт явуулсан байна. Нөхөртөө гомдсон Сэврэй хатан ууран­даа толио шидэж хагалсан нь  “Толь хад” хэмээх үзэсгэлэнт газрыг үүсгэсэн гэсэн домог бий.  Хатнаа санагалзсан ноён “Толь хад”-анд хатнаа тольддог байсан гэх яриа нутгийн хүмүүсийн ам дамжин яригдсаар иржээ. Тиймээс уг бүс нутгийг 2009 онд нутгийн удирд­лагууд байгалийн үзэсгэ­лэнт есөн гайхамшгийн нэгээр тодруулж, аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөж байж. Энэ сайхан газар нутгаа уул уурхайнхнаас аврахын тулд гаргасан шийдвэр нь өөрсдийг нь шүүхэд дуу­дагдахад хүргэсэнд нут­гийн удирдлагууд гайхаж байгаагаа илэрхийлж бай­сан юм. Учир нь тэд хоёр удаагийн шүүхэд ялагдаад одоо компаниудын зар­гаар дээд шүүхийн хаалга татахаар хүлээж байгаа. Дээрх хоёр компани ИТХ-ын тогтоолыг хүчингүй болгохыг хүсч байгаа гэнэ. Хэрэв хүчингүй болгохгүй бол хайгуулын ажил явуул­сан нөхөн төлбөрийг шаардана гэжээ. Өөрөөр хэлбэл, байгалийн үзэс­гэлэнт газраа ухуул, эсвэл мөнгө өг гэсэн шаард­лагыг тавьж, хуулийн зөв­лөх хөлслөөд заргалдсаар байгаа юм байна. Тухайл­бал,  “Пибоди Винсвэй Ресорсез” компань аль хэдийнэ 3.6 тэрбум төг­рөгийг нэхэмжилчихсэн. Харин аймгийн ИТХ-аас ажлын хэсэг гарч судалж үзээд нэг тэрбум гаруй төгрөг нэхэмжилж болно гэсэн дүгнэлтийг гарга­жээ. Уг дүгнэлтээ Ашигт малтмалын газарт хүргүүлсэн байна. Харин “Саусгоби сэндс” компани албан ёсоор нэхэмжлээгүй ч, 40 гаруй тэрбум төгрөгийн нөхөн олговрын асуудал ярина гэж нутгийн удирд­­лагуудыг дарам­талсаар байгаа гэнэ. Бай­галийн  хосгүй үзэсгэлэнт газраа орон нутаг нь хам­гаалах нь зүй ёсны хэрэг боловч, шүүхийн шийдвэр уул уурхайн компаниу­дын талд гараад байгаа нь  Ашигт малтмалын тухай хуулийн цоорхой гэж Өмнөговийнхон ярьсан юм. Уул уурхайн компа­ниуд хаана ч хамаагүй лиценз авчихаад, түүний­гээ булаацалдахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 14.4, 14.5, 14.6, 14.7 гэсэн заалтуудаар түрий барин нөхөн олговор шаардаж байна. Нэгэнт хуульд нь тусгай зөвшөөрөл эзэм­шигч­дэд нөхөн олговор олгоно гээд заачихсан учраас яах учраа олохгүй байгаагаа нутгийн удирд­лагууд учирласан юм. Олон жил хараа хяналтгүй, хамаа замбараагүй сул хаясан лицензийн асуудал өнөөдөр тус орон нутгийг тэрбум, тэрбумаар тоолог­дох өрөнд унагачихсан нь энэ.  Орон нутгийнхан байгалийн үзэсгэлэнт газ­раа унаган төрхөөр нь авч үлдэхийн тулд ямар ч бай­сан Дээд шүүхэд ханда­хаар зэхэж байгаагаа дуул­гасан. Шүү­хийн шийдвэр ком­паниудын талд гар­саар байгаа нь газар нутгаа авч үлдэхийн тө­лөөх тэмцэлд ялагдаж бай­гааг нь са­нуул­саар байгаад харам­саж байгаагаа Өм­нө­говь­чууд илэрхийллээ.

 

БАЛГАСАН ГОЛЫН НУУРЫГ “ЭТТ” КОМПАНИД АШИГЛУУЛ ГЭЖЭЭ

Зөвхөн “Толь хад” биш тус аймгийнханд уул уур­хайнхнаас харамлах олон зүйл байна. Өмнөговь айм­гийн Даланзадгад сумын иргэдийг цэвэр усаар хангадаг Балгасан голын улаан нуур бий. Үндэсний аюулгүй байд­лын зөвлөлийн хурлаар Балгасан голын улаан нуур орчмыг улсын тусгай хамгаалалтад авах сана­лыг гаргаж, УИХ-д өргөн барихаар зөвлөмж  хүргэ­сэн ч “Эрдэ­нэс таван тол­гой” ком­панид ашиглуул гэсэн шийд­вэрийг Засгийн газар гаргасан аж. Хэрэв энэ нуурыг уул уурхайн ком­пани ашиглаад ширгэ­чихвэл 500 сая жил хүртэл нөхөн төлжихгүй гэсэн судалгаа байдаг аж. Энэ мэт тус нутгийнханд да­рамт их байгааг аймгийн удирдлагууд учирлаж сууна. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн 40 орчим хувь нь ашигт малтмалын лицензтэй. 600 орчим хай­гуулын лиценз сүүлийн жилүүдэд 310 болтлоо буурч чадсан нь  ард иргэдийнх нь идэвхтэй тэмцлийн дүн гэв. Гэвч говь нутгийн цаг уурын нөхцөл улам хэцүүдэж, байгалийн тэнцвэр ал­дагдан, эрчим­тэй цөлж­сөөр байна. Энэ бүс нутагт 600 гаруй булаг шандаас 70 гаруй хувь нь ширгэсэн гэсэн судалгаа гарчээ.  Гэвч уул уурхайн ком­паниуд бууж өгөх шинж­гүй. Байгалийн үзэсгэлэнт газруудыг нь булаацалдсаар байна.

Б.ЭНХЗАЯА

Check Also

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 384 АЖИЛТАН ШИНЭ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Энэ сарын 22-нд орон сууцны “Уурхайчин-1” хорооллыг Эрдэнэт үйлдвэр ашиглалтад хүлээн авсан. Үйлдвэрийн газрын ажилтнуудад …

One comment

  1. балгасны улаөан нуурын усыг ашиглах эрх олгосон тухай гэрээг хаанаас олж авах вэ?

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »