“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР ТҮҮХИЙН ҮНЭ ЦЭНЭ

       Тэртээх 42 жилийн өмнөх  яг энэ өдөр эх  орныг минь нойрноос нь сэрээж, үндэстэн Монголыг доргиосон томоохон  үйл явдал тохиосон билээ. Энэ нь уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орж, анхны баяжмалаа үйлдвэрлэн гаргасан түүхэн мөч байв. Монгол, Зөвлөлтийн Засгийн газар хоорондын комисс жилд 4 сая тонн хүдэр олборлож боловсруулах хүчин чадал бүхий Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлжийг хүлээн авах тухай баримт бичигт гарын үсэг зурснаар хайгуулчид, зураг төсөл зохиогчид, барилгачид, угсрагчид сэтгэл, оюун, хүч хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж, баярын нулимстай зогссон гэдэг. Тухайн үеийн Монголын Төр засгийн тэргүүн Ю.Цэдэнбал, Зөвлөлт улсын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга И.В Архипов нар үйлдвэрийн автомат залгуурын товчийг дарснаар, Эрдэнэт үйлдвэрийн “цагийн хүрд” эргэж эхлэв. Монгол улсад өнгөт төмөрлөгийн анхны үйлдвэр өндөр үүдээ ийнхүү нээсэн юм.

1960-1970 онд Монгол Улсад хүнс хөдөө аж ахуйн салбар голлож байсан боловч тэр нь экспортын эх үүсвэр болж чадахгүй байж. Эрдэнэтийн овооны зэс молибдены орд газрын хүдрийн нөөц нэгэнт тогтоогдсон нөхцөлд  түүнийг ашиглаж улс орны үндэсний баялгийг арвижуулах, экспортын нөөцийг үлэмж нэмэгдүүлэх шаардлага тулгарч. Манай улс үүнийг дангаараа хийх эдийн засгийн боломж хомс. Тийм болохоор хэнтэй хамтарч, хаанаас  хөрөнгө оруулах тухай олон асуудалд ээрэгдсэн манай төр засаг Зөвлөлт улстай хамтарч ажиллавал богино хугацаанд уг орд газрыг ашиглах боломжтой гэж үзэж, ийм  бодлого барьж байв. Манай төр засгийн  удирдлагууд Зөвлөлтийн талд олон удаа  захидал хүсэлт илгээж,  олон талт уулзалт хийж, ажлын айлчлалын гол сэдэв  болгох  зэргээр  ихээхэн идэвх чармайлт гаргажээ.

1973 оны 2-р сард болсон Монгол Зөвлөлтийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр Эрдэнэтийн овооны зэс-молибдены орд газрыг ашиглахад хамтран ажиллах тухай Хэлэлцээр байгуулав. Уг хэлэлцээрт геологи, төсөл хайгуулын ажил болон Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлжийн барилга байгууламж, бусад бүтээн байгуулалтыг Зөвлөлтийн  барилгын байгууллагын хүчээр  гүйцэтгэхээр заажээ.  Эрдэнэт үйлдвэрийг урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр үйлдвэрийн ашгаас эргэн төлөх, түлхүүр гардуулах нөхцөлөөр барьж ашиглалтад оруулсан нь ЗХУ-аас манай улсад үзүүлсэн эдийн засгийн томоохон тусламж байсан юм.

Бүтээн байгуулалт амжилттай өрнөж, тавхан жилийн дотор  Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, цагт 450 тонн уур гаргах чадалтай уурын зуух, 170 км төмөр зам, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах 407 км шугам, ус дамжуулах 59 км хоолой болон бусад аж үйлдвэр, туслах чанарын объектууд, барилга үйлдвэрлэлийн бааз, түүнчлэн 15 мянган оршин суугч бүхий хотыг багтаасан Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлжийг  ашиглалтад оруулсан байдаг.  

 Эрдэнэт үйлдвэрийн зураг төсөл, бүх шийдэл нь  шинжлэх ухаан техник технологийн ололтыг тусгасан бөгөөд энэхүү бүтээн байгуулалтыг Монгол-Оросын барилгачид богино хугацаанд чанартай гүйцэтгэсэн юм.  Үүнтэй зэрэгцүүлэн  ажилчдын орон сууц, нийгэм, соёл, ахуйн асуудлыг цогцоор нь шийдэж, орчин үеийн хотыг бий болгосоноороо онцгой ач холбогдолтой юм. Иймээс ч Монгол Улс хорьдугаар зууны манлай бүтээн байгуулалтаараа “Эрдэнэт”-ийг  тодруулсан юм.

Эрдэнэт үйлдвэр шангаа татсан цагаасаа л эх орны эдийн засгийн тулах хүч, хүчирхэг багана  болсоор ирсэн. Энд цөөн хэдэн тоон баримт дурдья. Эрдэнэт үйлдвэр байгуулагдсанаар Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжил түргэсч, улс ардын аж ахуйд түүний эзлэх байр суурь өсчээ. Улсын нийгмийн нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн 1970 онд 35,9, 1980 онд 42,5, 1985 онд 46,3, 1993 онд 52,3 хувийг эзэлж байжээ. Манай улсын хамгийн том үйлдвэр болох “Эрдэнэт”  1995 онд  аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 56,3 хувийг  дангаараа үйлдвэрлэжээ. Эрдэнэт үйлдвэр 1980 онд Монголын экспортын тавны нэгийг,  1988 онд гуравны нэгийг гаргажээ.

Эрдэнэт үйлдвэр 1990-ээд оны эхний жилүүдэд  манай улсын гадаад худалдааны эргэлтийн 70 орчим хувийг дангаараа дааж иржээ. Үүнийг нотолж, Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1993 оны 2-р сард Эрдэнэт хотын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ хэлсэн үгэндээ: “Улс орон нийгэм-эдийн засгийн хүнд хямралтай байгаа өнөө үед уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр улсын гадаад худалдаанд чухал байр эзэлж байна.Үнэхээр Эрдэнэт Монголын экспортыг нуруун дээрээ тээж яваа ганц үйлдвэр юм” гэжээ.

Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газар болж, удирдлага зохион байгуулалтын оновчтой  бодлого хэрэгжүүлж,  үйлдвэрлэлийн хэмжээгээ өсгөн нэмэгдүүлж, өртөг зардлыг бууруулснаар борлуулалтын болон  төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ үлэмж их нэмэгдлээ. Тухайлбал 2020 онд нэг их наяд гаруй төгрөг төвлөрүүлэх боломж бүрдсэн нь 2016 оныхоос даруй 8 дахин өсчээ.

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд  сүүлийн жилүүдэд хайгуулын ажилдаа багагүй хөрөнгө зарцуулснаар үйлдвэрийнхээ насжилтыг уртасгаж, жарнаар тооцохоор болж байна. Түүнчлэн техник технологийн шинэчлэлийг үе шаттай хийж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэ бол үйлдвэрийнхээ  алс хэтийг харсан бодлого юмаа.   

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, яруу найрагч агсан Б.Лхагвасүрэн 30 шахам жилийн өмнө  “Эрдэнэт бол Монголчуудад заяасан том өгөөж, өмч юм. Эх газраа ээж гэвэл Эрдэнэт уул их сүүтэй мөөм гэж боддог” хэмээсэн. Тиймээ. Өгөөж ихтэй   бор уулын минь буянг хүртээгүй Монгол хүн үгүй л болов уу. Ойрхны  жишээ дурьдсу. Өчигдөрхөн  Монгол улсын Засгийн газрын тэргүүн цар тахлын үед иргэдийнхээ сэтгэлийг гэрэлтүүлсэн  шийдвэр гаргалаа. Дэлхий дахинд нүүрлээд буйд цар тахлын аюулыг даван туулах,  иргэдийнхээ амжиргааг дэмжихээр энэ оны 12-р сарын 1-нээс 2021 оны 7-р сарын 1 хүртэл айл бүрийн цахилгаан, дулаан, хог, усны төлбөрийг тэглэсэн. Монгол Улс иргэддээ  түүхэндээ анх удаа  ийм том дэмжлэг үзүүлж байгаа аж. Үүнд  шаардлагатай 650 тэрбум төгрөгийг “Эрдэнэт” ТӨҮГ-ын уурхайчид бэлэглэсэн юм. “Эрдэнэт”-ийн уурхайчдын хөдөлмөрийн үр шим    Монгол айл  бүрт буяны  үр болон  түглээ.  

Я.Энхтуяа

Check Also

МАРКШЕЙДЕР АЖИЛД АВНА

Mark Agnor / Shutterstock Хаана: Өмнөговь аймаг Гурвантэс сум Баян-ундарга уурхай 20/10 ээлжээр байрлан ажиллана …

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »