И.Наянтай: Монгол нүүрсийг дэлхийд таниулсан компани бол “Чинхуа-МАК-Нарийн сухайт”

2013-03-25NAYAMTAI“Хөхөлзөхийн говьд уул уурхайхан зүгээр суугаагүй, хэр чадлаараа бүтээн байгуулалт хийж байгаа нь нүднээ ил харагдаж буй. Гурван тэс сумын нутагт гэхэд л дэд бүтцийг бий болгох гээд зүтгэж явна “хэмээн хийсэн ажлаараа бахархан суугаа эрхэм бол Монгол-хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “Чинхуа – МАК – Нарийнсухайт” ХХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал И.Наянтай. Гав шав хийсэн хөдөлгөөнтэй, маш түргэн сэтгэдэг болов уу гэмээр харагдах  энэ эрхэм ажлаа мэддэг хүний зангаар шууд л үйлдвэрлэлийнхээ талаар ярьж гарсан. Үнэндээ түүнд асуулт тавих шаардлага ч гараагүй.

”Чинхуа-МАК Нарийн сухайт” компани нь “Монголын Алт” компани, ӨМӨЗО-ны Чинхуа группийн  50:50 хувийн хөрөнгө оруулалттайгаар 2003 онд байгуулагдан  үйл ажиллагаагаа явуулж, Өмнөговь аймгийн баруун бүсийн хөгжилд цаашлаад хоёр улсын   эдийн засгийн харилцаанд тодорхой хувь нэмэр оруулахыг үндсэн зорилгоо болгон ажиллаж байна.  Тус компани нь  Монгол Улсын Засгийн газартай 2005 онд Тогтвортой байдлын гэрээ байгуулан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж,  БНХАУ-аас 90 гаруй км урт 35/10 квт-ын өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станцын барилга байгууламжийг өөрийн хүч хөрөнгөөр барьж 2006 онд ашиглалтад оруулсан бол, Шивээхүрэнгийн хилийн боомтоос – Нарийн сухайтын чиглэлийн 55.02км хатуу хучилттай замыг барьж байгуулан 2010 онд ашиглалтад тус тус  орууллаа. Тогтвортой байдлын гэрээ байгуулснаас хойш 45.0 сая ам долларын хөрөнгө оруулалт хийсэн ба татвар, төлбөр, хураамжийн хэлбэрээр 70.0 тэрбум төгрөгийн орлогыг улс, аймаг, орон нутгийн төсөвт оруулаад байна. Мөн энэ хугацаанд орон нутгийн төсөвт байгууллагууд болон орлого багатай айл өрх, иргэдэд 1.4 тэрбум төгрөгийн хандив тусламж үзүүлж ирлээ.
Өмнөговь аймгийн Гурвантэс сум, Хилийн цэргийн 0166 анги, Шивээхүрэн боомт, МАК, SGS зэрэг аж ахуй нэгжүүдийг  эрчим хүчээр найдвартайгаар хангаж ирснийг энд дурдахад таатай  байна.  Энэхүү  дэд станцыг барьж байгуулснаар   Гурван тэс сумын ард иргэдийн амьдралд  дэвшил гарч, Нарийн сухайтын орд орчимд үйл ажиллагаа явуулж байгаа МАК, SGS, NIC, Шунхлай зэрэг манай томоохон үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийн хөгжил, шинэчлэлд нэлээд түлхэц  өгч байгаа нь дамжиггүй. Үүний үр дүнд үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа өргөжиж,  үйлдвэрлэлийн хүчин чадал нь нэмэгдэж, тэр хэмжээгээр орчин үеийн техник технологийг Нарийн сухайтын үйлдвэрлэлдээ  нэвтрүүлж  буй. Үүний бодит жишээ нь: МАК, SGS болон манай компанийн  ашиглаж байгаа  уулын тоног төхөөрөмжүүд, БЛАСТ” ХХК-ийн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн   АНУ-ын тэсрэх бодис үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг нэрлэж болно.   Бид 2010 онд 35/10квт-ын дэд станцаас  Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй сумыг цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбосон. Эдгээр бүтээн байгуулалтын ажил маань ард иргэдийн амьдрал мэдэгдэхүйц өөрчлөлт оруулж байгааг харахад бахархалтай байдаг.

-10 жилийн хугацаанд хэчнээн тонн нүүрс экспортлосон бэ?
-5459А ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн нөөцийг анх  1991 онд Дашхорол нарын геологичид  7.2 сая тонн гэж тогтоогоод Геологи Шинжлэх Ухааны төвөөр батлуулсан. Энэ нөөц 2010 онд  багассан тул  бид өөрсдөө  2008-2010 онд  ашиглалтын үеийн гүйцээх хайгуул ажлыг хийгээд түрүүчийн ярьсан 28 сая тонн нүүрсний нөөцийг  нэмэгдүүлэн батлуулаад байна.  Өнөөдрийн байдлаар нийтдээ 13 орчим сая тонн нүүрс олборлож, 12.8 сая тонныг нь экспортод гаргалаа.

2013-03-25801-Монгол Улсын байгалийн баялаг эдийн засгийн эргэлтэд орох нь тодорхой болсон. Үүний дотор нүүрс давамгайлж байна. Гэхдээ хууль, эрх зүйн орчин тогтвортой  биш байгаагаас янз бүрийн асуудал үүссээр ирсэн. Өнгөрсөн жил гэхэд    нүүрсний оргил үеийг бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй. Хамтарсан компани ч ийм бэрхшээлтэй тулгасан байх?  
-Хөхөлзөхийн говьд Монгол улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “МАК”, Канадын хөрөнгө оруулалттай  “SGS” ХХК , манайх гээд  гурван том аж ахуйн нэгж  үйл ажиллагаагаа явуулж байна.  Энэ гурван компани  орон нутагт зориулж буй  хөрөнгө оруулалт, улсад төлж буй  татвар хураамж, олборлолтынхоо хэмжээгээр улсдаа  эхний аравт багтдаг.  Бид   өнөөдөр ямар нэг байдлаар 100 юм уу, сая тонн нүүрс олборлон түүнийгээ экспортод гаргачихаад  нүүгээд явчихгүй.   Хөхөлзөхийн говьд  уул уурхайнхан зүгээр суугаагүй, хэр чадлаараа бүтээн байгуулалт хийж байгаа нь нүднээ ил харагдаж буй. Гурван тэс сумын нутагт гэхэд л дэд бүтцийг бий болгохын төлөө хичээн ажиллаж байна.   Яг одоо гэхэд  л   байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлээд байгаа тоосжилтын асуудлыг шийдэхийн төлөө дээр дурдсан гурван компани тус бүртээ үүрэг хүлээсэн.  Хүнд даацын тээврийн хэрэгсэлд зориулсан тусгай зориулалтын замыг “SGS” компани  барьж байгаа  шүү дээ.  Манайх 55.02 км-ын хатуу хучилттай зам барьж ашиглалтад оруулсан.   Ажил хийж байгаа хүн алдаа гаргадаг. Үйлдвэрлэл бол үүнтэй адил боловч бид аль болох алдаа гаргахгүй байхын төлөө хичээдэг.  Бид харилцан бие биеэ хүндлэж, бас итгэлцэж ажиллаж чадвал төрийн байгууллагуудын зүгээс тавьсан асуудал ч шийдэгдэж, тэр хэрээр  бидний ажил  ч тогтвортой явах юм  шиг санагддаг. Түүнээс  бидний ажлыг  зогсоож, хааж боосноор  асуудал  улам сайнаар  шийдэгдэх нь  юу л бол.

-Тэгэхээр та бүхэн энэ байдлыг шийдэх гарцыг олоод харчихсан, магадгүй шийдвэр гаргах түвшний  хүмүүст санал бодлоо хэлсэн байлгүй.   Ашигт малтмалын тухай хуульд шинэчилсэн найруулага хийх хуулийн төсөлд дээр таны хөндөж буй асуудлыг хэрхэн тусгав?
-Ерөнхийдөө хувийн хэвшлүүд аль болох төрийн хүч хүрэхгүй, амжихгүй ажлыг нь хийгээд явж байна. Бидний ажил амжилттай урагшилж гэмээнэ  төрийн албан хаагчид цалингаа цаг тухайд нь авч, тохь тухтай нөхцөлд ажлаа хийнэ шүү дээ. Төрийн үүрэг бол  өндөр хяналт, соёлтой үйлчилгээ. Тийм учраас төрийнхөн хувийн хэвшлийн хурдыг  дагаад дотоод системээ аль болох боловсронгуй болгох ёстой.

-Эко талаас ямар бодлого баримталж байна?
-Манайх карьертаа сухай гэдэг ургамлыг тарьж, 20 гаруй мянган ширхэгийг үрслүүлсэн.   Карьерийн хойд талаас ус шүүрдэг, намгархаг, наранд  ээвэр газар л даа. 2005-2008 онд    таван  га газарт мод үржүүлгийн талбай байгуулсан. Ирэх жил нэмж  гурван  га газарт  мод  тарина. Сухай нь нэгдүгээрт нутгийн ургамал, хоёрдугаарт элсний нүүдлээр тэжээгдэж ургадаг юм билээ. Нутгийнхан ч ажил үйлс бүтэхгүй үедээ энэ модоор ороолговол   барцад   арилдаг  гэж ярьдаг.   Мод тарихаас илүүтэй  түүнийг ургуулах нь  хамгаас чухал. Тиймээс бид хоёр жилийн зайтай жилд 5-10 мянган ширхэг сухай тарьж байна. Говийн бүсэд зүлэг ногоо тарих боломжгүй. Тиймээс нөхцөл байдалд нь тааруулж нөхөн сэргээлтээ хийж байгаа.  Энэ зунжингаа бороотой байхад ногоорсон газар маш бага. Улиасны хувьд ургах чадвар муу. Тиймээс олон мод туршиж үзэж байхаар элсэнд  тэсвэртэй, ургах чадвар сайтай үндсэн хоёр мод нь тэр.

-Танайх усаа хаанаас яаж авч хэрэглэж байна?
-Уул уурхай хөгжсөнөөр  усны нөөц жилээс жилд багасч байна гэж эрдэмтэд хэлж буй.  Тийм биш. Би Сүхбаатар аймгийн Дарьганга сумынх. Өнөөдөр манай Ганга нуур ширгэх гэж байна. Тэнд нэг ч уурхай байхгүй. Яахав, уул уурхайн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр усны судалд  нөлөөлдөг л байх. Гэхдээ үндсэндээ байгалийн дулаарал, цаг уурын байдал  гол горхи, нуур цөөрмийн  ширгэх шалтгаан болж байгаа юм. Бид гүнээс татсан   усаа хоол хүнсэндээ хэрэглэхээс гадна  мод үржүүлэг, ойр орчмын тоосжилтыг бууруулах, мөн тунасан цэвэр усыг орон нутгийн иргэдийн мал ахуйд  ашигладаг.
Ерөнхийдөө сүүлийн гурван жил усны нөөц нэлээд багасч байгаа шүү.  Гүнийн усны  нөөцийг  гидрогеологийн судалгаагаар тогтооход  усны ундарга нь  багассан гэх дүгнэлт гарсан. Энэ хэмжээгээр усны асуудал  яригдах л  байх.

2013-03-25802-Ундны ус хувьд?
-Ундны усны хувьд цэвэршүүлэх тоног төхөөрөмж  бий. Бохир усыг 98 хувь цэвэрлээд цааш нь хөрсөнд шингээж байна.

-Ямар технологи хэрэглэж байна  вэ?
-Манай уурхайд  TEREX, CAT, HITACHI гэх мэт үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Яг тоног төхөөрөмжийнхөө хүчин чадлаар ажиллах юм бол түрүүчийн хэлсэн 28 сая тонн нүүрсийг  жилд  таван сая тонноор олборлох юм бол хэдэн жил шаардагдахыг  гуравдугаар ангийн хүүхэд ч хэлээд өгнө. Тэгвэл бид  жилд  хоёр саяар  олборлож, 10 жил  ашиглахаар  тооцоолсон.  Өнөөдөр 180 хүний 16 баг ажиллаж байна.  Ашигт малтмалын тухай хуулийн дагуу  гадаад ажиллагсадын тоон харьцаа 10/90.

-Гурван тэс сумынхантай уулзаж байхад  SGS компани 100 гаруй ажилтнаа халсан. Энэ нь  сум орон нутаг тухайн компаниутай гэрээ байгуулаагүйн алдаа   гэж ярьж байсан.  Танайд орон нутгийн хичнээн иргэн ажиллаж байна. Хамтарсан компаниудын сул тал энэ байх шиг байна?  
-Өнөөдөр дэлхийн зах зээл хямралтай байна. Энэ хямрал Хятадын зах зээлд нөлөөлчихсөн. Ерөнхийдөө борлуулалт долдугаар сараас хойш саарчихлаа. Гэвч энэ бүхэн бидэнд тийм ч их нөлөөлөөгүй.  Өнөөдөр   манай  компанид  анх ажилд орохдоо гэртэй байсан нь  одоо байшинтай, байшинтай нь  түүнийгээ хаус болгосон тухай  ярьж байгааг сонсоход сайхан санагддаг.  Тэр хүний энэ компанид ажилласан ач тус нь буцаад гэр бүлд нь гарч байгаа юм.  Нөгөөтэйгүүр,  манай компаний гол онцлог бол монгол, хятадын цагаан сарын аль алинаар нь 15 хоног амардаг. Энэ жил цагаан сар  хоёрдугаар сарын 7-9 нд  болно.  Бусад тохиролдолд ямар нэгэн байдлаар, цалин хасах, сул зогсох асуудал  гарахгүй.

-Нүүрсний салбарын 90 жилийн ой болж байна.  “Чинхуа- МАК- Нарийн сухайт” ХХК өөрийн ямар түүхийг бичиж үлдээв?
-Монголд уул уурхайн салбар хөгжөөд 90 жил болсон хэдий ч  уул уурхай өндөр хөгжсөн Канад, Австралийн компани Монголд үйл ажиллагаа явуулснаар  бид их зүйлийг  сурсан. Ялангуяа сүүлийн таван жил уул уурхайн соёл, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйд онцгой анхаардаг болсон. Түүнээс  өмнө тодорхой хэмжээний ашиг олоход түүнийг хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйд зарцуулах нь зарцуулдаг ч одоогийнх шиг  хэмжээнд зарцуулах боломж муу,  тийм сэтгэлгээ, соёл ч тааруу байсан. Гэтэл гадны хөрөнгө оруулалт  орж ирснээр энэ соёлыг бий болгосон. Та нар ашгийнхаа тодорхой хувийг уурхайдаа зарцуулж байж аюулгүй, амжилттай ажиллана гэдгийг  монголчуудад ойлгуулсан. “Чинхуа-МАК- Нарийн сухайт” ХХК  бол Монголын нүүрсийг Хятадын зах зээлд таниулахад анхдагч нь байсан.  Хоёр улсын хамтарсан компани байгуулагдахад эндэхийн  ТҮЦ-үүдэд хамгийн элбэг бараа лаа байсан. Тэр үед  “Чинхуа- МАК- Нарийн сухайт” ХХК  Гурван тэсийнхэнд   Хөхөлзөхийн говьд засмал зам  тавьж,  өндөр хүчдэл оруулж өгнө.  Шаардагдах хөрөнгийг  өөрсдөө 100 хувь гаргана гэж  амалж байлаа. Төлөвлөсөн, амласан ажлаа богино хугацаанд бодитой  хэрэгжүүлсэн компани бол “Чинхуа- МАК – Нарийн сухайт” ХХК.  Манай хамт олон Монголын нүүрсийг экспортод гаргаж, дэлхийн зах зээлд таниулсан гэдгээрээ  ямагт бахархдаг.  “Чинхуа- МАК –Нарийн  сухайт”-аас өөр 2003 онд нүүрс экспортолж байсан компани байхгүй. Дээр нь Монголын ард түмэнд бодит хөрөнгө оруулалт хийсэн. Гурван тэс суманд тэр үед лаа хамгийн эрэлттэй бараа байсан бол өнөөдөр таван минут  цахилгаан  таслахад биднийг  загнадаг.  Гэртэй байсан айлууд гурван давхар байшинтай болж байна. Land 100, 80 унахгүй бол машингүйд тооцогддог  болж.  Энэ бол “Чинхуа- МАК-Нарийн сухайт”  компаний хамт олон эхлэлийг нь тавьж  бидний  замаар  олон компани явж, уурхайг хөгжүүлсэний ач.  Одоо манай МАК гэхэд л цахилгаан өрөм, эксковатор оруулаад ирчихсэн.  Энэ бүхэн буцаад байгаль орчиндоо ээлтэй байгаа юм.

2013-03-25803-Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Монгол Улсад уул уурхайн салбар үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн  ойн  мэндийг нийт уурхайчдаа болон тэдний гэр бүлийнхэнд дэвшүүлэхийн хамт амьдралд  нь    аз жаргал, ажилд нь  хамгийн сайн сайхан бүхнийг Хамт олныхоо өмнөөс  болон хувийн зүгээс хүсэн ерөөе.

One comment

  1. чинхуа мак нарийн сухайт tanai mail haeg yu ve? Please reply

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Scroll To Top